Эх Бурханыг анх сонсож буй хүмүүсийн
асуултанд хариулах Библийн хариулт.
“Елохим” гэдэг нь “Бурхад” гэсэн утгатай еврей хэлний олон тооны нэр үг бөгөөд Эцэг Бурхан, Эх Бурханыг илэрхийлдэг юм. Еврей хэл дээрх хуучин гэрээний Библид Бурханыг ихэвчлэн “Елохим” гэж бичсэн байдаг. “Бурхан”-ыг “Ел” эсвэл “Елоах” гэсэн ганц тоогоор илэрхийлэхийн оронд “Елоах”-ын олон тооны хэлбэр “Елохим” гэдэг үгийг 2500 орчим удаа хэрэглэсэн байдаг. Энэ нь зөвхөн Эцэг Бурхан ганцаараа биш гэдгийг илтгэж байна. Тиймдээ ч Бурхан Өөрийгөө “Бид” гэсэн олон тооны үгээр илэрхийлжээ (Эхл 1:26).
Эх Бурхан бол Эцэг Бурхантай хамт түмэн бодисыг бүтээсэн Бүтээгч Бурхан бөгөөд хүн төрөлхтний Аврагч юм. Эхлэл номд зургаан өдрийн турш бүх зүйлийг бүтээсэн Бурханыг “Бид” гэж олон тоогоор тэмдэглэжээ (Эхл 1:26). Түүнчлэн Бурхан Бабел цамхаг барих ажлыг зогсоохдоо ч, үе тус бүрд эш үзүүлэгч илгээхдээ ч “Бид бууцгааж”, “Хэн Бидний төлөө явах вэ?” гэж айлдсан байдаг (Эхл 11:7-8, Иса 6:8). Энэ нь “Бид” буюу Эцэг Бурхан, Эх Бурхан хамтдаа бүтээлийн ажлаа хийж, эдүгээ авралын үйл хэргийг ч хамтдаа гүйцэтгэж байгаагийн нотолгоо юм.
Сүнсний Эцэг төдийгүй сүнсний Эх байдгийг Библи гэрчилдэг (Мат 6:9, Гал 4:26). Өөрөөр хэлбэл Эх Бурхан оршдог гэсэн үг юм. Үүнийг Мосегийн бичсэн Эхлэл номд ч тодорхой илчилсэн байдаг. Бурхан хүнийг бүтээхдээ “Бид” гэсэн Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүн бүтээжээ (Эхл 1:26-27). Өөрөөр хэлбэл эрэгтэй дүр төрхийн Эцэг Бурхан, эмэгтэй дүр төрхийн Эх Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн юм. Библид ийнхүү Эцэг Бурханаас гадна Эх Бурхан оршдгийг гэрчилдэг.
Эх Бурханд итгэдэг сүм нь Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (товч нэр: Бурханы сүм) юм. Ертөнцөд тоймгүй олон сүм бий ч хүн төрөлхтнийг бүтээж, амийн ус соёрхох Эх Бурханд итгэдэг цорын ганц сүм бол Бурханы сүм юм (Эхл 1:26-27, Илч 22:17). Ан Сан Хун Христийн 1964 онд үүсгэн байгуулсан Бурханы сүм нь Библийн сургаал дагуу Эцэг Бурхан, Эх Бурханд итгэдэг. Түүнчлэн 2000 жилийн тэртээ Есүс Христийн тогтоосон Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг шинэ гэрээний үнэнийг уламжлан сахидаг юм.
Библид Эцэг Бурханаас гадна Эх Бурхан ч гардаг. Бурхан хүнийг бүтээхдээ “Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адил хүнийг буй болгоё” гэж айлдсан байдаг (Эхл 1:26). Ганц Эцэг Бурхан л байсан бол “Би Өөрийнхөө дүр төрхийн дагуу Өөртэйгөө адилхан хүнийг буй болгоё” гэх ёстой байсан. Гэтэл “Бид” гэсэн болохоор зөвхөн Эцэг Бурхан л оршдог биш гэдгийг тодорхой харуулж байна.
