Шинэ он гарахаар ихэнх нь “Өнгөрсөн жил Бурханы хүслийн дагуу амьдарч чадаагүй зүйлээ засаж, итгэлээ шинэчилж энэ жил их ерөөл авна аа” гэж шийдвэр гаргадаг байх. Бид өөрсдийнхөө хүслээр хийсэн ч бүтэхгүй юм байдаг, тийм үү? Тийм учраас л юуг ч өгч чадах, юуг ч хийж чадах Бурханд залбир хэмээсэн юм. Энэ жил сайн мэдээний төлөө шаргуу ажиллаж, залбирал ч их өргөцгөөе. Хэрэв бид Соломон шиг ухаалгаар гуйвал Эцэг бидний гуйснаас ч илүү ихийг өгнө.
Библид тасралтгүй залбирах нь Бурханы хүсэл бөгөөд Бурханы хүслийг үйлдэгч нь тэнгэрийн хаанчлалд орно гэсэн байдаг (1Тес 5:16-18, Мат 7:21). Бид ах эгч дүү нараа сайн мэдээний ажилд ядарч хэцүү байхыг нь харахаараа өөр арга барил хайж, эргэн тойрныхоо хүмүүсээс зөвлөгөө авах замаар шийдэл олохыг хичээдэг. Гэвч Бурхан залбирч байж л бүх зүйл бүтнэ гэж айлдсан. Бид бэрхшээлтэй тулгарах бүрд Эцэгтээ залбирвал Тэр бидэнд мэргэн ухаан өгч, баяртай үйл явдал тохионо. Гэтэл хэрэв бид залбирахгүй, “Би үүнийг өөрөө хийж чадна” гэж бодоод хийвэл бүх зүйл болж бүтэхгүй, баяр хөөр ч алга болох үе байдаг.
Бид Бурханд тасралтгүй залбирах юм бол бидэнд сайн мэдээний ажлыг баяртайгаар хийх боломж олгодог. Бүх зүйл төлөвлөсний дагуу болохгүй байсан ч, нэгдэхгүй байсан ч, үр жимс гарахгүй байсан ч, эсвэл бие махбод маань ядарсан үед ч үргэлж залбирдаг зуршилтай болцгооё. Бурхан “Гуй, тэгвэл та нарт өгөгдөх болно” гэж айлдаад, “Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх Эцэг чинь Өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай бус уу?” (Мат 7:7-11) хэмээсэн. Бидний Эцэг Ан Сан Хун Христ бол тэнгэр газрыг бүтээсэн Бурхан. Биднийг цангавал ус өгч, өлсвөл хоол өгч, өвдвөл эрүүл мэндийг өгдөг. Бүхнийг чадагч Бурхан учраас юу ч байсан бүгдийг өгч чадна. Бидний гуйдаг зүйл Бурханд бол өчүүхэн зүйл учраас Тэр хамаагүй ихийг өгөх чадвартай. Гэсэн хэдий ч бид Түүний хүслийг дагахгүй бол хүлээн авч чадахгүй. Зарим нь эргэлздэг учраас хүлээн авч чаддаггүй. Зарим нь бүр хожим нь хүлээн авдаг. Харин биелүүлнэ гэдэгт 100 хувь итгээд гуйдаг хүмүүс бүгдийг олж авдаг.
Есүс ч мөн “Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна” гэж хэлсэн байдаг (Мар 9:28-29). Тэрээр мөн “Сорилтонд орохгүйн тулд залбир” гэж хэлсэн. Хүн сорилтонд орсон үедээ Бурханы үгийг биш өөрийн хүслийг дагаснаар нүгэл их үйлддэг. Үүнээс сэргийл гэсэндээ л сорилтонд орохгүйн тулд залбир хэмээгээд Өөрөө биечлэн залбирлын жишээ үзүүлсэн (Мат 26:41, Лук 22:40-42). Тэнгэр газар, бүх зүйл Бурханых учраас Тэрээр залбирах шаардлагагүй ч гэлээ үнэхээр залбирах хэрэгтэй нүгэлтнүүд болох бидэнд үлгэр дуурайл үзүүлэхийн тулд энэлж шаналах сэтгэлээр шаргуу залбирсан хэрэг.
Залбирал нь тусгай байршил, тодорхой газар шаарддаггүй. Сэтгэл дотроо чимээгүйхэн залбирч болно, сонсогдохоор чанга залбирч болно, ямар ч нөхцөлд хэзээ ч залбирч болно. Залбирал нь Бурхантай ярилцах явдал юм. Бид хайртай хүмүүстэйгээ ярилцах дуртай байдаг. Бурханы гэр бүлийн хувьд бид Ан Сан Хун Бурханыг бүхнээс илүү хайрладаг. Биднийг аварч, өвдөлт, уй гашуу байхгүй тэнгэрийн хаанчлал руу хөтөлж буй Эцэг Бурхантайгаа ярилцахаас илүү аз жаргал гэж юу байх билээ?
Тэнгэрийн орны ерөөлийг өгөгч нь Бурхан гэдэгт итгээд сайн мэдээний ажил хийцгээе. Мэргэн ухаан дутвал залбир, өчүүхэн ч бүү эргэлз хэмээсэн. “Өгвөл сайн л биз, өгөхгүй бол тэр л биз” гэсэн хоёр сэтгэлээр залбирвал хариулт авна гэж бүү бод гэсэн байдаг (Иак 1:5-8). Өчүүхэн ч эргэлзэлгүй, үргэлж бидэнд ашиг тустайг л өгдөг Бурханаасаа бүх зүйлийг гуйцгаая.
Бурхантай ярилцахгүй бол өөр газар очоод хэн нэгэнтэй ярина. Бурханд гомдоллодог хүнтэй яривал сонсох хүнд ч Бурханд гомдоллох бодол төрнө. Итгэл нь сонсохоос гэдэг шиг хүн хорон үг сонсвол хорон болж, ивээлтэй үг сонсвол ивээлтэй болдог. Ерөөл өгдөг Бурхантай залбирлаар ярилцвал ерөөл л авна. Гуйж залбираагүйдээ л биелүүлж чадаагүй болохоос Эцэгээсээ залбирлаар уйгагүй шалбал бүгдийг биелүүлж өгнө (Иак 4:2, Лук 18:1-8). Бурханы үгэнд дуулгавартай байж, тасралтгүй залбирч цэвэр буудай үр жимс их гаргаад ерөөл их авах Сионы гэр бүлүүд болоорой.