Бурханы хайр, нигүүлслийг ухаарч, сайн мэдээнд идэвхтэй зүтгэсэн Сионы бүх гэр бүлүүддээ баярлалаа. Ариун Сүнс их авч, цэвэр буудайн үр жимс арвин их гаргаарай.
Сионы хүүхдүүд Бурханы хүслийг дагаж, сайн үйлсээрээ Бурханыг алдаршуулж байна. “Та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, … та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” гэсэн Христийн үгийн дагуу дэлхий даяар илгээгдэж, Ан Сан Хун Бурханы гэрлийг зоригтойгоор гэрэлтүүлж байна. Энэ гэрлийг хүмүүс хараад, Бурханы эрдэнэ мэт хүүхдүүд Сион руу цутган ирцгээж байна (Мат 28:18-20, Иса 60:1-8). Бид Бурханы яруу алдрыг их гаргавал аяндаа арвин үр жимс гардаг. Бурханыг их алдаршуулсны үр дүнд олон сүнс үнэн рүү ирлээ. Эдгээр шинэ гэр бүлүүд ч мөн Ариун Сүнсээр дүүрч, тунхаглахгүй л бол байж сууж чадахгүй тул тэд одоо Бурханы яруу алдрыг илүү шаргуу, илүү тодорхой гэрчилж байна.
Шинэ гэрээнд тэмдэглэгдсэн итгэлийн эш үзүүлэгчдээс Эцэгийн яруу алдрыг маш их илчилсэн хүн бол элч Паул байсан. Паул өөрийгөө цовдолж дотроо зөвхөн Христийг л залсан. Тэрээр дэлхийн эрх мэдэл, алдар нэр, эд баялаг, мөн Бурханы сайн мэдээнд зохисгүй бүхнийг хог гэж үзэж, тэдгээрийг хаясан. Тэрээр аль болох олон хүнийг аврах гэсэн ганцхан хүслээр боол болж бусдад үйлчилсэн (Гал 2:20, 1Кор 9:19).
Бид ч бас элч Паул шиг зөв байдлын титэм хүлээн авахыг хүсвэл түүний итгэлийн үлгэр жишээг дагаад сайн мэдээний төлөө хавчлагыг тэвчиж, ах эгч дүү нарынхаа төлөө золиос гаргацгаая (2Тим 4:1-8). Өөрийн чинь дотор “би” гэгч нь амьд байх үед Бурханы сургаалыг бүрэн хүлээж авахгүй, ах эгч дүү нарынхаа сэтгэлийг шархлуулна уу л гэхээс сэтгэлийг нь хөдөлгөж чадахгүй. Энэ үеийнхэн дэндүү хорон муу болж байгаа болохоор хүмүүс Бурханы зөв сургаалыг хүлээн авахаас илүү дэлхийнхний үгэнд чих тавьдаг. Гэвч бидэнд өгөгдсөн алт шиг үнэтэй цаг хугацааг хоосон, утгагүй яриа хөөцөлдөж өнгөрөөхийн оронд бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа Бурханыг хайрлаж, гамшигтай нүүр тулж буй хөршүүдээ зөнд нь орхилгүй, мөнх амьдруулах Алгасал баяр тэмдэглэ гэж ятгацгаая.
Зөвт байдлын төлөө хавчлага, зовлон эдэлж буй хүмүүсийн шагнал агуу (Мат 5:10-12). Ноа бүхээг барих үедээ маш их хавчигдаж, хүмүүс түүнийг элдвээр их хэлсэн. Абрахам ч мөн цорын ганц хүүгээ тахил болгон өргөхийг тушаасан Бурханы үгийг дуулгавартай дагахад олон бэрхшээл байсан байж таараа. Мосе Египетийн хаан ширээг өвлөх байр сууринд байсан боловч тэрээр тэнгэрийн шагналыг харж байсан тул Израиль ард түмэнтэй хамт зовохыг сонгосон. Үүнтэй адил бид ч Бурханд таалагдах, Түүнээс шагнал хүртэх зохистой үйлстэй байцгаая.
Хаан тахилч нар болох тэнгэрийн ханхүү, гүнж нар далай шиг уужим сэтгэлтэй байх ёстой. Бид гонсойх сэтгэл тээж байгаа бол хэн нэгнийг залгихаар архирах арслан мэт гэтэн явж буй диаволд боломж олгож болзошгүй (1Пет 5:8-9). Тиймээс ямар ч нөхцөлд бид гонсойхгүй байхыг хичээцгээе. Гонсойж сэтгэл дундуур байх нь өөрийнхөө дотор өөрөө л амьд байгаа болохоос Христ байхгүйн шинж юм. Бурханы хүүхдүүд бол халуун дулаан хайрын үгсээр бие биенээ халамжилж, нэгнээ тайтгаруулж, бие биенээ урамшуулдаг хүмүүс юм. Бидний төлөө үхэлд хүртэл Өөрийгөө золиосолсон Эцэгийнхээ зовлонг үргэлж санаж явцгаая. Ах эгч дүү нар хэдийгээр сэтгэлийг чинь шархлуулах үг хэлсэн ч бид ууч сэтгэлээр ойлгож, тэвчиж, даруу байдлаар хариулбал тэдний сэтгэл хөдөлж, аяндаа өөрчлөгдөх болно. Хүн бүр үйлдсэнийхээ дагуу шагнал авах учраас бид тэнгэрийн хаанчлалд очоод “Бусдын сэтгэлийг хөдөлгөсөн шагнал”-ыг авцгаая (Илч 22:11-12). Бурханы яруу алдрыг их илчилдэг хүмүүс Бурханаас илүү их шагнал авна гэдэгт итгэж байна.
Бид Бурханы тушаалуудыг сахиж, сайн үйлсээрээ Түүний яруу алдрыг илчлэх тусам зөгнөлийн үг ёсоор олон зүйл биелэгдэж байна. Биднийг дэлхийд толгой болгоно гэсэн бөгөөд өмнө нь биднийг зовоож байсан хүмүүс одоо биднийг хүндэтгэх болжээ (Дэд 28:1-14, Иса 60:14-22). Солонгост ч, гадаадад ч манайхныг “Тэд үнэхээр л Бурханы хүү, охид мөн” гэж хүмүүс магтан сайшааж буй олон сайхан мэдээ байнга сонсогдож байна. Хайртай Сионы гэр бүлүүд минь ээ, эрч хүчтэйгээр Эцэгийнхээ яруу алдрыг илчилцгээе. Бие биетэйгээ нэгдэж, нэг нэгэндээ санаа тавьж, нэгнээ халамжлан хайрлаж, эв нэгдлийн үр жимс их гаргаад тэнгэрийн оронд зөв байдлын титэм болон тэнгэрийн шагнал их авахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.