Илчлэл 19:7 ишлэл дэх Хурганы сүйт бүсгүй нь сүм (итгэгч) юм биш үү?

3933Үзэлт

Илч 19:7 ишлэл дэх “Хурганы сүйт бүсгүй” нь тэнгэр Эхийг хэлдэг. Харин зарим хүн сүмийг (итгэгчийг) хэлж байгаа гэж үздэг.

“Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв.” Илч 19:7

Илчлэл 19-р бүлгийн сүйт бүсгүй болон уригдагсад

Илчлэл 19-р бүлгийн тэнгэрийн орны хуримын найранд сүйт залуу, сүйт бүсгүйгээс гадна хуримын найранд уригдагсад ч гардаг.

“Тэр надад —Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ! гэж бичигтүн гээд…” Илч 19:9

“Уригдагсад” гэсэн болохоор тэд яавч сүйт залуу, сүйт бүсгүй биш. Яагаад гэвэл сүйт залуу, сүйт бүсгүй нь зочдыг урих ёстой болохоос өөрсдөө урилга хүлээн авна гэж байхгүй. Өөрөөр хэлбэл сүйт бүсгүй болон зочид нь үндсэндээ ялгаатай юм.

Хэрэв сүйт бүсгүйг итгэгч нар гэж үзвэл “уригдагсад” нь чухамдаа хэн байх уу? Үнэндээ тэд бол мөнх амийн ерөөл авах итгэгчид юм. Тиймээс дээр өгүүлсэн “Хурганы сүйт бүсгүй” нь итгэгч нарыг биш, харин тэднийг урин ерөөл хүртээх Аврагч буюу тэнгэр Эхийг зааж байна.

Тэнгэрийн хаанчлалын хуримын найрын талаар айлдсан Есүсийн сургаалт зүйрлэл

Есүсийн хэлсэн хуримын найрын сургаалт зүйрлэлд ч бас итгэгчдийг сүйт бүсгүйгээр бус, харин “дуудагдсан хүмүүс” буюу зочдоор л гагцхүү илэрхийлсэн байна.

“Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь —Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найр хийсэн хаантай зүйрлэж болно. … Хуримын танхим зоогийн зочдоор дүүрчээ. Хаан зочдыг харахаар орж ирээд, хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг харж түүнд “Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?” гэхэд тэр үг дуугүй байв. … Учир нь дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.” Мат 22:1-14

Дээрх зүйрлэлд гарч байгаа хааны хүү гэдэг нь Бурханы Хүү болж ирсэн Есүс. Тэгвэл дуудагдсан зочид нь хэн бэ? “Сонгогдсон” гэж илэрхийлснээс нь харахад итгэгчдийг хэлж байна. Өөр бусад ишлэлд ч бас Есүс итгэгчдийг хүргэний бараа бологчид буюу зочдоор зүйрлэсэн байдаг.

“Иоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Хүмүүс ирж, Түүнээс —Иоханы шавь нар ба фарисайчуудын шавь нар байнга мацаг барьдаг, харин Таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэхэд Есүс тэдэнд —Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьж болно гэж үү? Хүргэнтэй хамт байхдаа тэд мацаг барьж болохгүй. Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина.” Мар 2:18-20

Есүсээс нэг хүн хамт байгаа “шавь нар”-ыг нь яагаад мацаг барьдаггүй талаар асуужээ. Тэгэхэд Есүс “Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьж болохгүй” гэж хариулсан байна. Энэ нь Есүсийн шавь нар бол хуримын зочид гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Есүс итгэгчдийг сүйт бүсгүйгээр биш, харин хуримын зочдоор зүйрлэжээ.

Тийм болохоор “Тэнгэрийн орны хурим найрын Хурганы сүйт бүсгүй бол сүм (итгэгч)” гэсэн үзэл баримтлал нь худал юм.