Бурханы үгэнд итгэх нь Бурханыг баярлуулдаг. Итгэж, үйлдвэл Бурхан баярлаж, шагнал өгнө (Евр 11:6).
Итгэлийн өвөг дээдсүүд Бурханыг баярлуулж, Бурханаас эмээдэг байсан учраас ерөөгдсөн. Бурхан Ноад хандан “Бүхээг барь” гэж айлддаг. Хүмүүс маш их завхарч, хорон болж хүн амьдрах аргагүй болсон тул Бурхан дэлхийг үерээр устгана гэж айлдсан. Хэдийгээр энэ нь махан биеэр бодвол хийж чадахааргүй, итгэмээргүй зүйл байсан ч Ноа Бурханы үгнээс эмээдэг байв (Еврей 11:7). Бурханаас эмээхгүй бол үгийнх нь дагуу үйлдэж чадахгүй. Бурханаас эмээж, мөн итгэж, бүхээг барьсны үр дүнд Ноа болон ар гэрийнхэн нь үерээс аврагдсан (Эхл 6-8).
Абрахам ч бас Бурханаас эмээснээрээ ерөөгдсөн (Евр 11:8). Бурхан Абрахамд “Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс яв” гэж айлдахдаа хаашаа явахыг нь зааж өгөөгүй, харин “Миний чамд харуулах нутаг руу яв. Тэгвэл чамайг ерөөе” гэж хэлсэн. Тухайн үед овгийн нийгэм байсан тул эх нутгаасаа гарвал идэх хоолгүй, орох оронгүй, бусдын заналхийлэлд өртөх тул үхэхэд бэлэн байх шийдвэр гаргах ёстой байв. Энэ нь Бурханаас эмээж, Түүнд бүрэн итгэхгүйгээр хийх боломжгүй зүйл байсан. Гэвч Бурхан зүгээр л яв гэж хэлээгүй “Хэрэв чи Миний чамд харуулах нутаг руу явбал Би чамайг агуу үндэстэн болгож, чи ерөөлийн үндэс болно” гэж ерөөсөн (Эхл 12:1-2). Ерөөлийн үндэс гэхээр энэ нь хамгийн агуу ерөөл биш үү? Хүнд хэцүү, бэрх зүйлийг дуулгавартай сахисан учраас ерөөл ч том байх юм. Ерөөл авахын тулд Бурханы үгнээс эмээж, Түүний амлалтад итгэх нь чухал. Тэгвэл итгэлийн дагуу болно. Бурханаас эмээж эх нутгаа орхин явсан Абрахам хаана ч явсан ялалтад хүрч, аглаг буйд газар байсан ч түүний байгаа газар үржил шимтэй болдог байв. Мөн “Үр удмыг чинь од мэт олон болгоно” гэсэн ерөөл хүртэж, хүүсэр эхнэр Сара нь хүү бэлгэнд авсан.
Бурханаас эмээх итгэлтэй байвал бид ч Абрахам, Ноа шиг ерөөл авах боломжтой. Усан галавт автан устгагдсан Ноагийн үе шиг сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийг Библи зөгнөдөг (2Петр 3:6-7). Хэрэв Бурханаас эмээдэг бол Түүний үгэнд ч бас итгэх ёстой. Ноа бүхээг хийгээд аврагдсан шиг одоо бол авралын бүхээг болох Сионд хоргодож байж амьд үлдэнэ (Иер 4:5-6). Содом, Гоморра сүйрэх үед Лотын хүргэд энэ үгийг тоглоом хийж байна гэж хүлээн авсан шиг Бурханаас эмээдэггүй хүмүүс “Арай үгүй байлгүй” гэж бодоод Бурханы үгийг дагадаггүй. Бурханы үг айлдсан ёсоороо болдог гэдэгт итгэх ёстой. Урьд хожид болж байгаагүй аймшигт гамшиг буухаас өмнө үхэж буй сүнснүүдийг Сионд хурдан авчрах нь хайр юм (Илч. 7:1-3).
Хезекиагийн үед Бурханаас эмээж, Алгасал баяр сахисан Өмнөд Иудагийн ард түмэн аврагдсан бол амлалтын үгнээс эмээхгүй, харин ч элэглэн дооглосон Хойд Израиль устгагдсан түүх Библид байдаг (2Шас 30:1-10, 2Хаа 18:9-12, 19:30-33). Бурханы үг мөн л бол бид түүнийг сахиж гэмээнэ ерөөл хүртэнэ. Зуух мэт шатаж буй өдөр ирэхэд Бурханаас эмээдэг хүмүүс гамшгаас аврагдаж, хашаанаас гарсан тугал мэт харайлгах боловч Бурханаас эмээдэггүй, үгэнд нь итгэдэггүй, сахидаггүй хүмүүс үнс болох болно гэж айлдсан (Мал 4:1-3). Бурхан үгнээс нь эмээгч ба үл эмээгчдийг ялгана (Мал 3:16-18). Саул хаан Бурханы үгийг сонсохгүй болмогц Бурханаас эмээдэг Давидыг сэтгэлдээ нийцсэн хүн гэж үзэн, Саулын оронд түүнийг хаан болгосон. Үүний нэгэн адил тэнгэрийн орны хаан тахилч болохын тулд Бурханаас эмээж, Бурханы зүрх сэтгэлд нийцсэн хүн болох ёстой.
Итгэлийн өвөг дээдсүүд ерөөл амласан үгэнд итгэдэг байсан учраас тэгтлээ хичээл зүтгэл гаргасан. Бид ч мөн үзэсгэлэнтэй тэнгэрийн орныг өв болгон өгнө гэж амласан үгсийг эмээн дээдэлж ерөөл авцгаая. Бурханы үгнээс эмээж, чанд сахих нь тэнгэрийн хаанчлалыг хүчээр авах явдал юм. Бурханаас эмээж Абрахам, Ноа нар шиг ерөөгдөж, элч Паул шиг зөвт байдлын титэм ч авч, Петр шиг тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг ч хүлээн авч, Бурханд таалагдах Сионы хүүхдүүд болоорой.