Хайр болсон Бурхан дэлхийн өнцөг булан бүр рүү эш үзүүлэгчдийг илгээж дэлхийн хаа сайгүй сайн мэдээ тархаад байна. Улс орон өөр, хэл ус өөр, соёл өөр гэр бүлүүд айлчлалаар ирэх болгонд тэд нэгэндээ санаа тавьж, халамжилж байгаа нь харагддаг. Тиймээс “Бид үнэхээр л нэг юм байна. Нээрээ л Бурханы хүүхдүүд хайраар дүүрэн юм” гэж их мэдрэгддэг.
Хайр хамгийн агуу нь. Библид “Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр” гэсэн байдаг (1Иох 4:7-8, 16). Бурханыг мэдэхгүй бол аврагдах боломжгүй (2Тес 1:7-9). Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс аминд шилжсэнээ мэднэ. Учир нь харсаар атлаа ах эгч дүүгээ хайрладаггүй нь хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй гэж бий (1Иох 3:14-16, 4:20-21). Бурханы хайрыг мэдвэл Бурханы хүүхэд болсон хэрэг. Бурхан бол хайр учраас хүүхэд нь ч мөн хайр.
Эцэг биднийг үхэх хүртлээ хайрласан. Нүгэлтэн болсон хүүхдүүдээ тамын шийтгэлээс аварч тэнгэрийн хаанчлал дагуулж явах гэсэн хайрын сэтгэлээр махан бие өмсөж ирсэн. Анхны ирэлтдээ Есүс гэдэг нэрээр, хоёр дахь ирэлтдээ Ан Сан Хун гэдэг нэрээр энэ дэлхийд ирж Өөрийгөө даруу болгож, олон хүнд үйлчлэн тэднийг аварсан (Фил 2:2-7, Мар 10:43-45). Урт удаан хугацаанд золиос амсан байж янз бүрийн хүнд хүчир ажил хийхдээ ч сүнс нэг бүрийг аврах баяр хөөрөөр үргэлж инээмсэглэж явсан даа. Биднийг ч мөн үйлд гэж хайрын жишээ үзүүлсэн нь тэр (Иох 13:15). Олон хүн аваръя гэвэл үйлчлүүлэх биш харин тэдэнд үйлчлэх ёстой, золиос болох ёстой. Эрдэм мэдлэг, эд хөрөнгө, эрх мэдэл гээд бүхнийг эзэмшсэн элч Паул ч Бурханд дуудагдсаныхаа дараа дээрээс төрж золиос ч их гаргаж, зовлон ч их амсаж, олон хүнд тунхаглахын тулд даруугаар бүгдэд боол болсон гэсэн байдаг (1Кор 9:19).
Тэнгэрийн хаанчлал явахыг хүсвэл дээрээс төрөх ёстой (Иох 3:3). Бардам төрх, бусдыг үзэн ядаж шархлуулсан төрх, өөрийгөө л боддог нүгэлт төрхөөсөө өөрөөсөө түрүүлж бусдыг боддог болж хайраар өөрчлөгдөх ёстой. Тэнгэрийн орны зүйлсийг илүү их бодож, Бурханы хүүхдийнх шиг үйлстэй байх ёстой (Кол 3:1, Иох 8:39). Муулах үг, шархлуулах үгний оронд сонсоод ивээл авах үгээр нэгнээ урамшуулж, тайтгаруулж ингэж л дахин төрцгөөе (Ефе 4:22-29). Бурхан Алгасал баяр шинэ гэрээгээр дамжуулан бидэнд мөнх амийг өгч, амийн жимсний бодит болсон Бурханыг бид дотроо залах болсон. Тиймээс Бурханыг дотроо залсан бидний үйлс үйлдэл ариун, сайхан байх ёстой (Иох 6:53-56, Мат 26:17-28). Бурханы үгээр амьдарвал тэнгэрийн хүүхэд болж өөрчлөгдөнө. Хайрын талаар тэмдэглэсэн үгийн дагуу зэвүүрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрөөрөө сайрхдаггүй, харин Бурханаар их бахархдаг байцгаая (1Кор 13:1-13, Гал 6:14).
Ийм л хайрын суурин дээр Бурханы биднээс шаарддаг илүү агуу хайр байдаг. Есүс “Бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа Бурханаа хайрлаж, хөршөө өөрийн бие адил хайрла” хэмээгээд, дээрэмчидтэй таарч үхлүүт байсан хүнийг аварсан сайн самари хүний сургаалт зүйрлэлийг зааж өгсөн байдаг (Лук 10:25-37). Үхлүүт байгаа хүнийг аврах нь хамгийн агуу хайр бөгөөд үүнийг үйлдэж байж л мөнх амийг олж авна гэсэн үг юм. Петрт ч мөн “Чи Намайг хайрладаг уу? Тийм бол хоньдыг минь тэжээ” хэмээгээд мөнх амийн хоол хуваалцах хайрыг хэрэгжүүл гэж захисан (Иох 21:15).
Нэг нүгэлтнийг гэмшүүлэхэд Бурхан хязгааргүй ихээр баярладаг (Лук 15:7). Тиймээс л тэнгэрийн орноос алдагдсаныг, нүгэлтнийг хайж аврахаар Өөрийн биеэр энэ дэлхийд ирсэн (Лук 19:10, Мат 9:13). Тэр хайрыг ухаарсан бол, дэлхийгээс ч эрхэм мөнх амийг олж, тэнгэрийн орныг өвлөн авах хүүхэд мөн л бол Бурханы ажлыг хийх ёстой.
Гамшгаар мөн нүглээсээ болж үхэж буй хүмүүст Бурханы өгсөн амийн хоол, Алгасал баяр шинэ гэрээг илүү их хуваалцацгаая. Сайн мэдээ тунхаглах явцад амсах өнөөгийн зовлонгууд хожим бидэнд илчлэгдэх яруу алдрын дэргэд юу ч биш (Ром 8:18). Мөнх амь ба үзэсгэлэнт тэнгэрийн орныг өгч, хайр болсон Бурханыг “Эцэг” гэж дуудах эрхтэй хүүхдээ болгосон болохоор заавал олон сүнсийг Бурхан руу хөтлөх хайр болцгооё.