Матай номын 22-р бүлэгт Есүсийн заасан тэнгэрийн орны хурим найрын зүйрлэл бичигдсэн байдаг. Энэ сургаалт зүйрлэлд сүйт залуу болон зочид гарч ирдэг ч хурим найрын гол эзэн болох сүйт бүсгүй гарч ирдэггүй. Анхны Есүсийн үед гарч ирээгүй байсан сүйт бүсгүй Илчлэл номын зөгнөлд гарч ирдэг. Сүүлчийн үед Хурга болох Хоёрдугаар Есүстэй, өөрөөр хэлбэл Эцэг Бурхантай хамт гарч ирэх “Тэнгэр Иерусалим” Эх Бурхан нь Сүйт бүсгүйн бодит юм. Библид сүүлчийн үед тэнгэрийн орны хурим найрын Сүйт залуу, Сүйт бүсгүй болсон Эцэг Бурхан, Эх Бурханыг хүлээн авсан хүмүүс амийн ус буюу мөнхийн амь авна хэмээн заадаг.
Анхны Есүсийн үед гарч ирээгүй хурим найрын сургаалт зүйрлэлийн Сүйт бүсгүй
Бид аврал аваад тэнгэрийн хаанчлал явахыг Есүс хурим найранд уригдан оролцож байгаатай зүйрлэсэн юм. Үй түмэн найр наадам дундаас хурим найрын талаар дурдсан чухал учир шалтгаан бий.
“Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь — Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найр хийсэн хаантай зүйрлэж болно. Тэрээр хурим найранд уригдсан хүмүүсийг дуудахаар зарц нараа илгээсэн боловч тэд ирэхийг хүссэнгүй. … Тэгээд тэр зарц нартаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсад маань зохисгүй хүмүүс байжээ. Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуримд морилон ирэхийг урь” гэхэд тэр зарц нар гудамжинд гарч, тааралдсан сайн муу бүгдийг цуглуулав. Хуримын танхим зочдоор дүүрчээ.” Мат 22:1-10
Хурим найранд хэн хэн байх ёстой билээ? Хурим хийе гэвэл сүйт залуу, сүйт бүсгүй байх ёстой. Мөн найранд олон зочин гийчин ирдэг. Тэгэхлээр сүйт залуу, сүйт бүсгүй, зочид зайлшгүй байж гэмээнэ хурим найр болох юм.
Матай 22-р бүлгийн сургаалт зүйрлэлд ч хааны хүү буюу сүйт залуу гарч байна. Энэ зүйрлэлд гарч байгаа хааны хүү гэдэг нь Бурханы Хүү болж ирсэн Есүс. Мөн уригдсан зочид гарч байна. Тэд бол Есүсийг хүлээн аваад тэнгэрийн хаанчлалд орох итгэгчид юм. Уг сургаалт зүйрлэлээс Сүйт залуу болон зочид байгаа нь харагдаж байна.
Тэгтэл хурим найранд зайлшгүй байх ёстой гол эзэн буюу Сүйт бүсгүй харагдахгүй байна. Сүйт бүсгүй байхгүй хурим найр гэж байх уу? Тийн атал Есүс яагаад Сүйт бүсгүйн талаар дурдаагүй өнгөрсөн юм бол? Тэнгэрийн хаанчлалын хурим найранд Сүйт бүсгүй байхгүй учраас тэр үү? Огт тийм биш. 2000 жилийн өмнө Анхны Есүсийн үед Сүйт бүсгүйн илчлэгдэх цаг хараахан болоогүй байсан учраас тэр юм.
Хурим найрын сургаалт зүйрлэл дэх Сүйт бүсгүй сүүлчийн үед гарч ирнэ
Тэгвэл хурим найрын сургаалт зүйрлэл дэх Сүйт бүсгүй хэзээ гарч ирэх юм бол? Библид Есүсийг дахин ирэх үед, өөрөөр хэлбэл сүүлчийн өдрүүдэд Сүйт бүсгүй гарч ирнэ хэмээн зөгнөсөн байдаг.
“Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс юм. Тэр надад —Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ! …” Илч 19:7-9
Сүйт залуу болох Хургатай хамт Анхны Есүсийн үед гарч ирээгүй байсан Сүйт бүсгүй буюу Хурганы эхнэр хурим найранд гарч ирж байна. Мөн уригдагсад гэдэг нь зочдыг илэрхийлсэн юм. Тэнгэрийн орны хуримын найранд Сүйт залуу, зочдоос гадна Сүйт бүсгүй гэж тусдаа байгаа. Үнэндээ Сүйт бүсгүй гарцаагүй байгаа учраас л бидний аврал аваад тэнгэрийн хаанчлал явах үйл явцыг Есүс өөр бусад найртай биш, хурим найранд оролцож байгаатай зүйрлэсэн юм. Аль 2000 жилийн өмнөөс л Сүйт бүсгүй байгааг мэдүүлэхийг хүссэн юм.
