Хүн ер нь өргөмжлөгдөхийг хүсдэг. Нэгнээсээ шархалж, эв эегүй байдал үүсэх шалтгаан нь өөрийг нь өргөмжлөөгүйтэй холбоотой байдаг.
Бурхан хүүхдүүдээ ертөнцөд ч гэрэл болж, Бурханаас ч хайр их хүртээсэй гэж хүссэндээ даруу байдлын талаарх сургамж өгсөн. Тэнгэрийн Хаан, эрхэм дээд Бурхан учраас даруу байх шалтгаан байхгүй ч гэлээ энгийн хүнтэй адилхан махан бие өмсөж энэ дэлхийд ирээд энэрэнгүй, даруу байдлын жишээ үзүүлж “Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу” гэж Өөрөө биечлэн даруу байхыг зааж сургасан (Мат 11:28-29). Мөн зохистой цагт нь өргөмжлөх тул энэ дэлхий дээрх итгэлийн амьдралдаа даруу бай гэж бидэнд сургасан (1Пет 5:6).
Бурхан хүүхдээ дорд байхад дуртайдаа дорд даруу бай гэж айлдсан байх уу? Даруу байдал бол тэнгэрийн оронд очиж өргөмжлөгдөх явц юм. Даруу байж гэмээнэ хүндэтгэл, хайрыг хүртэж, даруу байдлаар Бурханаас эмээвэл яруу алдар, эд баялаг ч олж авч, амийг ч олж авах юм (Сур.Үгс 15:33, 22:4).
Даруу байж чадахгүйгээс алив хэрүүл маргаан, хорон муу үйлдэл гардаг. Бардам хүмүүс бусдын үгийг сонсдоггүй. Өөрийнхөө л эрх ашгийг бодож, өөрийгөө л зөв гэж бодно. Тийм төрх байдлаасаа ангижирч дахин төрж чадахгүй бол тэнгэрийн хаанчлал явж чадахгүй. Тиймээс л зөвт Бурхан Өөрөө ирээд мах цусаа бидэнд идүүлж уулгаснаар Бурханы сайхан зан чанартай болгож өөрчилсөн (Иох 3:3). Бурхантай нэг бие болсон бид адил сэтгэж, даруу сэтгэлээр бусдыг өөрөөсөө дээр гэж үзэн, өөрийнхөө л ажлыг гэхээс илүү итгэгч нараа ч халамжилдаг байх ёстой (Фил 2:2-9).
Бурхан даруу хүнийг аварч, даруу хүний хүсэлтийг сонсдог (Иов 22:29, Дуу 10:17). Хайрын үр жимс гаргахын төлөө ч болов даруу байх ёстой. Даруу биш хүнд хайр байх аргагүй. Бүх хүн нүглийн улмаас үхэх тавилантай ч Бурхан тэр бүх нүглийн оронд Алгасал баярын хурга болж цусаа урсгаснаар бид мөнх амийг олж авах болсон юм. Тийм болохоор л Алгасал баяр сахихыг зөвлөх нь хамгийн агуу хайр учраас тэр хайрыг дамжуул гэж айлдсан хэрэг. Энэ хайрыг ч мөн даруу байж л тунхаглаж чадна.
Элч Паул тухайн үеийн хүмүүсийн атаархдаг Ромын иргэншлээс авхуулаад эрдэм мэдлэг, эд хөрөнгө, эрх мэдэл, нэр алдар гээд бүх л тал дээр бүхнийг эзэмшсэн хүн байв. Гэсэн ч Бурханд дуудагдаж, сайн мэдээ тунхаглаж эхлээд бардам зангаа хаяж, даруугаар, нулимсаар тунхагласан (Үйл 20:17-20). Даарч хөрч, хувцас хунар муутай, өлсөж цангаж, олон удаа ташуурдуулсан ч гэлээ тэрээр тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийг мэддэг байсан учраас зовлонгоо зовлон гэж үзээгүй зөвхөн сүмүүд болон итгэгчиддээ л санаа зовж байсан.
Бурхан энэ дэлхийд ирээд сайн мэдээ тунхаглахдаа хавчигдсан шиг Бурханы өв залгамжлагч болох бид ч мөн энэ дэлхийд дорд хүний хувиар даруугаар зовлон ч бас амсах ёстой (Ром 8:16-18). Шагнал авах хүмүүс хэзээд л бусдаас илүү хичээл зүтгэл гаргадаг. Сайн мэдээнд ч мөн Паул шиг хичээл зүтгэл гаргадаг хүмүүс тэнгэрийн оронд очоод том шагнал авна.
Библийн баатрууд даруу зангаар ялалт байгуулж, харин бардам зангаасаа болж ихийг алдсан байдаг. Саул Бурханд дуудагдаж Израилийн хаан болсныхоо дараа анх байсан даруу сэтгэлээ гээж, Бурханы үгэнд дуулгаваргүй хандах нүгэл үйлдсэн. Бурхан түүнийг хаан болгосондоо харамсаж түүнийг орхисон (1Сам 15:10-19). Түүний уршгаар Саулд муу сүнс орж, хааны суудал даруу Давидад шилждэг.
Ийм түүхийг тэмдэглэсэн утга учир нь “Итгэгч нараа захирахын оронд харин ч тэдэнд даруугаар үйлчил, үйлчилбэл тэнгэрийн оронд өргөмжлөгдөнө” гэсэн амлалтын үг юм. Бид Бурханы цог жавхлант биетэй адил болж өөрчлөгдөөд тэнгэрийн орон явбал Бурхан биднийг өргөмжилж “хаан тахилч” болгоно (Фил 3:20-21, 1Пет 2:9). Олон хүнд даруугаар үйлчилж, хайр хөрсөн энэ ертөнцөд хайрын үг их тунхаглацгаая. Тийн үйлдэж ертөнцийн хүмүүсээр ч “Нээрээ л Бурханы хөвгүүд охид юм” гэж магтуулж, Ан Сан Хун Бурхандаа их яруу алдар өргөх Сионы хүүхдүүд болоорой.