Бурханы зөгнөл хурдацтай биелсээр л байна. Дэлхийд болж буй үйл явдлаар энэ үеийг шинжиж, тэнгэрийн хаанчлал руу эрч хүчтэйгээр гүйх хэрэгтэй гэж Библид бий. (Лук 12:54-57) Зөгнөлийн үгсийг унших, сонсох нь чухал ч тэдгээрийг сахих нь хамгийн чухал. (Илч 1:3) Бурханы үг л бол юу ч байсан сахиж, хэрэгжүүлж байж л ерөөл авна. (Дэд.хуу 28:1-14)
“Болгоомжлогтун, сэрэмжлэгтүн” хэмээгээд, “Хүний Хүүгийн залрал Ноагийн өдрүүдтэй адил байх юм” гэж айлдсан. (Мат 24:37-44) Ноагийн үед хүмүүс маш тэрслүү, хорон муу байсан тул Бурхан тэднийг устгаж, зөвхөн Ноагийн гэр бүлийг аварсан түүх байдаг. Бурхан Ноад “Би бороо оруулж, үер буулгах тул чи бүхээг хийж, дотор нь хүмүүсийг амьтдын хамт оруул” гэхэд Ноа итгэлээр Бурханы үгийг хэрэгжүүлж, үр дүнд нь өөрөө болон гэр бүл нь аврагдсан.
Гай зовлон, сүйрэл тохиолдох бүрд Эцэг хоргодох газар зааж өгдөг. Содом, Гоморрагийн үед хүмүүс дэндүү хорон муу байсан тул Бурхан тэднийг галаар устгана гэх үед Лот болон охид нь тэнгэр элчийн зааврын дагуу Зоар руу зугтаж аврагдсан. Иерусалим сүйрэх үед ч Бурхан зөвхөн сүйрэл зөгнөсөн биш хоргодох газрын тухай ч мөн зөгнөсөн. Тэгээд Бурханы үгэнд итгэж, Пелла руу зугтсан хүмүүс амьд үлдсэн.
Энэ Ариун Сүнсний үед Бурхан Сион руу зугт хэмээсэн. Төгс хүчит Бурхан Сионд оршиж, Өөрөө хоргодох газар болж биднийг хамгаалдаг тул гамшиг тохиолдсон ч айх юмгүй. (Иса 33:20-24, Иер 4:5-6, Дуу 32:7, 91:7-10) Гал дунд ч шатаахгүй, усанд ч живүүлэхгүй гэсэн Бурханы амлалт Библид бий. (Иса 43:1-3) Шадрах, Мешах, Абеднего нар алтан хөрөгт мөргөөгүйгээс болж галтай зууханд хаягдсан ч Бурханы хамгаалалтаар үс нь ч хуйхлагдаагүй, дээл нь ч хувираагүй. (Дан 3:14-30) Алгасал баяр сахисан ард түмэн Улаан тэнгис гатлахад ч, Иордан гол гатлахад ч Бурхан тэднийг хамгаалж, Канаан нутаг руу хөтөлсөн.
Зуух мэт шатах өдөр ирэхэд Бурханы нэрээс эмээгчдийн төлөө эдгээх туяа гийж, тэд хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно хэмээн айлдсан. (Мал 4:1-2) Алгасал баяраар Бурханы ариун мах цус дотор чинь орсон л бол гамшиг ойртсон ч Бурханы мах цусыг хараад зугтана. Бид Алгасал баяр соёрхсон Бурханы нэрийг дуудах ёстой. Ариун Эцэгийн үед Ёховагийн нэрийг дуудсан хүмүүс аврагдаж, Ариун Хүүгийн үед Есүсийн нэрийг дуудсан хүмүүс аврагдсан. Одоо бол Ан Сан Хун Христийн нэрийг дууддаг хүмүүс аврагдана. (Ром 10:13-15)
Гамшиг болохоос өмнө ертөнцийн хүмүүст хоргодох газар зааж өгөх хэрэгтэй. (2Пет 3:6-14) Бидэнтэй хамт байдаг Ан Сан Хун Бурханы нэрийг дуудаж аврал авахад нь туслах ёстой. Хүн хэзээ, ямар өдөр үхэхээ мэдэхгүй. Бурханы хамгаалалтгүй бол нээрээ аюултай биш үү? Бурханы үг тунхаглах үед үүнийг ухаарах хүмүүс ч, тунхаглагчид ч амьдрах болно. (Езе 3:17-21)
Бурханы нэрээр ялсан хүн олон байдаг. Балчир Давид Бурханд итгэж, аварга Голиаттай айдасгүйгээр нүүр тулсан. Давид “Би Эзэний нэрээр чам руу ирж байна” гээд чулуу дүүгүүрдэхэд нь Бурхан Давидын итгэлийг хараад Голиатын духанд тэр чулууг онуулсан. (1Сам 17:32-50)
Бурхан хамт байгаа болохоор бид ч айх юм байхгүй. Энэ үнэт амийн үгийг сэтгэлдээ хүртлээ их тунхаглацгаая. Баярт мэдээ тунхаглагчийн хөл, баяр хөөртэй мэдээ хүргэдэг уруул үзэсгэлэнтэй. Ийм үзэсгэлэнт уруул, үзэсгэлэнтэй хөл болоорой. “Маргаашаар бүү сайрх” хэмээсэн тул өрөвдөлт сүнснүүдийг хурдан гэмшүүлж, тэднийг Сион руу хөтлөөд Эцэгийг баярлуулах хүүхэд болоорой. (Сур.Үгс 27:1, Лук 15:7) Хөршүүдээ тууштай хайрлаж, олон хүнийг Бурханы талд хөтлөөд нэрс чинь тэнгэрийн оронд од мэт үүрд мөнхөд гэрэлтэж, их ерөөл авахыг хүсье.