Библи бидэнд “дээгүүрхийг хай” (Кол 3:1) хэмээн сургасны дагуу бүх ах эгч дүү нар маань энэ дэлхийн зүйлсээс илүү Бурханы зүйлсэд сэтгэл гаргаж байна. Бэрхшээлийг бэрхшээл гэж бодолгүй даван туулж, зөвхөн Эцэгтээ найдан, сайн мэдээг гүйцэлдүүлэхийн төлөө өөрийгөө зориулах эрч хүч нь авралын үнэ цэнэ болон тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийг ухаарч мэдэхээс үүдэн ундардаг. Энэ дэлхийн зүйлс хэсэгхэн хугацаанд оршин тогтноод дараа нь алга болдог. Харин Бурханд итгэх итгэлээр бидний хүлээн авдаг мөнх амь болон тэнгэрийн хаанчлал нь үүрд мөнх оршино. Тиймээс бид тэнгэрийн зүйлсийг эрэлхийлж, тэдгээрт итгэдэг.
Алгасал баярын өдөр Есүс шавь нартаа талх өгч, “Энэ бол Миний бие” хэмээн айлдаад, мөн усан үзмийн дарс өгч, “Энэ нь Миний цус” гээд, (Мат 26:17-28) үүнийг идэж уугч нь мөнх амьтай гэж сургасан байдаг (Иох 6:53-57). Эдгээр үгсээр нь бид мөнх амийг хүлээн авсан. Үхэшгүй мөнхийн Бурханы мах, цусыг Алгасал баяраар дамжуулан идэж, уусан хүмүүс л амьтай, тэд мөнхөд амьдрах болно. Есүс бидэнд “Бурханд бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа итгэж, хөршөө өөрийн адил хайрла. Тэгвэл мөнх амийг олж авна” гэж сургаад, сайн самари хүний сургаалт зүйрлэлийг хэлсэн юм. Дээрэмчидтэй таараад үхлүүт байсан нэгэн хүнийг харсан тахилч түүнийг зүгээр орхиод яваад өгчээ. Леви хүн ч өнгөрөөд явчихжээ. Харин сайн самари хүн түүнийг хараад өрөвдөн энэрч, тусламж үзүүлжээ. Есүс ч мөн дээрэмчидтэй тааран үхэж буй өрөвдөлтэй сүнснүүдийг аврах нь хөршөө хайрлаж буй явдал гэж айлдаад, “Явж үүний адил үйлд” хэмээн сургасан (Лук 10:25-37).
Дэлхий дээр шинэ гэрээ Алгасал баярын тамгыг хүлээн аваагүй, амьгүй олон хүн одоо ч байсаар байна. Одоо дээрэмчин мэт гэнэт л нүүрлэдэг цаг уурын өөрчлөлт, газар хөдлөлт, дайн дажин, терроризм, өвчин эмгэг, аваар осол зэрэг үхэл рүү авч одох гай гамшгуудтай олон хүн нүүр тулж байна. Энд тэндгүй хүмүүс амь насаа алдаж байна. Тиймээс тэдэнд шинэ гэрээний Алгасал баярыг яаралтай тунхаглаж, тэднийг аварцгаая. Үхэж буй хүмүүсийг өрөвдөн энэрдэг хүмүүс л Бурханы хүүхдүүд биз дээ? Тэдэнд сайн мэдээ тунхаглахгүй байх нь дээрэмчдийн гарт өртөн үхлүүт байсан хүнийг хараад зүгээр хажуугаар нь өнгөрөхтэй ялгаагүй юм. Үхэж буй хүнийг аварсан сайн самари хүн бол дээгүүрхийг, тэнгэрийн зүйлсийг хайдаг хүн юм.
Библид хүмүүс бидний амьдралыг “хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан”-тай адил гээд, мөн бид энэ дэлхий дээр гаднынхан, түр суурьшигчид гэдгийг заадаг (Иак 4:14, 2Пет 2:17, Евр 11:13-16). Бидний жинхэнэ эх нутаг болох тэнгэрийн хаанчлалд уй гашуу, санаа зовнил байхгүй, үхэл ч байхгүй, өвчин шаналал ч байхгүй (Илч 21:3-4). Эцэг биднийг мөнхийн яруу алдрын орон, тэнгэрийн оронд хаан тахилч болж, үеийн үед хаанчлах болно хэмээн амласан (Илч 22:5). Уй гашуу, санаа алдалт ор мөргүй арилах, энэ дэлхий дээр амьдарч байгаа бидний хувьд төсөөлөхийн ч аргагүй тийм үзэсгэлэнтэй тэнгэрийн орны өвийг бидэнд өгөхөөр одоо бэлтгэж байгаа (1Кор 2:9).
Тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид мөнх амийн эрдэнэс болох Христийг олох ёстой (Кол 1:26-27, 2:2-3, 1Иох 2:25). Бид мөнх амийн тэрхүү эрдэнэсийг олсон. Эцэг шинэ нэрээр ирж, бидэнд мөнх амийн жимсийг идүүлээд, “Зөвхөн та нар л аврагдахаас илүү бүх үндэстэн рүү явж, тушаасан бүхнийг минь тэдэнд заан, сахин биелүүлэхэд нь тэдэнд тусалж, Самари, дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болоорой” гэсэн үүрэг өгсөн. Тиймээс энэхүү мөнх амийн эрдэнэсийг хөршүүдтэйгээ уйгагүй хуваалцъя. Урьд өмнө сонсогдож байгаагүй гамшиг нүүрлэхээс өмнө тэдэнд амьдрах замыг хурдан зааж өгцгөөе (Езе 7:5-7, Иса 24:1-5).
Олон эш үзүүлэгчид авралын үнэ цэнийг ухаарч, бүх зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулан Бурханд итгэснээр тэд одоо тэнгэрийн хаанчлалд байгаа. Мосе нүглийн цаг зуурын жаргалыг эдлэхээс илүү Бурханы ард түмэнтэй хамт зовлон эдлэхийг сонгосон. Мөн тэрээр Христийн төлөө доромжлол амсахыг Египетийн эрдэнэсээс илүү үнэ цэнэтэйд тооцсон (Евр 11:24-26). Элч Паул ч мөн авралын үнэ цэнийг ухаарсан учраас сайн мэдээ тунхаглахын төлөө өөрийн амийг ч хүртэл юман чинээ үзээгүй (Үйл 20:23-24). Тэрээр дээгүүрх зүйлсийн төлөө тарихын тулд эрс шийдсэн байв. Хэдийгээр тэрээр олон зовлон бэрхшээл туулсан ч өнөөгийн зовлонгууд нь хожим тэнгэрийн оронд илчлэгдэх алдартай харьцуулахын аргагүй гэдгийг тэр мэдэж байсан (Гал 6:7-8, Ром 8:16-18). Хэрэв бид тэнгэрийн зүйлсийн төлөө таривал мөнх амийг хурааж авна. Мөн мөнхийн тэнгэрийн хаанчлалд очоод яруу алдар ч хүртэх болно. Тэнгэрийн оронд очоод эдлэх яруу алдрынхаа төлөө, дээгүүрх зүйлсийн төлөө амьдарцгаая. Мөнх амь өгдөг шинэ гэрээний Алгасал баяр болон Эцэг Ан Сан Хун Бурханы нэрийг идэвхтэй тунхаглаж, олон сүнсийг зөвт байдал руу хөтөлснөөр нэрсээ тэнгэрийн оронд үүрд мөнхөд гэрэлтүүлээрэй.