Яагаад “Бид” хэмээн айлдсан юм бол? Дараагийн ишлэлийг нь харахад Бурханы дүр төрхөөр хүн бүтээтэл эрэгтэй, эмэгтэй хүн бүтээгджээ (Эхл 1:27). Энэ нь Бурхан эрэгтэй болон эмэгтэй дүр төрхөөр оршдог гэсэн утгатай. Нэг үгээр хэлэхэд Эцэг Бурхан, Эх Бурхан хүнийг хамтдаа бүтээсэн юм.
Бурханыг “Эцэг” гэж дуудаж байгаа нь бид Бурханы хүүхдүүд гэдгийг, мөн Эх Бурханы оршихуйг илтгэж байгаа хэрэг.
Үгийнх нь утгын хувьд авч үзэх юм бол эцэг гэж үр хүүхэдтэй эрэгтэй хүнийг хэлдэг. Тиймээс Бурханыг Эцэг гэж дуудаж байгаа нь Бурханд хүүхдүүд байгаа гэсэн үг юм. Үнэн хэрэгтээ Библид биднийг Бурханы хүүхдүүд гэж гэрчилдэг (Мат 6:9, 2Кор 6:17-18 ). Гэвч эцэг хүн ганцаараа үр хүүхдээ төрүүлж чадах уу? Эх байхгүй бол хүүхэд ч байх боломжгүй, “эцэг” гэх ойлголт ч бий болохгүй. “Эцэг” гэсэн нэр томьёо “Эх” байх үед л хэрэглэгдэх боломжтой. Тиймээс Эцэг Бурхан гэдэг нэр томьёо нь Бурханы хүүхдүүд болон Эх Бурхан оршдгийг зааж өгч байна. Тэнгэрт бидний Эх байдгийг Библи гэрчилдэг (Гал 4:26). Махан биеийн гэр бүлд эцэг, хүүхдүүдээс гадна ээж байдаг шиг сүнсний гэр бүлд ч Эцэг Бурхан болон хүүхдүүдээс нь гадна Эх Бурхан ч байдаг юм.
Илчлэл номд гардаг Есүсийн сүйт бүсгүй нь Эх Бурханыг заадаг юм. Хурганы хурим болох үед Түүний сүйт бүсгүй гарч ирнэ гэж Библид зөгнөдөг (Илч 19:7-8). Хурганы хуримын найранд Сүйт залуу, Сүйт бүсгүй, зочид (уригдсан хүмүүс) гардаг. Сүйт залуу болох Хурга нь Есүсийг зааж байгаа бөгөөд (Иох 1:29), Сүйт бүсгүйтэй хамт гарч ирж буй Хурга нь Хоёрдугаар Есүсийг илтгэж байна. Сүйт бүсгүй нь тэнгэр Иерусалим гэж бэлгэдсэн Эх Бурханыг хэлнэ (Илч 21:9-10, Гал 4:26). Уригдсан хүмүүс гэдэг нь мөнх амийн ерөөл авсан итгэгчдийг зааж байна (Илч 19:9). Өнөөгийн Ариун Сүнсний үед Хоёрдугаар Есүс болох Эцэг Бурхан, Сүйт бүсгүй болох Эх Бурхан итгэгчдийг тэнгэрийн орны хурим найранд урих юм.
Өнөөгийн олон хүн Библид гэрчлэгдсэн Эх Бурханд итгэдэггүй. Үүний шалтгаан нь тэд шинэ гэрээг сахидаггүйтэй холбоотой юм. Бурхан шинэ гэрээний хуулийг зүрх сэтгэлдээ сийлэн, дагаж мөрддөг хүмүүсийн Бурхан болох бөгөөд зөвхөн тэд л Бурханы ард түмэн болж, Бурханыг бүрэн таньж мэднэ гэсэн байдаг (Иер 31:31-34). Гэвч өнөөгийн олон христчүүд Есүсийн тогтоосон шинэ гэрээний Алгасал баярыг сахидаггүй (Лук 22:15, 19-20). Тэд шинэ гэрээг зүрх сэтгэлдээ нандигнадаггүй учраас одоо хэр нь Эх Бурханыг ухаарч чадахгүй байгаа хэрэг юм.