Хүүгийн ухаан ба боолын ухаан

3920Үзэлт
Жагсаалт

Гэр бүлүүд эв эеийг сахидаг учраас сайн мэдээ хөгжиж байна. Эцэг бидний хүслийн дагуу дэлхий даяар сайн мэдээг хурдан биелүүлж байна.

Дэлхийн яруу алдар өглөөний шүүдэр шиг хурдан алга болдог бол харин тэнгэрийн орны яруу алдар “мөнхийн мөнх” гэж айлдсан. Дэлхийд өндөр албан тушаалд өргөмжлөгдлөө ч ядарч, амжилт ч үй түмэн зовлон дагуулж, зүдэрч амьдрахад хүргэнэ. Үнэндээ шоронд байгаатай л адил. Ийм л амьдралд бидэнд мөнхийн мөнх, үзэсгэлэнтэй, баяр хөөр бялхах тийм тэнгэрийн хаанчлал соёрхсон нь хичнээн ерөөлтэй!

Санаа зовж, бухимдалгүй тэнгэрийн орныг эхлээд бодоцгооё. Үзэсгэлэнт тэнгэрийн орны яруу алдар эдлэх боломж өгөх гэсэндээ тэнгэр Эцэг загалмайн зовлонгоос ч татгалзалгүй, та нарын оронд золиос амссан. Алдагдсан үнэнийг сэргээж, авралд хөтлөхөөр хоёр дахиа үзэгдэж, Алгасал баяр шинэ гэрээгээр та нарт амийн жимс идүүлж, амьдрах боломж олгосон. “Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.” (Иох 13:15) Эцэг анхны болон хоёр дахиа ирэхдээ ямар дуурайл үзүүллээ? Сайн мэдээ тунхаглаж, мацаг барин залбирч, эцэст нь зөвхөн нүгэлтнүүдийн төлөө загалмай дээр Өөрийгөө золиосолсон. Дэндүү даруу, дэндүү өр нимгэн байж, өлөн зэлмүүн, өмсөх хувцас дутуу гацуу ч хүүхдүүдээ л ямагт эхэнд тавьж, халамжилдаг байв. Та бүхэн ч ингэж гэмээнэ Эцэгийг дуурайж буй хэрэг.

Та бүхэн Бурхантай адил бусдыг өөрөөсөө дээр гэж үзэн, бусдын зовлонг эхэлж өрөвдөж, бусдад хэрхэн үйлчлэхээ мэддэг байх ёстой. Авралын үнэ цэнийг ухаарсан элч Паул Бурханы мэлмийд зохистой байхын тулд өөрийгөө хаяж, зөвхөн Христийн сэтгэлийг дотроо байлгасан гэсэн. (Гал 2:20) Бүх хүнийг аврахаар ирсэн Христийн сэтгэлийг өвөрлөж гэмээнэ та нар гэр бүлүүдээ ойлгож, хүлээн авна. Энэ нь л хайр. Дэлхийд одоо хайр маш их хэрэгтэй. Бурхан та нарыг хайрладаг шиг та нар ч хүнд бэрх байдалд байгаа хүмүүст халуун дулаан хандаж, тэдэнд хайр түгээх хэрэгтэй.

Эцэг та нарыг шинэ гэрээгээр аварч, тэр мөчөөс эхлэн та нарыг боол биш хүү гэж дуудсан шүү дээ. (Гал 4:1-9) Одоо боолын үүрэг биш хүүгийн үүрэг гүйцэтгэх ёстой. Зөвхөн цалингаа авахдаа л санаа тавьдаг боол ажил бүтэмжтэй эсэх, ургац бороонд цохиулсан эсэх хамаагүй цаг нь дуусмагц л явна. Харин хүү өв залгамжлах эзний хувиар амжилт ололтын төлөө хамаг бүхнээ дайчилдаг. “Хэрэв та нар Абрахамын хүүхдүүд байсан бол Абрахамын үйлдсэнийг үйлдэхсэн.” (Иох 8:33-40) “Хэрэв та нар Бурханы хүүхдүүд юм бол Бурханы хийснийг хий” гэсэн утгатай. Бурхан “Би тунхаглахаар ирсэн” хэмээгээд, дээрэмчидтэй таарч үхлүүт болсон хүнийг аварсан сайн самари хүн шиг хүн төрөлхтнийг аврах ажил хий гэж айлдсан. Абрахамын хүүхдүүд бол итгэл чинь Абрахамынх шиг хүчтэй байх ёстой төдийгүй та нар Бурханы хүүхдүүд мөн л бол өрөвдөлт сүнснүүдийг аврах ёстой.

Нэг хүнийг аврах нь тийм ч амар биш. Бусдад санаа тавьдаг хүмүүс өөрийнхөө таагүй байдал, зовлонг бодолгүй, харин бусдад нийцүүлдэг. Сайхан сэтгэлтэй болж дахин төрөхийг хичээх нь сэтгэлийн зовлон авчирдаг ч ингэж л нэг амь авардаг. (Иохан 12:24-25) Хэцүү ажил учраас л Эцэг та нарыг хий гэсэн хэрэг. Амархан ажлыг хэн ч хийж чадна. Харин хэцүү ажлыг төдийлөн хүн бүр давж чаддаггүй. Тиймээс тэрийг хийх нь л илүү ерөөлтэй.

Тэнгэрийн ууган хүү болохын тулд тэнгэрийн ууган хүүгийн ухаанд суралцаж, тэнгэрийн хааны гэр бүлийн хуулийг сурах ёстой. Тэнгэрийн хаан тахилч нар сайн зан чанартай, ариун ёс журамтай байх ёстой төдийгүй Библийн сургаалын дагуу бусдад ивээлтэй үг л хэлдэг байх ёстой. Бусдад анхаарал тавьж, тусалж, тус дэм хэрэгтэй хүмүүст хайраар туслахын зэрэгцээ Эцэгийн соёрхсон хамгийн агуу хайр болох хэзээ ч үл төгсөх мөнх амийн бэлгийг дамжуулах учиртай юм.

Боолын ухаанаар биш эзний ухаан, хүүгийн ухаанаар нэг сүнс аварцгаая. Мөн ах дүү, эгч дүү нартаа зарц мэт үйлчилцгээе. Хэн нэгэн өөрт чинь сайн ч хандсан бай, муу ч хандсан бай тэдний сүнсний төлөө тэдэнд үйлчилж, Бурханы хүү охидын ухаанаар сүмийн сайн мэдээний төлөө л бол юу ч бай сэтгэл оюунаа зориулцгаая. Эцсээ хүртэл эв эеэ сахиж, хаанчлалын сайн мэдээг гүйцээцгээе.