Нэгдмэл итгэл

4312Үзэлт
Жагсаалт

Сайн мэдээний ажлыг зовлон бэрхшээл дагалдана. Махан биеийн тухайд хүүхэд төрүүлж өсгөх хэцүү байдаг шиг сүнс аврах ажил болон сайн мэдээний тухайд ч мөн адил. Гэсэн ч үр дүн нь сайн байдаг тул сайн мэдээг “сайхан зовлон” гэдэг.

Бурханы хүн болон дахин төрж, өөрчлөгдөх үйл явцад зовлон дагалдана. Нэгэнт л хүнд нүгэл үйлдээд тэнгэрээс бууж ирсэн тул нүглийн хир өвдөлтгүйгээр арилах боломжгүй. Өвдөлт амсангаа нүглээсээ цэвэршиж, Бурханы төрхөөр өөрчлөгдөж байж л тэнгэрийн хаанчлал явна. Уг нь бие биенээ өөрчлөхөд тустай тул харилцаа сайн байх ёстой атал зарим үед гэр бүлүүдээ тэнгэрийн оронд хөтлөх гэж хичээх явцад бусдын бодол өөрийн чинь бодлоос өөр байдгаас болж зөрчил маргаан үүсдэг.

Бурхан бидэнд Христийн бодолтой байж, зүрх сэтгэлээ Христийн сэтгэл болгон өөрчил хэмээсэн. Өөрийнхөө бодлыг хүлээн зөвшөөрүүлж байж л санаа амардаг нүгэлт зан чанараасаа нэг сүнс аврахын тулд Өөрийгөө золиосолсон Бурханы сэтгэлтэй болж өөрчлөгдөх ёстой. Ах дүүс нэгдэхэд Бурхан хичнээн их баярладаг болоод тэнд ерөөл, мөнх амь өгнө гэж амласан байхав дээ. (Дуу 133:1-3) Мөнх амь авч, тэнгэрийн орон явахын тулд өнөөдрийг хүртэл бид сүнс аврах ажилд л бүхнээ зориулсаар ирсэн. Тэгэхээр нэгдэх л ёстой.

Хүмүүс зарим нь кола шиг, зарим нь ус шиг зантай байдаг гэнэ. Колаг сэгсрээд бөглөөг нь авмагц “пон” гээд л оргилж, хавийн хүн рүү цацагдана. Харин усыг сэгсэрсэн ч хөөсөрч оргилохгүй, бусдыг зовоохгүй. Адгуу, тэвчээргүй кола шиг зантай биш ус шиг намуухан дөлгөөн зантай болцгооё.

Бидний дотор хэн нэгэн өдөнгүүт уурлаж, хэрүүл маргаан үүсгэдэг нүгэлт зан чанар, Бурханы Сүнс хоёр хамт бий. Бид Сүнсээр явах ёстой. Хэн нэгэн сэтгэлийг чинь өвтгөсөн ч үйлчлэх сэтгэлээр уучлахыг хичээ. (Гал 5:13-26) Бусдыг өөрөөсөө дээр гэж үзвэл л үйлчилж чадна. “Ах дүүгээ уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарын нүглийг мөн уучилна” хэмээсэн. (Мат 6:14) “Дээрээс төрж байж л тэнгэрийн хаанчлалыг үзнэ” гэсэнчлэн тэнгэрийн орон явахын тулд махан биеийн шуналаа хаяж, Сүнсээр явах ёстой. Нэгдэж чаддаггүй зуршлаа хаяж, үргэлж эвсэн зохицож, эвлэн нэгддэг зантай болж дахин төрөх ёстой.

Том сав болсон эсэхийг мэдэх гээд Бурхан үргэлж санааг минь зовоох гэр бүлийг дэргэд маань байлгаж ч мэднэ. Сайн ханддаг гэр бүл л хажууд маань байвал том сав болох боломж гарахгүй шүү дээ. Зовлон бэршээл дунд ч нэгнийгээ тэвчиж, бие биенээ хайраар тэвэрвэл тэнгэрийн оронд очоод хаан тахилч болно.

Бид нэг биеийн эрхтнүүд. Христийг тэргүүнээ болгосон нэг биед хамрын үүрэг, чихний үүрэг, хөмсөгний үүрэг, гарын үүрэг, хөлийн үүрэг гүйцэтгэдэг гэр бүлүүд байдаг ч бүгд эрхэм эрхтнүүд. (1Кор 12:12-27) Хэн нэгнийг дорд үзэх ч ёсгүй, өөрийгөө дээр гэж үзэх ч ёсгүй. Бурхан хөлийн улыг ч чухал гэж үзэж, “Сайн мэдээ тунхаглагчдын хөл юутай сайхан” гэж айлдсан шүү дээ. (Ром 10:13-15)

Уур хүрсэн ч тэвчиж, “Эцэгт миний энэ байдал сайхан харагдах уу? Санааг нь зовоох уу?” гэж эхлээд бодох хэрэгтэй. Биднийг нүгэлт мөн чанараас эргүүлж, Өөрийн үзэсгэлэнт төрхөөр өөрчлөх гэж л Бурхан энэ дэлхийд ирсэн. Бурхан хэрнээ боолын дүрийг авч, хүмүүстэй адил болж золиос амссан Христийн бодолтой байх ёстой. Тэгж байж л нэгдэн, тэнгэрийн орон явна.

Бид Ариун Сүнсний хүсэл дотор тэнгэрийн сүнслэг ариун газар болохоор холбогдож байгаа. (Ефе 2:19-22) Бурхан хоорондоо нэгдээд тэнгэрийн оронд ир гэж байхад үүнээс татгалзаад нэгдэхгүй байж болохгүй юм. Зан чанар сайхан болж өөрчлөгдвөл төгс тэнгэр элч болно. Бидний нүгэлт төрхийг Бурханы цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө гэж амласан. Хоорондоо эвсэн нэгдэж, Бурханы хүүхдийн төрхөөр төлөвшиж, сайн үйлсээр жишээ үзүүлдэг гэр бүлүүд болоорой. (Фил 3:17-21)