Тэгвэл Илчлэл 19-р бүлгийн зөгнөл дэх Сүйт залуу болох Хурга нь хэн юм бол? Библид Есүсийг “Хурга” хэмээн илэрхийлдэг (Иох 1:29). Харин Илчлэл 19-р бүлэгт гарч буй Хурга нь Хоёрдугаар Есүсийг илтгэдэг юм. Яагаад гэвэл Анхны Есүсийн үетэй адилгүй, Сүйт бүсгүйтэй цуг гарч ирэх учраас тэр. Мөн уригдагсад буюу зочид гэж мөнх амь авах итгэгчдийг хэлж байна. Тэгвэл Хоёрдугаар Есүсийн үед гарч ирэх Сүйт бүсгүй буюу Хурганы эхнэр чухам хэн юм бол?
“Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай байсан долоон тэнгэрэлчийн нэг нь ирээд надтай ярилцан —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.” Илч 21:9-10
Тэнгэр элч Иоханд Хурганы эхнэр болох Сүйт бүсгүйг үзүүлье гээд тэнгэрээс буун ирж буй Иерусалимыг үзүүлжээ. Энэ нь Сүйт бүсгүй нь хот биш гэсэн үг юм. Илчлэл номд Сүйт залууг тэнгэрийн орны хурим найрын үеэр Хурга гэж илэрхийлсэн ч бодит амьтан биш байсантай адил Сүйт бүсгүй нь бодит хот биш, харин Библид Түүнийг “тэнгэр Иерусалим” гэж илэрхийлсэн юм. Библид тэнгэр Иерусалим гэж хэнийг хэлдэг юм бол?
“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26
“Дээр” өөрөөр хэлбэл тэнгэр дээр оршигч Иерусалимыг бидний Эх гэжээ. Тиймээс Сүйт бүсгүй гарч ирнэ гэсэн Илчлэл номны зөгнөл нь тэнгэрт оршдог Эх Бурхан энэ газарт ирнэ гэсэн утгатай юм. Тиймдээ ч Сүйт бүсгүйн тухайд “тэнгэрээс буун ирж буй Иерусалим” хэмээн илэрхийлжээ.
Хурга нь Эцэг Бурхан, Түүний сүйт бүсгүй нь Иерусалим Эх юм. Хурга буюу Хоёрдугаар Есүс Эцэг Бурхан, Сүйт бүсгүй болох Эх Бурхан илчлэгдэн, ариун хүмүүсийг тэнгэрийн орны хурим найранд урих юм. Эцэг Бурхан, Эх Бурхан гарч ирэх тухай Илчлэл 22-р бүлэгт Сүнс болон Сүйт бүсгүй гарч ирнэ гэжээ.
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17
Эцсийн өдрүүдэд гарч ирэх Сүнс ба Сүйт бүсгүйн зорилго нь амийн ус, өөрөөр хэлбэл мөнх амь өгөхийн тулд. Тиймээс Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ гэсэн юм (Илч 19:9). Мөнх амь авахын тулд Эцэг Бурханаас гадна Эх Бурханыг ч хүлээн авах ёстой. Тэгж байж л хурим найрын зочин болоод амийн ус авч, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох ерөөл хүртэх учиртай (Илч 19:9).
Эцсийн өдрүүдийн амийн усны ундарга, Эх Бурхан
Иймд Библид Есүс Христийн хоёр дахь ирэлтийн тухайд, Сүнс болон Сүйт бүсгүй буюу Эцэг Бурхан, Эх Бурхан хамт ирнэ гэж зөгнөсөн байдаг. Гэхдээ олон христчүүд Есүсийн хоёр дахиа ирэх өдрийг сүүлчийн шүүлтийн өдөр гэж эндүүрдэг. Энэ ойлголт нь Библи дэх Есүсийн сургаалтай огт нийцдэггүй юм.
“Тэгээд тэд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг харна. Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт айсуй гэв.” Лук 21:27-28
Энд гарч буй “та нар” гэдэг үг нь Христийг хүлээн авсан шавь нарын нэгэн адил ариун хүмүүсийг хэлж байна. Тиймээс “та нарын золилт” гэсэн нь ариун хүмүүсийн тэнгэрийн хаанчлалд орох сүүлчийн шүүлтийн өдөр юм (2Пет 3:12–13, Ефе 4:30). Гэвч “Хүний Хүү” буюу Есүс шүүлтийн өдөр ирнэ гээгүй “тэр өдөр ойрхон” байхад дахин ирнэ гэж айлдсан байдаг. Тиймээс Хурга буюу Есүс сүүлчийн шүүлт ойртсон үед түрүүлж ирэх бөгөөд Сүйт бүсгүй ч мөн тэр үед илчлэгдэх юм. Сүүлчийн үед Сүнс болон Сүйт бүсгүй, өөрөөр хэлбэл Хурга болон Түүний эхнэр энэ дэлхийд махбодоор ирж, сүнсээр ангаж цангасан хүмүүсийг амийн ус аваарай хэмээн урих болно.
Хуучин гэрээний үеийн эш үзүүлэгч Зехариа сүүлчийн үед амийн ус өгөх Сүйт бүсгүйн талаар зөгнөсөн байдаг.
“Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.” Зех 14:8
Илчлэл номд тэнгэр Иерусалим гэж зүйрлэсэн Сүйт бүсгүйг амийн ус өгнө хэмээн гэрчилсэн байдаг. Эш үзүүлэгч Зехариа ч мөн амийн ус Иерусалимаас урсан гарна хэмээжээ. Энэ нь Зехариа 14-р бүлэгт гарч буй Иерусалим нь Илчлэл номын Сүйт бүсгүй буюу тэнгэр Эхийг бэлгэддэгийг илтгэж байна. Эш үзүүлэгч Зехариа амийн усны ундарга болох Иерусалимд бүх үндэстэн ирнэ хэмээн дахин дахин зөгнөсөн байдаг. Харин Иерусалимд ирдэггүй хүмүүс гамшигт өртөнө гэж зөгнөсөн юм.
“Иерусалимыг довтлохоор ирсэн бүх үндэстний үлдсэн хүн болгон нь жил бүр ирж, түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөн, Майхан баярыг тэмдэглэнэ. Түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөхөөр Иерусалимд ирдэггүй газар дэлхийн ямар ч гэр бүл дээр бороо хургүй байх болно. Хэрэв Египетийн гэр ирэхгүй, орохгүй бол тэдний дээр бороо хур орохгүй юм. Майхан баярыг тэмдэглэхээр ирдэггүй үндэстнүүдийг цохих ЭЗЭНий гамшиг нь энэ байх юм.” Зех 14:16-18
“Тэр Иерусалимыг босгон байгуулна”
Хүн төрөлхтөн тэнгэр Эхийн оршихуйг төдийгүй эцсийн үед энэ дэлхий дээр ирнэ гэдгийг нь ч мэддэггүй байв. Тэгвэл тэнгэр Эхийн тухай бидэнд хэн хэлж зааж өгөх юм бол?
“Иерусалим аа, Би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив. Тэд өдөр ч, шөнө ч дуугаа хураахгүй. ЭЗЭНийг дурсагч нар аа, бүү амрагтун. Тэр босгон байгуулж, Иерусалимыг газрын магтаал болгох хүртэл нь Түүнд бүү амралт өгөгтүн.” Иса 62:6-7
Газрын магтаал болох учиртай Иерусалим нь “бидний Эх” буюу тэнгэр Иерусалимын тухай зөгнөл юм. Харин Библид бидний тэнгэр Эцэг болох ЭЗЭН Өөрөө тэнгэр Эхийг босгон байгуулна гэж бичигдсэн байна. Бурхан энэ тухай бидэнд Эхлэл номд гардаг Адам, Евагийн зөгнөлөөр мэдүүлсэн юм.
“Адам —Энэ чинь л яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм. Эр хүнээс авагдсан тул эм хүн гэж нэрлэгдэг гэжээ.” Эхл 2:23
Адам Еваг “Энэ чинь л яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм” хэмээн гэрчилж, түүний тухайд өөртэй нь нэгэн бие гэж дурджээ. Мөн тэрээр эхнэрээ “амь” гэж нэрлэжээ.
“Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон аж.” Эхл 3:20
“Ева” гэдэг нэр еврей хэлээр “амь” гэсэн утгатай. Хэн эмэгтэйд Ева буюу “амь” гэсэн нэрийг өгсөн бэ? Адам. Адам, Евагийн тухай Библийн түүх нь зүгээр нэг өнгөрсөн түүх бус, харин гүн утга агуулж буй зөгнөл юм. Библид Адам, Еваг Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэж тэмдэглэсэн шүү дээ. Тиймээс тэд эцсийн үед ирэх тэнгэр Эцэг, тэнгэр Эхийг бэлгэддэг хэмээн Библи гэрчилдэг юм (Ром 5:14). Зургаа дахь өдөр, долоо дахь Амралтын өдрийн өмнөхөн Адам, Еваг бүтээсэн нь мөнхийн амралт ойрхон ирсэн тэр үед Адамын дүр хэмээн илэрхийлэгдсэн Хоёрдугаар Христ буюу тэнгэр Эцэг тэнгэр Эхтэй хамт илчлэгдэхийг илтгэнэ. Адам эхнэр Евагийнхаа тухай гэрчилсэн түүх нь тэнгэр Эцэг Өөрийн эхнэр буюу тэнгэр Эхийн тухай гэрчлэх зөгнөл аж.
Эдгээр бүх зөгнөлийн дагуу Ариун Сүнс болох тэнгэр Эцэг Ан Сан Хун Христ өнөө үед Сүйт бүсгүй буюу тэнгэр Эхийг гэрчилсэн билээ. Түүнчлэн бид мөнх амь авахыг хүссэн л бол тэнгэр Эхэд итгэж, Түүнийг дагах ёстойг зааж өгсөн юм. Иймд мөнх амийн ерөөл авч, тэнгэрийн хаанчлалд орохыг хүссэн хүн тэнгэр Эцэгийн биечлэн зааж гэрчилсэн тэнгэр Эхийг хүлээн авах учиртай.