Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм

3935Үзэлт
Жагсаалт

Залбирлын хоногуудад үүр, оройгоор залбирч, тунхаглал хүртэл хийж, хичээл зүтгэл их гаргасанд баярлалаа. Дэлхий даяар бүгд нэг сэтгэлээр нэгдэн, сайн мэдээ тунхаглах хүсэл тэмүүлэл үнэхээр их байгаа нь илт байна. Тэнгэрийн гэр бүлээ олох нь л бидэнд хамгийн их баяр баясгалан. Тэнгэрийн гэр бүлээ олсон тухай яриа хичнээн сайхан, бас зөгийн бал шиг чихэрлэг.

Тунхаглал бол үнэхээрийн баяр баясгалантай, хосгүй сайхан ажил. Нэг сүнс аварсандаа баярлаад сайхан, мөн тунхаглах явцад хамтдаа их инээдэг тул тунхаглал ийм сайхан. Бид нэг сүнс аврахдаа зөвхөн тэр сүнсийг л авардаг юм биш. Өөрөө ч амьдарна, тэнгэрийн оронд Эцэгээс шагнал ч авна. “Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа” хэмээн айлдсан (Илч 22:12). Биднийг үүрдийн үхлээс аварч, тэнгэрийн орон дагуулж яван, сансар огторгуйн оддын ертөнцтэй танилцах яруу алдарт оруулна гэж амласан Эцэгтээ талархацгаая.

Библид “Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой” гэж бий (Евр 11:6). Бид ч бас итгэлээр үйлдвэл гайхамшиг үзнэ гэдгийг итгэлийн олон эш үзүүлэгчдээр харуулсан. Ноа, Абрахам, Мосе, Даниел болон түүний гурван найз гээд л. Тэд биднээс ямар нэг байдлаар өөр хүмүүс байсан учраас гайхамшиг үзсэн юм биш. Тэд зүгээр л итгэлийнхээ дагуу үйлдсэн юм. Бурханы хүслийн дагуу л үйлдвэл Бурхан хамгаална гэдэгт итгэж, итгэлтэй байвал бүх зүйл итгэлийнх нь дагуу биелнэ гэдэгт тэд итгэсэн. Хэрэв бидэнд итгэл байвал бид ч мөн тийм гайхамшгуудыг үзнэ. Тиймд итгэлтэй байх ёстой. Итгэнэ гэдэг нь үйлдэж хэрэгжүүлэхийг хэлнэ. Аливааг зүгээр л мэдэх, түүнийгээ бодитоор үйлдэх хоёрын хооронд ялгаа бий. Бидний Бурхан бол Бүтээгч Бурхан гэдэгт итгэж, Түүний үгийн дагуу хэрэгжүүлэх нь Бурханд таалагдах зүйл.

Бид Бурханд итгэмжтэй байхад хамгийн чухал зүйл бий. Итгэж л байгаа бол хэрэгжүүлэх нь чухал. Эцэг “Хэрэгжүүлэлт гэдэг нь бүх биеийг удирдах хөтөч гэдгийг мэдэх хэрэгтэй” хэмээн айлдсан байдаг. Паул элч “Хүн юу тарьснаа л хурааж авдаг. Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна” гэж бичсэн (Гал 6:7-8). Бидний дотор махбодын бодлууд төрөх үед тэдгээр нь Бурханы үгийг зөрчихөд хүргэдэг. Үүнд Бурхан хамгийн дургүй. Бидний үйлс бүлээн байвал Бурхан нулимж гаргана гэсэн байдаг (Илч 3:16). Тиймээс бид эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй байцгаая. Бурханы үг бидэнд мөнх амь өгнө гэдэгт итгэж, үгийг нь дагацгаая.

Одоо бол Майхан баярын үе. Библид “Майхан баяр тэмдэглэхээр ирдэггүй хүмүүс дээр гамшиг бууна” гэж зөгнөсөн (Зех 14:12-13, 16-19, Зеф 1:2-3, 14-17). Тиймд “Сионд ирж Бурханд итгэн, Бурханы баяруудыг тэмдэглэж аврагдаарай” гэж авралын бүрээ үлээгээд тэнгэрээс алдагдсан гэр бүлээ хайж олох Майхан баярын Ариун Сүнсний хөдөлгөөн байнга өрнүүлэх ёстой (Иое 2:1-2). Майхан баяраар Ариун Сүнс өгнө гэдэгт итгэж, Ариун Сүнс авсан гэж бодоод тунхаглавал үр жимс гаргана. Майхан баярын Ариун Сүнсний хөдөлгөөнд оролцвол үр жимс гаргах гайхамшиг заавал үзнэ гэдэгт бат итгэх хэрэгтэй.

Мөнхийн гэрээ, шинэ гэрээ Алгасал баярыг тэмдэглэхгүйгээр мөнх амь олж авч чадахгүй. Гэвч энэ тухай мэдээгүйгээс болж тэмдэглэж чадахгүй хүмүүс ч байж мэдэх тул бид тэдэнд зааж өгөх хэрэгтэй (Иса 24:1-5, Лук 22:19-20, Ром 10:13-15). Хэрэв тэд үгийг сонсоогүйн улмаас аврагдаж чадахгүй бол тэдэнд үгийг тунхаглаагүй бидэнд ч мөн хариуцлага бий. Бүрээг тодорхой үлээж байж л сонсох хүн баттай итгэж, хэрэгжүүлнэ (1Кор 14:8-9). “Сионд ирж, гамшгаас аврагдан, мөнх амь олж аваарай” гэж идэвхтэй тунхаглацгаая.

Бид үхэж буй олон сүнсийг гэмшилд авчирч, аврал руу хөтлөхөд Бурхан хамгийн их баярладаг. Бид итгэлтэй байж л Бурханд таалагдана. Бас итгэлтэй байж л сайн мэдээний бүрээ идэвхтэй үлээх үйлс гаргана. “Авралын бүхээг болох Сион руу ирээд гамшгаас аврагдаж, мөнх амийг олж аваарай” гэж тодорхой бүрээ үлээцгээе. Бурханд таалагдах цэвэр буудай үр жимсийг тэнгэрийн орон яван явтлаа их гаргаж, Ариун Сүнс их аваарай.