Амийн хоол, эхийн сүү

13105Үзэлт
Жагсаалт

Монгол үндэсний “морин хуур” хэмээх хөгжмийн зэмсэг байдаг. Ингэ ботголохын өвдөлт зовлон асар их болохоор босох ч тэнхэлгүй болж, ботгоо голох нь бий. Ботго хэрвээ гурав хоног эхийгээ хөхөхгүй бол амьдарч чадахгүйд хүрэх аж. Тэгэхэд тэмээчин морин хуурын аялгуу эгшиглүүлэн аргадахад ингэний нүднээс том том нулимс бөмбөрч, ботгоо авч ангир шар уургаа хөхүүлж эхэлдэг байна.

Эх хүн үр хүүхдээ төрүүлэх гэж хэлэхийн эцэсгүй өвдөлт зовлон туулна. Гэвч төрөх зовлон эдэллээ гээд эхийн зовлон түүгээр дуусгавар болчихгүй юм. Хүүхдээ хөхөөр хооллох үйл явц ч бас амар биш. Зөвхөн нялх үрээ л бодон, идэж болох болохгүй хоол хүнс шилж сонгох хэрэг гарна. Хөх нь үрэвсэх тохиолдолд ээжүүд асар их өвдөлт мэдэрнэ. Хүүхэд эхийнхээ өвдөлтийг тоох ч үгүй тайван гэгч нь хооллоно. Хүүхдэд ээжийнх нь сүүнээс илүү төгс хоол байна гэж үү дээ? Тийм ч учраас ээжүүд хүүхдээ хөхөөрөө хооллохыг илүүд үзэх нь мэдээж юм.

Хүнд шаардлагатай бүхий л шим тэжээл агуулсан хоолыг “төгс хүнс” гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч бидний идэж уудаг хоол хүнсэнд төгс төгөлдөр хүнс гэж байхгүй юм. Ердөө төгс хүнс гэж нэрлэхэд арай дөхүү хоол хүнс гэж л бий.

Бидний хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн дундаас сүүг хамгийн “төгс хүнс” гэж үздэг. Мэдээжийн хэрэг сүүний найрлагад төмөр, А витамин, Д витамин зэрэг зарим нэг шим тэжээл дутмаг л даа. Гэхдээ сүүнд уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, витамин зэрэг хүний биед шаардлагатай чухал шим тэжээл агуулагдахаас гадна байгаль дээрх хамгийн “төгс хүнс” гэж тооцогддог байна. Тийм ч учраас шим тэжээлийн тэнцвэртэй хэрэглээ шаардлагатай нярайд, мөн өсч буй хүүхдүүдэд сүү өгөхийг зөвлөдөг аж.

Гэтэл сүүнээс ч илүү супер, төгс хүнс байдаг нь хөхний сүү, ангир шар уураг юм. Энэ нь нярай хүүхдэд шаардлагатай бүх талын шим тэжээл агуулсан хамгийн сайн хоол юм. Үнэндээ сүү ч мөн тугалын хувьд эхийнх нь сүү учраас төгс хүнс гэсэн үг л дээ. Тэгвэл эхийн сүүнд ямар нууц агуулагддаг юм бол?

Жирэмсэн эмэгтэйн жирэмсний сүүлийн хагаст болон төрснийх нь дараа хөхнийх нь булчирхайнаас сүү ялгардаг. Эхийн сүү нярай хүүхдийн хувьд цорын ганц хоол нь юм. Энэ нь шим тэжээлийн харьцаа, хэлбэрийн хувьд ч нярай хүүхдэд хамгийн тохиромжтой хоол. Хөхний сүүний уураг үнээний сүү шиг казеин1 (casein) болон шар сүүний2 (whey) уургуудаас бүрддэг.

1. Казеин: Хөхтөн амьтдын сүүнд агуулагддаг гол уураг бөгөөд үнээний сүүний 80%, хөхний сүүний 20-45%-ийг бүрдүүлдэг.
2. Тосгүй сүүнд хүчил юм уу бүлэгнэлтийн фермент нэмснээр үүсдэг, аарцнаас бусад шингэн. Шар сүүнд лактоз, лакталбумин, лактоглобулин, эрдэс бодис агуулагддаг. Лактоглобулин нь иммуноглобулин агуулдаг бөгөөд ялангуяа хөхний сүүнд их хэмжээтэй байдаг.

