Библид “Хүн юу тарьснаа л хураана” гэсэн үг байдаг (Гал 6:7-9). Шош таривал шош ургаж, улаан буурцаг таривал улаан буурцаг ургана. Үүн шиг бидний тарьсан бүхэн, сайн мэдээний төлөө үйлдсэн бүхэн цаг нь болохоор илэрч, үр жимсээ өгөх болно.
Тариачин талбайгаа хагалж, үр суулгах ажилд чин сэтгэлээ зориулж байж л үр сайн ургана. Хөрс нь хатуу, бордох ч үгүй, зэрлэг өвсийг нь ч зулгаагаагүй талбайд үр жимс ургахгүй, ургалаа ч бат бөх биш байдаг. Хичээнгүй тариачин хөрсөө сайтар хагалж, үр бүрийг хэт хол ч биш, хэт ойрхон ч биш, яг тохиромжтой зайд сэтгэл гарган суулгадаг. Чин сэтгэлээр хүчин чармайлт гаргадаг тариачин цэвэр буудай хураадаг бол чин сэтгэл гаргаагүй тариачин хоосон хальс хураахыг олонтоо харсан. Сүнслэг тариачид бид сайн үр жимс хураахыг хүсвэл Бурханы үгийг тарьж суулгахад сэтгэл оюунаа зориулах ёстой. Сайн мэдээг чин сэтгэлээр тарьж суулгацгаая. Хэр их сэтгэл гаргаснаас хамаарч үр жимс ч их гарч, мөн бат бөх байх юм.
Бурхан бидэнд Алгасал баярыг авчирч, гамшгаас аврагдах ерөөл, мөнх амийг өгсөн. Гамшгийн үед Алгасал баяр зайлшгүй шаардлагатай. Бурханы үгэнд “Та нар баруун зүгээс үүл гарахыг хараад “Бороо орох нь” гэдэг. Энэ ч тийм л байдаг. Та нар өмнө зүгээс салхи салхилахыг хараад “Халуун өдөр болох нь” гэдэг. Энэ нь ч бас тийм л байдаг” гэж бий (Лук 12:54-57). Тариачин цаг агаарыг ажиглаж, баруун зүгээс үүл гарахад үр тариагаа оруулж, өмнө зүгээс салхи салхилахад гаргадаг. Бид гамшиг тохиолдож байгааг хараад ямар цаг үе болохыг мэдэж, Алгасал баярыг хурдан тунхаглаад, хүмүүсийг Сион руу хөтлөх ёстой. Энэ дэлхий дээр өөр хоргодох газар байхгүй учраас одоо “Сион руу зугт. Алгасал баярын тамга авсан хүмүүст хор хөнөөл учрахгүй” гэсэн мэдээг хэлж өгвөл сонсох хүмүүс маш их баярлах болно (Иер 4:5-6, Илч 9:4). Үгийг газарт булалгүй, харин цаг үед нь тохируулан ашиглах хэрэгтэй. Хожим харамсах юм үлдээлгүй таньж мэддэг хүмүүстээ, энд тэнд тааралддаг хүмүүстээ ч Сионд ирж, Алгасал баярын тамга хүлээн аваарай гэж тунхаглацгаая.
Хайр бол хамгийн агуу нь гэж Эцэг бидэнд хэлсэн. Тиймээс ах эгч дүү нараа хайраар Бурханы энгэрт хөтөлцгөөе. Саяхан баптисм хүртсэн гэр бүлүүд дэлхий ертөнц хатуу ширүүн, бэрхшээлээр дүүрэн ч зөвхөн Сионд л халуун дулаан уур амьсгалтай гэж ярьдаг. Үнэн үнэ цэнэтэй ч гэлээ энэ халуун дулаан байдал сүм рүү ирмээр санагдуулдаг гэдэг. Энэ дэлхий дээрх амьдрал амаргүй, өөрт нь санаа тавьдаг хүн байхгүй ч харин Сионд ирвэл халуун дулаан ганц үгэнд тайтгарч, эелдгээр мэндлэхэд нь эрч хүчтэй болдог гэцгээдэг. Бидний Эцэг бол хайр. Хайр өөрөө халуун дулаан шүү дээ. Бусадтай мэндлэхдээ ч эелдэг байж, ганц үг хэлэхдээ ч зөөлөн үг хэлдэг байя. Нэг сүнс амьдрах уу, үхэх үү гэдэг нь бидний хандлагаас хамаарна.
Эцэг сайн мэдээний үйлчлэгчдийг сонгохдоо эхлээд итгэлийг нь, дараа нь тэдний бусдад хэрхэн ханддагийг нь хардаг байсан. Хэрэв бидэнд үнэн байгаа бол гаднах төрхөөрөө ч бусдын сэтгэлийг уяраах ёстой. Үнэнийг дотроо нуучихаад гаднаа хөшүүн, гэр бүл ирэхийг харсан ч хараагүй мэт байж болохгүй. Бусдад илүү халуун дулаан хандаж, үхэж буй олон сүнсийг Бурхан руу хөтөлцгөөе. Тариачин арвин ургац хураахын тулд ургацаа хайрлах ёстой. Тарьснаа хураана гэдэг нь өөрөө үйлдсэнийхээ дагуу л хураана гэсэн үг юм. Хэцүү үедээ бид бүр ч илүү хайрын төрхөө харуулах хэрэгтэй. Бухимдаж байна гээд уур хилэн тарих ёсгүй. Үүний оронд тэвчээртэй байж, эхнээс нь л хайрыг тарьцгаая. Тэгвэл бидэнд санаа зовох шалтгаан байхгүй болно. Бид хайрыг таривал хайрын үр жимс ургана, хэрэв өөр зүйл таривал тэр тарьсан зүйлээ л хурааж авна. Хайрыг их тарьж суулгаад хайрын үр жимс их гаргацгаая.
Сайн мэдээний үүрэгтээ идэвхтэй оролцсонд баярлалаа. Хэцүү, бэрхшээл тулгарсан үед Эцэгтээ чин сэтгэлээсээ залбирцгаая. Залбирвал хариулна гэж амласан тул Эцэгтээ чин сэтгэлээсээ залбираад хийвэл ажил хөнгөрдөг. Сионы бүх хүүхдүүд хайраар арвин их үр жимс ургуулж, тэнгэрийн оронд очоод Эцэгээсээ олон шагнал авч, магтаал их хүртээрэй.