Сионы хайртай хүүхдүүд маань нэг ч болов сүнсийг аврахын тулд чин сэтгэлээсээ шаргуу хөдөлмөрлөж байна. Та нарын чин сэтгэлийн хичээл зүтгэл тэнгэрийн оронд мөнхөд гэрэлтэх болно. Тэнгэр Эцэг маань биднийг үүрд мөнхөд магтаж, тайвшруулах өдрийг тэсэн ядан хүлээж, хүчтэй байцгаая.
Энэ дэлхий дээр хармагц л шунал төрүүлэх тоо томшгүй олон зүйл байдаг. Хүмүүс Бурханд итгэж, Түүний үгийг дуулгавартай дагаж мөрдөх нь тэдний эрх чөлөөг хязгаарладаг мэтээр бодож, дэлхий ертөнц эрх чөлөөтэй, сайхан мэт тэдэнд санагддаг. Гэсэн хэдий ч жинхэнэ ерөөл, аврал нь зөвхөн Бурханы үгийг сонсож, дагах замаар л ирдэг. Тиймээс нэг ч гэсэн сүнсийг Бурханы талд хайраар хөтөлцгөөе.
Бид өдөр бүр Бурханы үгэнд ойр амьдрах ёстой. Хэрэв бид Бурханы үгэнд анхаарахгүй бол диавол сэм шургалж, бидний зүрх сэтгэлийг дэлхийн зүйлс рүү эргүүлнэ. Бид дэлхийн зүйлсэд ойр байх юм бол шунал төрж, бардамнаж, хэрүүл маргаан үүсэн, гүтгэлэг болон ёрын сэжиглэл, ялзарсан санаа төрж бүр үнэнээс хагацах байдалд хүртэл орно (1Тим 6:3-5). Бурханы үг бидэнд Түүнтэй ойр ойрхон харилцах боломж олгодог. Библийг өдөр бүр уншдаг хүмүүс Бурханд маш ойр байдаг. Бидний Эцэг “Хэрэв та нар Намайг санавал Библи байнга уншаарай” гэж хэлсэн.
Библид эцсийн өдрүүдэд хүмүүс аминч, мөнгөнд дурлагч, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус болно гэж байдаг (2Тим 3:1-5). Дэлхийн хүмүүс өгөөмөр байхаас илүү өөрийн ашгийг л боддог. Тэд сайн зүйлийг бусдад өгөхийн оронд өөрсдөө л бүгдийг авахыг хүсэж шунадаг. Гэсэн ч хэрэв бид үргэлж аминч хувиа хичээсэн авир гаргавал хэн ч бидэнд туслахгүй. Заримдаа бид бусдын төлөө ямар нэгэн юм хийвэл өөрөө хохирох мэт санагдаж болох ч үнэндээ бидний хайраар өгсөн бүхэн өөрт эргэж ирдэг. Тиймээс бид хүмүүсийн хэв маягт автахгүйн тулд Бурханы үгээр өвч зэвсэглэж амьдрах ёстой.
Бурхан бидэнд боломжтой үедээ бүх хүнд сайныг үйлдэхийг зааж, хайр бол хамгийн агуу нь гэдгийг сануулсан (Гал 6:10-14, 1Кор13:2-13). Бид эдгээрийг хэрэгжүүлэх ёстой. Хайр бол тэвчээртэй бөгөөд тэвчээр алдагдсан үед зөрчил үүсдэг. Хэрэв хэн нэгэн таагүй зүйл хэлбэл тэр даруй хариу үйлдэл үзүүлэлгүй хэсэг зуур тэвчих хэрэгтэй. Тэвчих тусам мэргэн ухаантай болж, эелдэг үг хэлдэг. Харин уураа тэвчиж чадахгүй бол хатуу үг хэлнэ. Бид уур хилэнд автвал муу бодол төрөх тул уур хилэн биднийг захирах ёсгүй. Бие биедээ бууж өгөхгүй, нэгнээ ялах гэж тэмцэлдэхээр хэрүүл маргаан үүсдэг. “Би яахаараа уучлал гуйх ёстой юм?” гэж зөрүүдэлбэл эвлэрэхгүй хэдэн сар болж, өштөн мэт явдаг. Үүний оронд төлөвшсөн итгэлтэй болж, өгөөмөр сэтгэлтэй байцгаая. Өөрөө буруутайдаа уучлал гуйж байгаа юм биш эв нэгдлийн төлөө уучлал гуйдаг юм. Бид зөрүүд зангаа хаяж, даруу зангаар таагүй санагдсан зүйлд миний буруу гэж эхлээд хэлбэл нөгөө хүний зүрх сэтгэл зөөлөрч амархан эвлэрдэг. Хоёулаа ерөөгдөж, хоёулаа баяр баясгалантай болно. Бие биедээ буулт хийж, нэгэндээ санаа тавьдаг эвтэй ах дүү хоёр шиг түрүүлж уучлал гуйдаг байвал насан турш эв найртай амьдарч чадна.
Өгөх нь ерөөл юм. Бусадтай хуваалцвал өөрт юм үлдэхгүй мэт санагдаж мэдэх ч үнэндээ тийм биш. Бурхан хараад ерөөж, ивээдэг. Биднээс тусламж авсан хүмүүс биднийг санаж, хэрэгтэй үед туслах болно. Ингэж амьдрах нь л хүн шиг амьдарч буй юм. Бид хэзээд өгөх дуртай байх нь Бурханы хүүхдүүд гэсэн нотолгоо болно. Бурхан бидэнд Өөрийн амийг хүртэл өгч “Та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв” (Иох 13:15) гэсэн байдаг.
Энэ дэлхий дээр таагүй байдал, бэрхшээлтэй тулгарсан ч гэсэн бид үзэсгэлэнт тэнгэрийн хаанчлал руу явж байгаа тул тэвчье. Хүүхдүүдийнхээ төлөө загалмай дээр Өөрийгөө золиосолсон Бурханыг дагаж, Түүний хайрыг бүх хүнтэй хуваалцаж, мөнх аминд хүргэх Алгасал баярыг тунхаглацгаая. Эцэг даруу хүмүүсийг аварна гэж амласан тул бие биедээ санаа тавьж, нэгнээ хайрлаж, бүгд бодит хайр болоод тэнгэрийн оронд Эцэгээсээ их ерөөл аваарай.