Харин эхийн сүүнд агуулагдах казеин болон шар сүүний харьцаа 6:4, үнээний сүүнийх 8:2 байдаг байна. Эхийн сүү шар сүүний агууламж өндөр тул илүү шингэц сайтай байдаг аж. Хөхний сүүнд агуулагдах казеины тухайд авч үзэхэд ч үнээний сүү альфа-казеин ихээр агуулдаг бол хөхний сүү шингэц сайтай бета-казеинаас бүрддэг. Мөн эхийн сүүнд үнээний сүүнээс 30 орчим хувиар илүү лактоз агуулагддаг нь кальцийн шимэгдэлтийг сайжруулдаг. Түүнчлэн хөхний сүүний лактоз нь үнээний сүүтэй харьцуулахад харшлын урвал бага үүсгэдэг аж.

Хамгийн гайхалтай нь хөхний сүүний найрлага, хэмжээ нь нярайн өсөлтийн үе, үе шатаас хамаарч өөрчлөгддөг байна. Хөхний сүү ерөнхийдөө ангир уураг, шилжилтийн сүү, боловсорсон сүү гэсэн гурван үе шаттайгаар өөрчлөгддөг.

Ангир уураг нь жирэмсний хожуу үед буюу төрснөөс хойш 3-4 хоногийн дараа бий болдог ба шаргал юм уу цөцгийн өнгөтэй байдаг. Хэмжээний хувьд бага боловч маш тэжээллэг чанартай, ялангуяа уураг, кальцаар баялаг.

Уургаар баялаг байдаг учир нь уураг хэлбэрийн иммуноглобулин ихээр агуулдагт юм. Иммуноглобулин нь эхээр дамжин нярай хүүхдэд шилждэг эсрэгбие бөгөөд нярай хүүхдэд идэвхгүй дархлаа3 үүсгэдэг. Идэвхгүй дархлаа нь хүүхдийг янз бүрийн бактери, вирусын өвчнөөс хамгаалдаг байна. Өөрөөр хэлбэл ангир уургийг төрсний дараа хамгийн түрүүнд хийдэг вакцинтай зүйрлэж болох юм. Мөн тархи, мэдрэлийн хөгжилд зайлшгүй шаардлагатай таурин, DHA, арахидоны хүчил агуулдаг. Энэ нь өсөлтийн эхний үе шатанд байгаа хүүхдэд зайлшгүй шаардлагатай шим тэжээлийн сан хөмрөгтэй адил юм.

3. Хүн амьд эмгэг төрүүлэгч бактери, вируст өртөх үед өвчилдөг хэдий ч дархлаа суудаг. Үүний үр дүнд дахин ижил төрлийн халдвар авах үед тухайн хүний дархлааны систем тэр дор нь бүх биед хариу үйлдэл үзүүлдэг ажээ.

Жирэмсэн үед эхийн дархлаатай холбоотой ийм дурсамж ургийн цусанд дамждаг. Үүнийг “идэвхгүй дархлаа” гэж нэрлэдэг байна. Ангир уургийн үе шатаас хоёр долоо хоног орчмын шилжилтийн сүүний үе шат өнгөрөхөд боловсорсон сүү болж солигдоно. Боловсорсон сүү нь цагаан өнгөтэй эцсийн сүү юм. Энэ үе шатанд хөхний сүү их хэмжээгээр нэмэгддэг аж. Боловсорсон сүүний найрлага хүүхдийн өсөлтийг бүрэн хангахуйц тэжээллэг чанараараа ангир уургаас ялгаатай. Бодисын солилцоо, өсөлтөд шаардлагатай энергиэр хангадаг тул боловсорсон сүүнд илүү их нүүрс ус (лактоз), өөх тос агуулагддаг. Хүүхдийн өсөлт хөгжилд нийцүүлэн, хөхний сүүний тэжээллэг чанар иймэрхүү маягаар өөрчлөгддөг байна.

