Шагнал авна гэдэг баяртай хэрэг. Хүчин зүтгэж ажилласан хүмүүс шагнал авна. Энэ дэлхийд олон төрлийн шагнал байдаг даа. Тэгвэл хязгааргүй уудам тэнгэрийн оронд хэр их шагнал байх бол?
Библид шагналын тухай олон үг гардаг. Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой гэсэн. Итгэлийн өвөг дээдэс бүгд л тэнгэрийн шагналын төлөө гүйсэн. Ноа Бурханы үгэнд туйлаас итгэсэндээ бүхээг барьсан. Бурханы үгийг итгэлээр дагасныхаа ачаар Бурхан дэлхийг усаар шүүх үед Ноа гэр бүлээрээ аврагдсан. Мосе Фараоны охины хүүгийн хувиар хамгийн дээд яруу алдар эдлэх байр сууринд байсан ч Египетийн ордонд нүглийн цаг зуурын зугаанаас израильчуудын хамт ад үзэгдэхийг сонгосон. Учир нь тэрээр тэнгэрийн орны мөнхийн шагнал өөд харж байсан юм. (Евр 11:6-26)
Тэнгэрийн оронд очвол бүгд л шагнуулна. Бурхан бидний төлөө шагнал бэлдэж, “Үйлдсэнийх нь дагуу буцаан төлнө” гэж айлдсан. (Илч 22:12) Ноад өгсөн дуулгаврын шагнал, Мосед өгсөн тэвчээрийн шагнал, Абрахамд өгсөн итгэлийн шагнал, ерөөлийн үнэ цэнийг ухаарсан Иаковт өгсөн ухаарлын шагнал, Давидад өгсөн эр зоригийн шагнал, Соломонд өгсөн мэргэн ухааны шагнал гээд Бурхан олон шагнал өгнө. Гидеонд өгсөн дайчдын шагнал, Даниелын гурван найзад өгсөн итгэлийн шагнал, Иошуад өгсөн эр зоригийн шагнал, Петрт өгсөн итгэмжтэй байдлын шагнал, элч Паулд өгсөн хүсэл тэмүүллийн шагнал гээд л. Мөн үр жимсний шагнал, даруу байдлын шагнал, итгэл сүсгийн шагнал, буулт уучлалын шагнал, хайр халамжийн шагнал, дэг журмын шагнал, зохион байгуулалт эмх цэгцийн шагнал, үйлчлэлийн шагнал, хайрын шагнал зэрэг бий. Тунхаглагчдад аяга хүйтэн ус өгсөн ч бид шагналаа алдахгүй гэсэн. Тийм байхад Бурхантай хамт сайн мэдээний төлөө зүтгэсэн Сионы хүүхдүүддээ хичнээн агуу шагнал өгөх бол?
Эцэг алдагдсаныг хайж энэ дэлхийд ирж, ямар ч орчин нөхцөлд үргэлж сайн мэдээ тунхагладаг байв. Бурхан бол гэрэл учраас бид ч бас гэрлийн хүүхдийн хувиар Бурханы хайр, үнэний гэрлийг олон хүнд гэрэлтүүлэх ёстой. Шагнагч Бурханд итгэн, цагаа олсон ч, олоогүй ч уйгагүй тунхаглавал шагнал авахдаа л авна. (2Тим 4:1-8) Шинэ гэрээний сайн мэдээ тунхаглавал там руу явах байсан сүнснүүд мөнх амь аваад, тэнгэрийн хаанчлал явж, хаан тахилч болж, тэнгэрийн өв авна. Тиймд хийж буй ажил бүхэн чинь тэнгэрийн оронд шагнал хүртэх ажил юм шүү.
Тэнгэрийн хаанчлалд очоод ийм үнэ цэнэтэй ажил хийх боломж соёрхсон Бурханд талархахаа огт мартаж болохгүй. Есав ууган хүүгийн эрх авсан ч үнэ цэнийг нь мэдэхгүй, улмаар үл тоосон. Эцэст нь ууган хүүгийн эрхийн үнэ цэнийг мэддэг Иаковт ерөөлөө булаалгасан. Саул ч мөн Бурханы үгийг үл тоосон тул Бурханы үгийг үнэ цэнэтэй гэж үзэж, дуулгавартай дагасан Давидад хаан ширээ нь оногдсон. Тэнгэрийн ууган хүүгийн хувьд ийм агуу ерөөлийг үл тоолгүй, Эцэгийн хүссэнээр, Бурханы хуулийн дагуу гүйж, тэнгэрийн титэм заавал аваарай гэж хүсье. (1Кор 9:24-27, 2Тим 2:3-6) Зовлон бэрхшээл байж мэднэ ээ. Гэвч энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх алдрын дэргэд юу ч биш, зөвт байдлын төлөө хавчигдагсдын тэнгэр дэх шагнал агуу гэсэн дээ. (Ром 8:18, Мат 5:10-12) Элч Паул мөн дуудлагын шагналын төлөө тэнгэрийн хаанчлал өөд гүйсэн. (Фил 3:12-14) “Өөрт буйгаа бат сахь”, “Үйлсийг минь эцэс хүртэл хамгаалагсдад үндэстнүүдийн дээгүүрх эрх мэдэл өгнө” гэсэн үгэнд итгэн, сайн мэдээний үүргээ эцсээ хүртэл биелүүлцгээе. (Илч 3:11, 2:26)
Бурхан биднийг шинэ гэрээгээр нэг бие болгож, мөнхийн тэнгэрийн орон руу хөтөлдөг. Уудам сансар огторгуй, галактикийн оддын ертөнцөөр Бурхантай хамт аялна гэж айлдсан. Эрх чөлөөний яруу алдарт орон, дайн дажингүй хайраар дүүрэн орон, өдөр бүр шинэ зүйл бүтээгдэж, баяр хөөр бялхдаг үзэсгэлэнтэй оронд амьдрахын тулд бид өө сэвгүй, гэм зэмгүй байхыг хичээх ёстой юм шүү. (2Пет 3:6-14) “Олон шагнал авахын тулд бид яах ёстой вэ?” гэж дор бүрнээ дотроо бодож, өнөөдрөөс эхлэн шагнал хүртэхийн тулд шаргуу ажиллацгаая. Алдагдсан ах, эгч дүү нараа бүгдийг нь олж, хайраар санаа тавьж, үйлчилж, тэнгэрийн хаанчлал руу хөтлөн, Бурханыг баярлуулж, Бурханы бэлтгэсэн олон шагналыг авахыг хүсье.