Христ бол толгой, харин бид биеийн эрхтнүүд юм (1Кор 12:12-27). Махан биеэр бол бүх эрхтэн толгойноос заавар авдаг. Үүн шиг биднийг тэнгэрийн орон явах хүртэл заавар өгдөг Нэгэн бол Бурхан буюу Ариун Сүнс юм. Амралтын өдрийг бидэнд ерөөл өгөх гэсэндээ Ариун Сүнс Бурхан өгсөн, Алгасал баярыг ч биднийг гамшгаас аврагдаж, мөнх амьтай болоод тэнгэрийн орон яваг гэсэндээ зааж өгсөн.
Аврахын тулд хоёр дахиа ирнэ гэсэн үг ёсоор (Евр 9:28) мөнх амьтай болоход хамгийн хэрэгтэй зүйлийг бидэнд заасан Нэгэн нь Ан Сан Хун Эцэг Бурхан юм. Ариун Сүнсний заавар, тушаал, захисан үг бүхэн нь амь болохоор бидэнд Ариун Сүнс зайлшгүй хэрэгтэй. Бид Бурханы хүүхэд учраас Бурханы Ариун Сүнс хэрэгтэй. Тэгж гэмээнэ хүссэн ерөөлөө авна.
Филип тайган амбанд тунхаглаж, баптисмд хөтөлсөн нь Ариун Сүнс удирдсан учраас юм (Үйл 8:26-39). Филип бол Ариун Сүнсний үгийг бүрэн хүлээн авсан шавь байсан юм. Тэрээр сүнс аврах хүслээр дүүрэн байсан учраас Сүнс Филипт тэр тэргийг гүйцэн оч гэж хэлсэн. Паулыг тунхаглах үед Бурхан Лудиагийн зүрхийг нээж, түүний үгийг сонсгосон байдаг (Үйл 16:6-14). Паул Есүс бол Христ мөн гэдгийг тунхаглахад бүх зүрх сэтгэл, хүсэл, оюун бодлоо бүрэн зориулсан. Паул элч Ариун Сүнсний хүсдэггүй зүйлийг хийхгүй, Ариун Сүнсний хүссэнийг л хийсэн учраас явсан газар болгондоо үр жимс их гаргасан.
Бид ч мөн өөрийнхөө хүслээр хийх гэлгүй Бурханы хүслээр, Ариун Сүнсний зааврын дагуу сайн мэдээний ажил хийх ёстой. Гэхдээ хааяа залбирахгүй ажиллаж, Бурханы үгийн дагуу үйлдэж чадахгүй, Ариун Сүнс хүсдэггүй зүйлийг хийснээрээ Ариун Сүнсний бэлгүүдийг авч чадахгүй тохиолдол гардаг. Бурхан “Сайн нэгдэж, ах эгч дүүгээ халамжилж, Бурханы яруу алдрыг гаргаж ажилла” гэж айлдсан боловч бид гэр бүлүүдээ шархлуулж, ивээлгүй үг, үйлдлүүд хийх юм бол тунхаглахаар явсан ч Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг нээхгүй. Толгой болох Христийн зааврыг дагахгүй, Ариун Сүнсийг эсэргүүцэж байгаа мөртлөө үр жимс гуйвал Бурхан түүнд үр жимс өгөхгүй.
Алтан медалийн төлөө тэмцэж буй тамирчид хүртэл хатуу дэг журамтайгаар бэлтгэл хийж, дасгалжуулагчийнхаа бүх зааврыг ягштал дагадаг. Үүнтэй адил Бурхан бол бидний дасгалжуулагч. Бид бол тэнгэрийн орны зүг гүйж буй тамирчид юм. Бурханы хүслийн дагуу үйлдэж тэнгэрийн орны алтан титмийг авцгаая (Илч 4:1-6, 10-11, 2Тим 4:1-8). Ариун Сүнс “Энэ үеийн явдалд бүү нийц” гэж хэлсэн боловч Бурханы ард түмний үзэх ёсгүйг, хийх ёсгүйг хийгээд уралдаанд гүйвэл унана. Мөн Ариун Сүнс “Сонссон ч, эс сонссон ч тунхагла” гэсэн байхад “Тэр хүн сонсохгүй байх” гэж өөрийн бодлоор хийвэл Ариун Сүнсийг эсэргүүцэж буй хүн юм. Ариун Сүнсний заавраар л хийх ёстой. Шагнал авах хүртлээ итгэлийн уралдаанд сахилга баттай байж, бүх зүйлд өөрийгөө захирцгаая (1Кор 9:24-25).
Библид итгэлийн уралдаанд ялагч болсон гэрчүүд олон бий (Евр 12:1-2). Ноа Бурханы зааврыг хүлээн авч, бүхээг бариад авралын бэлэг авсан, Давид Бурханд итгээд урагш гарч Голиатыг унагаж, Израилийг аварсан. Даниелын гурван найз нь “шүтээнд мөргөхгүй” гээд Ариун Сүнсний хүслийн дагуу үйлдээд галд хаягдсан ч толгойн ширхэг үс нь ч түлэгдээгүй. Мосе ч Фараоны зааврыг дагавал яруу алдар эдлэх хангалттай боломж байсан ч тэнгэрийн орны шагналыг харж Ариун Сүнсний зааврыг дагасан (Евр 11:24-26). Элч Паул, Петр, Иаков, Иохан зэрэг олон эш үзүүлэгч Ариун Сүнсний айлдсан үгийн дагуу үйлдэж, одоо тэд тэнгэрийн оронд байгаа.
Бид ч мөн амийн, Сүнсний хуулийг дагавал нүгэл ба үхлийн хуулиас чөлөөлөгдөж тэнгэрийн орон явна (Ром 8: 1-2). Гэхдээ бид өөрсдийн хүчээр чадахгүй. Ариун Сүнсний хуулиар л ялах боломжтой. Ариун Сүнс та нарын сул доройг мэддэг тул залбирал хийж, амжилтанд хүргэхийн тулд зам нээдэг. Бид бүхэн ч залбирлаа нэгтгэх ёстой. Ариун Сүнсний хэрэгцээг эрэлхийлдэг хүмүүс ариун, амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл, сайн үр жимсээр дүүрэн байдаг. (Иак 3:17-18). Ариун Сүнсний үгийн дагуу итгэлийн уралдаанд идэвхтэй гүйж, тэнгэрийн оронд алтан титэм заавал аваарай.