Юуны өмнө өнөөдрийг хүртэл сайн мэдээний ажлыг аюулгүй, амар амгалан явуулах боломж олгосон Эцэгтээ талархал өргөж байна. Түүнчлэн тэнгэрийн гэр бүлээ хайж олох ажилд нэгэн сэтгэлээр нэгдсэн Сионы бүх гэр бүлүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа. Явцын дунд олон түгшүүртэй, аюултай мөчүүд байсан. Одоо ч дэлхий даяар дайн үргэлжилсээр, тоо томшгүй хүмүүс зовж, амиа алдсаар байна. Өнөө үед болж буй үйл явдлуудыг харахад дэлхийн байдал тогтворгүй, тодорхойгүй мэт санагдана. Гэвч манай Сионы гэр бүлүүд амар тайван байдаг учир нь Эцэг Ан Сан Хун Бурхан биднийг үргэлж хамгаалдаг гэдэгт бид итгэдэг.
Эцэг бидэнд “Итгэлийн чинь дагуу болог” гэж айлдсан (Мат 9:27-30). Хэрэв бид тэнгэрийн хаанчлалыг чин сэтгэлээсээ хүсэн хүлээдэг бол бидний итгэл ч мөн тэнгэрийн орон явах зохистой хэмжээнд хүрч өсөх ёстой. Өчигдрийн итгэл өнөөдрийн итгэлээс өөр байх ёстой, мөн маргаашийн итгэл өнөөдрийнхөөс илүү агуу байх ёстой. Өдөр ирэх тусам өөрчлөгдөхгүй хэвээр байхын оронд бид сүнслэгээр өсөж урагшлах ёстой биш үү? Итгэлгүйгээр Бурханд таалагдах боломжгүй гэж Библид заасан байдаг (Евр 11:6). Тиймээс бид Эцэгийн үгийн дагуу итгэлтэй байцгаая. Эцэг гичний үр шиг өчүүхэн итгэл ч агуу ихийг бүтээж чадна гэж хэлсэн (Мат 17:20). Итгэл тийм л чухал. Бид 100% итгэлээр үйлдвэл Бурханы хүчээр биелэгдэхгүй зүйл гэж үгүй. Итгэлтэйгээр ажиллах ба итгэлгүйгээр ажиллахын ялгааг та бүхэн биеэр мэдэрсэн байх.
Манай Сионы бүх гэр бүл сайн мэдээний төлөө шаргуу хөдөлмөрлөж байна. Зөнч болж үйлчлэх нь үнэхээр сайхан ерөөл боловч Эцэгийн туулсан замыг дагадаг учраас их золиос, тэвчээр шаарддаг. Зөнч нар гэр бүлүүдээ хамгаалж, зовж шаналж буй болон өвчтэйг нь тайтгаруулж, хүүхэд өсгөхөд байнгын анхаарал, халамжаар өсгөдөг шиг л Бурханы үгээр сүнсийг нь тэжээж өсгөх хэрэгтэй. Эдгээр амаргүй ажлыг хийсэн та бүхэнд баярлалаа. Манай гэрлэсэн эрэгтэй гэр бүлүүд ч мөн ар талаас дэмжиж хамтран зүтгэдэг. Өдөр тутмын ажил нь хэцүү ч гэлээ цаг зав гарган Сионд ирж, сүмд туслан, эрхэм үр жимс ч гаргадаг. Гэрийн эзэгтэй гэр бүлүүд маань хөршүүддээ, ажилчид ажлын байрандаа, оюутнууд сургууль дээрээ, цэргийн албан хаагчид цэргийн ангидаа сайн мэдээ тунхаглаж байна. Сайн мэдээ тунхаглана гэдэг амар ажил биш учраас байнгын хичээл зүтгэл, золиос дагалдана. Ийм зүтгэлээр үр жимс гаргахыг харахаар та нараар бахархдаг. Бурханы үгийг бүх зүрх сэтгэлээрээ хайраар дагасанд баярлалаа.
Энэ дэлхий дээрх амьдрал амар биш учраас Би тэнгэрийн хаанчлалын тухай байнга боддог. Бид зовлон, бэрхшээлтэй тулгарч мэдэх ч тэнгэрийн найдвар бидэнд байгаа байх аа? Дэлхийн хүмүүс өөрсдийнх нь зам хаана хүрэхийг ч мэдэхгүй өдөр хоногийг өнгөрүүлдэг, харин бидний алхаж буй зам тэнгэрийн хаанчлалд хүрнэ. Библид бидний сайн сайхны төлөө өгөгдсөн Эцэгийн үгс байдаг тул тэнгэрийн хаанчлалын найдвар тээж, чин сэтгэлээсээ залбирч, чадах бүхнээрээ сайн мэдээ идэвхтэй тунхаглацгаая. Тэгвэл Эцэг бидний бүх залбирлыг лавтай сонсоно гэдэгт итгэж байна.
Эцэг бидэнд байнга залбирахыг тушааж, залбиралгүйгээр юу ч бүтдэггүйг заасан (Лук 21:36, Мар 9:28-29). Залбирал бол нэг удаа хийгээд орхичихдог зүйл биш. Бид өнөөдрийн нэг залбирал хангалттай гэж бодох ёсгүй. Маргааш ч, нөгөөдөр ч, өдөр бүр тасралтгүй залбирах ёстой. Тэгсэн цагт л Эцэг бидний чин сэтгэлийг харж, “Тэд хичнээн хүссэн болоод тэгж их залбирна вэ? Би тэдэнд түргэн хариулъя” гэж бодно. Хэрэв дэлхий даяарх Бурханы ард түмэн зүрх сэтгэлээ нэгтгэн, хамтдаа чин сэтгэлээсээ залбирвал Эцэг бидний хүслийг хурдан биелүүлнэ.
Зөгнөлд байгаа үлэмж гамшиг буухаас өмнө бид Бурханы хүүхдүүдийн хувиар олон хүнийг Алгасал баяраар тамгалж, аварцгаая. Энэ жил ч бид алдагдсан бүх тэнгэрийн гэр бүлээ олно гэсэн итгэлээр ажиллацгаая. Библид залбирлаар хүсэл найдвараа биелүүлсэн олон эш үзүүлэгчийн тухай тэмдэглэсэн байдаг. Эцэгийн үгнээс нэг нь ч хоосон буцдаггүй учраас (Иса 55:10-11) найдвар тээн сайн залбирцгаая. Түүнчлэн эв нэгдэл, эв эе байгаа газарт ерөөл өгдөг гэсэн Эцэгийн үгэнд итгэж, эв нэгдлийн үр жимс, нэгдмэл байдлын үр жимс их хураацгаая. Сионы хүүхдүүд та бүхэн минь, Эцэгтээ баяр баясгалан өргөж, тэнгэрийн оронд шагнал их хүртээрэй.