Хэрэв хүүхэд дутуу төрсөн бол эхийн сүүний найрлага нь дутуу төрсөн нярайн өсөлтөд шаардлагатай шим тэжээлээр баялаг болдог хэмээн сүүний мэргэжилтнүүд өгүүлдэг юм. Мөн хөхний сүүний найрлага нь цаг уурын байдлаас хамааран өөрчлөгддөг аж. Халуун орны эхчүүдийн хөхний сүүнд усны агууламж их байдаг бол хүйтэнд амьдардаг эхчүүдийн сүүнд өөх тосны агууламж өндөр байдаг. Нэг үгээр хэлэхэд эхийн сүү дөнгөж төрсөн нярайн хувьд хамгийн сайн, хамгийн тохиромжтой, ёстой л тэнгэрээс заяасан хоол нь гэлтэй.

Хөхний сүү нярайн хувьд хамгийн тохиромжтой хоол байхаас гадна өөр олон талын ашиг тустай. Эхийнхээ хэвлийнээс дөнгөж төрсөн нярай хүүхдэд шинэ орчин танил бус, эвгүй байна. Харин хүүхдийн сэтгэл санаа хамгийн тогтвортой, тайван байх үе бол хөхөөрөө хооллох үе аж. Хэдийгээр хэвлийд байх үе шиг нь тухтай биш байж болох ч ээжийнх нь энгэр нярай хүүхдэд хамгийн тухтай амрах орон зай болдог байна.

Тийм ч учраас ДЭМБ (WHO)-ын мэдээлснээр хөхөөр хооллодог хүүхэд угжны хүүхдээс бие бялдрын хувьд хамаагүй эрүүл чийрэг, нийтэч зан чанартай, сэтгэл оюуны хувьд тогтвортой байдаг ажээ. Эдгээр шалтгааны улмаас 2011 онд “Хүүхдийг зургаан сар хүртэл нь хөхөөр хооллоно уу” гэсэн зөвлөмж тус байгууллагаас гаргаж байжээ.

Үнэндээ хөхөөр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхийн биед ч тустай. Дархлаажуулалтын үндэсний судалгаанаас (2008, DHHS EDC National immunization survey) үзэхэд хөхөөр хооллох нь төрсний дараа эхийг хурдан тэнхрүүлж, хөхний хорт хавдар, өндгөвчний хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчний эрсдлийг бууруулдаг байна. Хамгийн гол нь хайрын гормон гэгддэг окситоцины4 ялгарлыг дэмжиж, эхийн хайрын зөн совинг бий болгодог аж. Энэ нь эмэгтэй хүнийг үр хүүхдээ өсгөж, хамгаалдаг “эх хүн” болгон өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг.

4. Окситоцин нь мэдрэлийн гипофиз даавар бөгөөд умайг агшаан, төрөлтийг өдөөж, хөхний сүүний ялгарлыг дэмждэг даавар юм. Жирэмсэн үед төдийгүй төрсний дараа ч хүүхдээ хөхөөр хооллох үед окситоцин ялгардаг бөгөөд энэ нь үрээ гэх эхийн хайрын зөн совинг нэмэгдүүлдэг.

Хөхөөр хооллодог амьд организм дундаас эхээсээ хамгийн их хамааралтай байдаг нь хүн гэнэ. Төрөл бүрийн нян бактериар дүүрэн энэ хорвоод эхийн хэвлийнээс эсэн мэнд төрсөн нярайн хувьд хөхний сүү бол төгс тэжээл, нян бактертай тэмцдэг байгалийн антибиотик юм. Хүүхэд эхийнхээ сүүгээр хооллож, өсөж том болдог. Бурхан яагаад эхийн ийм агуу хайрыг хүмүүн бидэнд соёрхоо юм бол оо?

“Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж, хэвлийнхээ хөвгүүнийг энэрэхгүй байх уу? Хэдийгээр тэд мартаж болох ч Би чамайг мартахгүй.” Иса 49:15

“Түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадахын тулд, хөхөж элбэг хангалуун алдарт нь баярлахын тулд юм. … Эх нь хүнийг тайвшруулах адил Би та нарыг тайвшруулж, та нар Иерусалимд тайвшрах болно.” Иса 66:11-13

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26