Том хөлөг онгоцыг жижигхэн залуураар жолоодож далай хөндлөн гаталдаг шиг бидний хэл ч бас жижигхэн эрхтэн боловч хэрэглэгдэхдээ асар их зүйлийг бүтээдэг. (Иак 3:2-6) Энэ нь хэн нэгнийг аварч ч болно, хөнөөж ч мэднэ. Үг хэл буруудвал сүйрнэ, харин хэлээ ухаалаг хэрэглэвэл өөдлөн дэвжинэ. Хэлний хүч тийм л агуу юм. Хэрэв хэлээ сайн сайхны төлөө ашиглавал энэ нь хамгийн сайн зүйл болно. Гэвч муу зүйлд ашигласан хэл үнэхээрийн золгүй юм. Хатуу үг хэлтэй хүн хэрүүл маргаан үүсгэдэг. Хүмүүс идэх юмны тухайд зөөлөнд нь дуртай байдаг шиг үг хэлний тухайд ч мөн адил.
Бид Бурханы ивээлтэй үгээр мөнх амьтай болсон. Бид хэлээ сайн сайхны төлөө, энэ хэлийг бидэнд өгсөн Бурханы төлөө ашиглах ёстой. Эхлэл номд могой ертөнцийн сууриас эхлэн хэлээрээ худал үг хэлсэн. (Эхл 2:16-17, 3:1-6) Худал ярьдаг хэлэнд уруу татагдах нь ч бас нүгэл болно. Бид Бурханы үгийг төв болгон итгэх ёстой. Гэтэл сорилтонд орвол Бурханы үгнээс илүү өөрийгөө зөвтгөх үг сайхан сонсогддог. Чихэнд чимэгтэй үгэнд хууртвал муу юм ч сайхан харагдаж, Бурханы үгийг мартахад хүрдэг тул болгоомжлох хэрэгтэй.
Хэрэв гомдоллож дургүйцэж эхэлбэл аль хэдийн диаволын урилгыг хүлээн авсан хэрэг. Гомдоллож, дургүйцсэн үг сонсвол Бурханд талархахаа больдог. (1Кор 10:9-12) Гомдлын чанартай ганц үг хажуудаа байгаа гэр бүлийг, бүр цаашлаад бүх гэр бүлийг гомдоллогч болгож ч мэднэ. Бид Бурханы үгийг сонсохгүй, байнга л гомдоллодог хэлийг дагаад байж болохгүй.
Бурханы охид, хөвгүүд бусад хүн сонсоод сорилтонд орох үг биш харин нигүүлсэл өгөх үг хэлэх ёстой. (Ефе 4:29) Аврал хайрласан Бурхандаа талархах үг хэлэх юм бол гэр бүлүүд маань сайхан харагдаж, үнэнээрээ биширнэ. “Манай гэр бүлүүд шуналгүй, нэг ч болов сүнс аврахын тулд тэгтлээ сэтгэл оюунаа зориулдгийг нь харахаар үнэхээр тэнгэр элч юм аа.” “Бид санаа зовох юм байхгүй тэнгэрийн орон явах болохоор хичнээн жаргалтай гээч.” Иймэрхүү л яриа байнга өрнүүлэх нь зүйтэй. Тэгэх юм бол “Би үнэхээр аз жаргалтай байна” гэж бодох болно. Энэ бол зөөлөн хэл юм.
Хатуу ширүүн үг хэлэхийн оронд дандаа даруу үг, ивээлтэй үг, бусдыг баярлуулах үг хэлцгээе. (Сур.Үгс 15:1-2) Ар гэрт ч эхнэр нөхрийн хэрүүл, эсвэл хүүхдүүдтэйгээ маргах зэрэг нь бүгд л хэлэх үгнээс үүдэлтэй. Нийгэмд ч, итгэлийн амьдралд ч бусдын уурыг намжаах даруу үг, ивээлтэй үг хэлэх нь хайр. Сайхан үгээр ярилцдаг газарт инээд хөөр цэцэглэдэг. Сайхан үгээр ярих нь аз жаргал биш үү?
Одооноос бидний хэл Бурханыг эрэлхийлдэг, Бурханд найддаг, Бурханд гэмшлийн залбирал өргөдөг байх ёстой юм. (Ром 14:11) Татвар хураагч гэмшлийн залбирал өргөсөн бол фарисай хүн өөрөөрөө сайрхсан. (Лук 18:10-14) Нэг хэл нь авралд хүргэхгүй залбирал өргөж, нөгөө хэл нь Бурханы таалалд нийцсэн залбирал өргөсөн. “Би нүгэлт хүн” гэж хэлсэн татвар хураагчийн даруу хэл, даруу залбирлыг Бурхан хүлээн авсан. Бурханд талархаж, Бурханаас гуйж, гэмшиж залбирах цаг бол хэлээ хамгийн сайнаар хэрэглэж буй үе юм.
Бурхан Өөрийн хайртай хүмүүст, үгийг нь сахидаг хүмүүст нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй үзэсгэлэнт тэнгэрийн орныг өв болгон өгнө гэж амласан. (Иох 14:23-24, 1Кор 2:9) Аврагдсан учраас бидний хэл үргэлж баяртай үг хэлдэг байх ёстой. Бурхан бидэнд аврал өгч, тэнгэрийн хаанчлал явахыг зөвшөөрсөн тул тасралтгүй залбирч, бүх зүйлд талархлаа өргөж, Эцэг Ан Сан Хун Христэд яруу алдар өргөн цэвэр буудай үр жимс их гаргаарай.