Илчлэл 22:17 ишлэл дэх сүйт бүсгүй нь сүм (итгэгч) юм биш үү?

13194Үзэлт

Илчлэл 22-р бүлэгт Сүнс болон Сүйт бүсгүй амийн усыг өгч байгаа дүр зураг гардаг.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Зарим хүн Илчлэл номны “Сүйт бүсгүй” нь сүм (итгэгч) гэж үздэг. Гэвч энд гарч байгаа Сүнс болон Сүйт бүсгүй нь Эцэг Бурхан ба Эх Бурхан юм.

Амийн усыг өгөх Сүнс болон Сүйт бүсгүй нь Бурхан

Илчлэл 22-р бүлэгт сүйт бүсгүй юу хийж байгааг анхаарч үзье.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Сүйт бүсгүй бол амийн усыг өгдөг нэгэн юм. Хэрэв Сүйт бүсгүйг сүм гэж үзвэл Библид сүм нь итгэгчийг хэлдэг учраас (1Кор 1:2) итгэгч хүн амийн ус өгч чадна гэсэн утга болно. Библид итгэгч хүн эсвэл сүм амийн ус өгнө гэсэн үг гардаг уу? Библийн хаана ч тийм үг тэмдэглэгдээгүй. Библид амийн ус өгөх эрх мэдэл, хүч чадал зөвхөн Аврагч Бурханд л байдаг гэж заасан байдаг.

Ариун Эцэгийн үед гагцхүү Аврагч болох Ёхова Бурхан л амийн усны ундарга байжээ (Иер 2:13). Ариун Эцэгийн үед Бурханы үгийг тунхагладаг үй олон эш үзүүлэгч байсан билээ. Гэвч Библийн хаана нь ч тэдгээр эш үзүүлэгч амийн ус өглөө гэх тэмдэглэл байдаггүй.

Ариун Хүүгийн үед ч ялгаагүй амийн ус өгөгч нь зөвхөн Аврагч болох Есүс л байсан (Иох 4:14). Тухайн үед Бурханы үг тунхагладаг олон итгэгчид байсан билээ. Гэвч Библийн хаана нь ч тэдгээр хүмүүс амийн ус өглөө гэх тэмдэглэл байдаггүй. Аль ч үед итгэгч хүн амийн ус өглөө гэсэн тэмдэглэл Библид байхгүй.

Библийн энэ мэт хувиршгүй сургаалаас үзэхэд Илчлэл номд гардаг амийн ус өгөгч Сүйт бүсгүй нь итгэгч хүн биш, харин Аврагчийг заасан нь тодорхой байна. Тиймээс Илчлэл 21-р бүлэгт Бурхан цангасан нэгэнд амийн ус үнэгүй өгнө гээд, дараагийнх нь 22-р бүлэгт Сүнс болон Сүйт бүсгүй цангасан нэгэнд амийн ус үнэгүй өгөх талаар хэлсэн байна.

“Сэнтийд Залрагч… Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө. … Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно.” Илч 21:5-7

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Энэ хоёр үгийг нэгтгэн дүгнэхэд Сүнс болон Сүйт бүсгүй бол цангасан нэгэнд амийн ус үнэгүй өгдөг Бурхан юм.

Зөвхөн Бурхан л өгөх амийн ус

Библид яагаад итгэгч нар (эш үзүүлэгч эсвэл элч нар) амийн ус өгнө гэсэн тэмдэглэл байдаггүй вэ? Мосед тохиолдсон явдлыг судлаад үзэхэд энэ асуултын учгийг амархан гэгч нь тайлна.

Мосег таягаараа хад цохиход тэндээс ус оргилуулан гаргасан нэгэн нь Мосе биш, Бурхан. Харин Мосе ард түмний гомдлоос болж зүдрэхдээ “Бид энэ хаднаас та нарт ус гаргах ёстой юу?” гэж хэлжээ (Тоо 20:10).

Мосе яг л өөрөө ус гаргасан юм шиг өгүүлжээ. Мосе Израилийн нийт чуулганыг бараг 40 жилийн турш хөтөлсөн том эш үзүүлэгч байсан хэр нь амлалтын Канаан нутагт хөл тавьж чадаагүй шүү дээ (Дэд.Хуу 32:48-52).

Бурханы өгсөн махан биеийн усыг эш үзүүлэгч өөрөө өгсөн мэтээр хэлэхэд ийм зүйл болсон байна. Тэгэх тусмаа Бурханы өгдөг амийн усыг итгэгчид өөрсдөө өгнө гэвэл юу болох вэ? Тиймдээ ч эш үзүүлэгчдийн, Бурханаас хүлээн авч бичсэн Библийн Бичвэрт хэн нэгэн хүн амийн ус өгнө өө гэсэн үг тэмдэглэгдсэн байх аргагүй. Энэ нь Илчлэл номонд амийн усыг өгөх Сүнс болон Сүйт бүсгүй нь яагаад ч итгэгч хүн байж таарахгүй.

Сүйт бүсгүй нь итгэгчдийн Эх

Тэгвэл Илчлэл 22-р бүлэгт амийн усыг өгөх Сүйт бүсгүй хэн бэ?

“… долоон тэнгэрэлчийн нэг нь ирээд надтай ярилцан —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. … Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.” Илч 21:9-10

Библид сүйт бүсгүйг тэнгэр Иерусалим гэж заасан байна. Хэрэв Сүйт бүсгүйг итгэгч гэж хэлбэл Библид гарч байгаа тэнгэр Иерусалимыг итгэгч нар буюу бид нар гэж тайлбарлах хэрэгтэй. Харин Галат 4-р бүлэгт тэнгэр Иерусалимыг “бидний Эх” гэж заасан байдаг.

“Харин дээр (тэнгэр) оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26

Сүйт бүсгүйгээр биднийг буюу итгэгчдийг заагаагүй, харин бидний Эхийг хэлсэн юм. Библид биднийг буюу итгэгчдийг “эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд” гэж дахин дахин нотолсоор байна.(Гал 4:31) Бид эрх чөлөөт тэнгэр Эхийн хүүхдүүд гэдгийг заахын зэрэгцээ тэнгэр Эхээс өөр гэдгийг тодорхой зааж байна. Иймд Илчлэл 22:17 ишлэл дэх “Сүйт бүсгүй” нь сүмийг (итгэгчдийг) биш, харин амийн ус өгөх Аврагч буюу тэнгэр Эхийг заадаг. Ариун Сүнсний үед зөвхөн Сүнс болон Сүйт бүсгүй л амийн усыг өгч чадна.