Бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа

4928Үзэлт
Жагсаалт

Есүс дэлхийд ирэхдээ “Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш” гэж хэлсэн байдаг (Иох 18:36). Бидний эх нутаг бол тэнгэрийн орон. Энэ дэлхий бол бид тэнгэрт нүгэл үйлдэн бууж ирээд түр хугацаанд байх аянчны амьдрал (Евр 11:13-16). Аянчны амьдрал учраас энэ дэлхий дээр баяр баясгалан гэхээс илүү уй гашуу нь илүү их. Аянчны амьдрал хойно ядарч туйлдана, тогтсон газар нутаг ч байхгүй, ганцаардмал байдаг. Гэсэн ч бид уй гашуу, өвдөлт, үхэл байхгүй тэнгэрийн оронд очно. Бид эх нутагтаа очих итгэл найдвар байгаа учраас сүнслэг баяр хөөрөөр эрч хүчтэй амьдардаг (Илч 21:4).

Дэлхийн юмсыг эзэмшлээ ч түр зуурынх, хэзээ нэгэн цагт алга болно. Харин тэнгэрийн орны юмс мөнхийнх учраас хэн ч булаахгүй. Түүнчлэн энэ дэлхий дээр бол хүний хүслээс үл хамааран нэг л өдөр, гэнэт л гамшиг нүүрлэдэг. Цорын ганц аюулгүй газар бол тэнгэрийн орон. Тэнгэрийн оронд гэмт хэрэг, үхэл, гамшиг, өвчин гэж байхгүй тул тэнгэрийн хаанчлалд заавал очих хэрэгтэй биш үү?

Бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа гэж бичсэн байдаг (Фил 3:20-21). Эцэг эх нь тухайн улсын иргэн бол хүүхдүүд нь ч мөн тэр улсын иргэн болдог. Хэрэв та нар Бурханы хөвгүүд, охид мөн бол тэнгэрийн иргэншилтэй болно. Тиймээс та нар Бурханы хөвгүүд, охидод байвал зохих итгэлтэй байх ёстой.

Дэлхий дээр ч хөгжингүй орнуудын иргэншил авахыг хүсдэг хүмүүс сайн үйлс хийж, зохих шаардлагыг хангасан байх ёстой. Үүн шиг бид тэнгэрийн хаанчлалд орох хүртлээ дутуугаа дүүргэж, тэнгэрийн иргэний хувиар төгс зан чанартай болох ёстой. Дээгүүрх зүйлсийг хайж, шинэ хүнийг өмс гэсэн үг байдаг (Кол 3:1-10). Бурханы хаанчлалын хувцсыг өмсөж, Бурханы хаанчлалын хоол болох шинэ гэрээний үгсийг идэх ёстой. “Бүү уурла. Зүй бус авир бүү гарга. Хорон үйлдэл бүү хий. Бүү атаархаж, жөтөөрх. Хулгай бүү хий. Садар самуун явдалд бүү авт.” Библид бүү хий гэсэн болгоныг хийхгүй байцгаая. Өвдөх үед эмч нар өвчнийг сэдрээх хоол хүнс хэрэглэж болохгүй гэж хэлдэг байх аа? “Итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг, итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга. Ингэснээр бидний Эзэн буюу Аврагч Есүс Христийн мөнх хаанчлалд хангалттай орно” гэсэн байдаг (2Пет 1:5-11).

Эдгээр үгийг хэрэгжүүлээд тэнгэрийн хаанчлалд хангалттай орцгооё. Хурц зантай нь сайхан зантай болж, Бурханыг бүрэн ухаараагүй нь Библи сурч ухаараад, зөвт байдлыг дамжуулж чадаагүй нь тунхаглалаар зөвт байдлыг дамжуулж, гэр бүлүүдээ халамжилж чадаагүй нь бусдыг халамжилж, сул дорой хүмүүсийг татгаруулж, урамшуулж, туслаад, бусдыг шархлуулдаг хүмүүс нь сэтгэл шархлуулах үгний оронд ивээлтэй, сайхан үг л хэлж Бурханыг баярлуулах хүүхдүүд болоорой.

Тэнгэрт иргэний харьяаллыг зөвхөн зөвт хүмүүст л олгодог. Мууг үйлдэгч нь Бурханыг харж чадахгүй (3Иох 1:11). Загасчин загас бариад сайныг нь саванд хийж, мууг нь хаядаг шиг Бурхан зөвт хүмүүсийн дундаас хорон муучуудыг ялгана (Мат 13:47-50). Тэнгэрийн хаанчлалын саванд орохын тулд хичээх хэрэгтэй. Содом, Гоморрагийн хүмүүс дэндүү хорон муу, садар самууныг үйлдсэн тул Бурхан тэднийг галаар устгасан, Ноагийн үед ч мөн хүмүүс садар самуун, хорон байсан тул сайн хүмүүс амьдрах аргагүй болоход Бурхан тэднийг усаар устгасан байдаг. Тэр үед “Зөвт байдлыг тунхаглагч Ноа”-г аварч, зөвт Лотыг аварсан (2Пет 2:4-9). Библид “Өнөөгийн тэнгэр ба газар нь галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна.” гэсэн байдаг (2Пет 3:6-7). “Гамшиг тохиолдох вий” гэж айж түгшиж буй хүмүүст аврал хайрлах Бурханыг болон гамшгаас аврах Алгасал баярын үнэнийг их тунхаглацгаая. Сион руу хурдан зугт гэж хэлцгээе (Иер 4:5-6). Үхэж буй сүнсийг аврах нь зөвт байдлыг үйлдэж буй явдал юм.

Хуримын найранд хуримын хувцасгүй ирсэн хүмүүс хөөгдсөн байдаг (Мат 22:8-14). Бидний ариун үйлс бол хуримын хувцас юм (Илч 19:7-8). Христийг өмс гэсэн үг ч байдаг (Ром 13:14). Шинэ гэрээний Алгасал баярыг сахисан тэнгэрийн иргэншилтэй хүний хувиар ариун үйлстэй байцгаая. Шинэ гэрээний зөвт байдлыг сайн үйлсээрээ идэвхтэй тунхаглаж, олон хүнийг Бурханы талд хөтлөөд тэнгэрийн хаанчлалд хангалттай орох тэнгэрийн иргэд болоорой.