Боол шиг даруугаар үйлчилцгээе

4028Үзэлт
Жагсаалт

Бурхан даруу хүнийг аварна хэмээсэн (Иов 22:29). Бурхан энэ дэлхийд ирээд боол шиг үйлчлэн байж олон сүнс аварсан. Тэгээд “Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв” гэж айлдсан (Иох 13:15). Бурханы хөвгүүд, охидын хувиар Бурханы жишээг дагаж ерөөл их авцгаая.

Бурхан бидэнд мөнх амь төдийгүй тэнгэрийн мөнхийн яруу алдар соёрхсон тул бидний хийх ёстой ганц зүйл нь талархах. Бид авралын ивээлд талархан, тэнгэрийн оронд очих баяр хөөрөөр дүүрэн байж, үнэн доторх үүрэг хариуцлагаа биелүүлэх үед Бурхан үйлдсэнийх нь дагуу хүн тус бүрд ерөөл өгнө.

Бид бол тэнгэрийн орны иргэний харьяалалтай улс (Фил 3:20). Тэнгэрийн оронд очиж амьдаръя гэвэл Бурханы өгсөн ажлыг хийж, хуулийг нь сахиж, Бурханыг дуурайн өөрчлөгдөх ёстой. Бурханы хуульд Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг тушаалаас гадна Бурханы хүүхдийн төрхөөр өөрчлөгд гэсэн сургамж үг ч бий. Бурханы хүүхдүүд Бурханы хүүхэд шиг биеэ авч явах ёстой. Христийн бодолтой байж, өөрийгөө биш бусдыг эхэлж боддог, даруугаар нэгддэг байх ёстой (Фил 2:2-9). Адил сэтгэж, адил хайртай байж, зөвхөн өөрийнхөө ерөөлд л баярлах ёсгүй. Өөрөө ч, ах эгч дүү нар ч сайхан байх зүйлийг эрэлхийлэх ёстой. Ах дүү нар маань итгэлийн амьдралдаа баяртай байгаа эсэхийг, үр жимс гаргаж байгаа эсэхийг анхаарч санаа тавих ёстой. Тэднийг Бурханы үгээр сургаж, тэдэнд сайн жишээ үзүүлж, даруугаар боол шиг үйлчлэх нь Бурханы хүүхдийн л хийх ёстой зүйл.

Эцэг Өөрөө бидэнд энэ жишээг үзүүлсэн. Хоол хүнс ховор байсан тухайн үед ч зутан ч бай, нэг аяга будаа ч бай чанаад итгэлийн гэр бүлүүдэд харамлалгүй өгдөг байсан. Чулуу үүрэх хүнд хүчир ажил хийж, бас их тунхагладаг байсан тул ямар их өлсөө бол? Гэсэн ч бусдын өлсөхийг л эхэлж бодож, Өөрөө өлсөхийг тэвчсэн. Юм бүхэн Бурханых байтал Тэрээр бидний нүглээс болж энэ дэлхийд ирээд өлсөж, нүцгэрч, даарч хөрч, зовсон. Гагцхүү нэг сүнс ч бүдэрчих вий гэсэндээ үргэлж даруухнаар ярьж, сүнс аварна гэсэн баяр хөөрөөр үргэлж инээмсэглэж, боол шиг бидэнд үйлчилсэн.

Элч Паул ч мөн олон хүнд тунхаглах гэсэндээ өөрийгөө боол болгосон гэж хэлсэн (1Кор 9:19). Уг нь Паул эд баялаг, эрх мэдэл, эрдэм мэдлэг гээд юм юмтай хүн байсан ч олон хүний амийг аврахын тулд Бурханы хүслийн дагуу боол мэт үйлчилж амьдарсан. Тэрээр өөрийнхөөрөө амьдрах гэх үед бардамнал гарч ирж, эрх мэдэл гарч ирэх учраас бардам зангаа өдөр бүр цовдолж, даруу, дөлгөөн, хайр болсон Бурханыг л дотроо амьдруулсан (Гал 2:20). “Бурхан боолын дүрээр ирээд тунхагласан юм чинь би нүгэлтэн учраас тэр тусмаа үйлчлэх ёстой.” Ийм даруу байдлаар Бурханы үгийн дагуу үйлчлээд олон үр жимс гаргасан.

Сүнс аврахын тулд бид боол болох ёстой. Бид бардам сэтгэлээр биш даруугаар ах эгч дүү нартаа үйлчилбэл олон үр жимс гаргана. Даруу сэтгэлээр бусдыг өөрөөсөө дээр гэж үз гэсэн нь биднийг тэнгэрийн оронд аваачих гэж л Бурхан энэ сургаалыг өгсөн. Үеийн үед хаанчлах тэнгэрийн хаанчлал явахын тулд бид энэ дэлхийд олон сүнс аврах ёстой. Боол мэт даруу болж ах эгч дүү нартаа үйлчлэх ёстой. Тэгсэн цагт л тэнгэрийн хаанчлал, үзэсгэлэнт оддын ертөнц, тэнгэрийн галактикаар Эцэгтэйгээ аялж, сүнслэг хоол идэж, үгээр илэрхийлэх аргагүй яруу алдар эдлэх болно (Илч 22:5).

Элч Паул сайн мэдээ тунхаглахдаа нүцгэрч, өлсөж, шоронд хоригдож, олон удаа ташуурдуулсан ч өөрийн амссан зовлонгоос илүүгээр нэг ч гэсэн сүнс аврахыг илүүд үзэж байснаа илэрхийлсэн байдаг (2Кор 11:23–30). Сайн мэдээний ажил нь агуу үнэ цэнэтэй шүү дээ. Бурханы бидэнд өгсөн үг нь мөнх амь гэдгийг ухаарч, даруу сэтгэлээр бүх ах эгч дүү нартаа үйлчилж, тэнгэрийн хаанчлалд очоод Бурханы хайрыг хүртэхийг та бүхнээсээ хүсье.