Тэнгэрийн ард түмэн бол Бүтээгч Бурханы хүү охид. “Абрахамын хүүхэд мөн бол Абрахамын үйлдсэнийг үйлд” гэсэн үг ёсоор Бурханы хүүхдүүд хаана ч явсан Бурханы хүүхдийнх шиг үйлстэй байх ёстой.
Христийн үгс ба итгэл сүсгийн сургаалд эс байваас бардам болж, атаархал, хэрүүл, гүтгэлэг болон ёрын сэжиглэл, ялзарсан санаа гарч, үнэнээс хагацна гэсэн. (1Тим 6:3-6) “Итгэл сүсгийн сургаалд байх” гэдэг нь Бурханы үгэнд ойр, салахгүй дагах гэсэн үг. Бурханы үгтэй ойр амьдарч байж л даруу болж, мөн аврал авна. Итгэл сүсэгтэй амьдрах нь ямар чухал болоод “Өөрсдийгөө итгэл сүсэгт дасгалжуул” гэж айлдаа бол? (1Тим 4:6-8) Сурах, спортоор хичээллэх гээд бүх зүйл дасгал сургуулилтаар л төгс болдог шиг бид итгэл сүсэгтэй болж байж л төгс болж, тэнгэрийн орон явна.
“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж айлдсан. (Мат 4:4) Төөлүүр хорхой нарсны шилмүүс иддэг шиг Бурханы хүүхдүүд Бурханы үг л идэж амьдарна. Юм идэхгүй бол тамир тэнхээ муутай байдаг шиг сүнсний хоол идэхгүй бол өлсөж, хүчгүй болно. Тиймээс Бурханы үг их идэж, бусад хүмүүстэй ч хуваалцах хэрэгтэй. Өөрсдөө ч амьдрахын тулд үг сурч, бусдад ч зааж, аврал руу хөтлөхийн тулд бүх зүрх, сэтгэл, оюунаа зориулцгаая. Библийн үгэн дээр нэмж, хасалгүйгээр Библийг байгаагаар нь заах хэрэгтэй. (Илч 22:18-19)
“Тэнгэрийн хаанчлал нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй түүнийг авч, гурван хэмжүүр гурилд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм” гэж бий. (Мат 13:33) Нэг талх хийх гурил зуурвал тэр нь нэг л хүнд оногдоно. Харин хөрөнгө нэмбэл олон хүн хувааж идэх хэмжээнд хөөж өснө. Үүн шиг өөрийгөө л гэдэг, бусадтай хуваалцдаггүй хатуу сэтгэлтэй хүн ч дотор нь Бурханы үг орвол тэр үгийг барьж дийлэхгүй бусадтай хуваалцахыг хүснэ. Амийн үгээр олон сүнс аврахыг хүсэн, Ариун Сүнсний гал асаж эхэлнэ.
Үнэнийг хүлээж авахаас өмнө махбодынхоо хүслээр амьдарч байсан ч одоо Бурханы хүүхэд болсон юм чинь тэгэх ёсгүй. Бид баптисм хүртэж Христтэй хамт ивээлийн тэнгэрийн хаанчлалд ирээд байгаа. (Ефе 2:1-6) Үйлс үйлдэл маань л зөв байвал мөнхийн тэнгэрийн хаанчлал явна. Харин ивээлийн тэнгэрийн хаанчлал дотор ч Бурханы үгийн дагуу үйлдэхгүй бол унаж ч мэднэ. Тиймээс хайр болох Бурхан биднийг Бурханы хүүхдийн үйлстэй болгож өөрчлөөд тэнгэрийн хаанчлал дагуулж явахаар сургадаг. Бурханы үгнээс холдвол диаволыг эсэргүүцэж чадахгүй тул “Бурханы үгээр өвч зэвсэглэ. Үгийн сэлэм ав” гэж дахин дахин захисан. (Ефе 6:10-19) Бид нүгэлтнүүд учраас угаасаа юу ч хийж чадахгүй. Бүхнийг гүйцэлдүүлэгч нь Бурхан. Тиймээс бид төгс хүчит Бурханд үргэлж залбирч, гуйх хэрэгтэй.
Махбодын бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Махбодынхоор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй. (Ром 8:5-8) Махбодын бодлоороо Бурханы бодлыг үгүй хийх ёсгүй. Энэ газрын аянчны амьдралдаа ч Бурханы үгнээс эмээх хэрэгтэй. (1Пет 1:14-17) Бид итгэл сүсэгтэй амьдарч, итгэл сүсгийн сургаалд байх ёстой шалтгаан нь бид тэнгэрийн иргэний харьяалалтай учраас юм. (Фил 3:20-21) Тэнгэрийн орон явах хүн Бурханы үгэнд анхаарч, итгэл сүсэгтэй болж, Бурханы үгийн дагуу амьдрах ёстой. Одоо Бурхан бидний нүгэлт дорд биеийг маань Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилж байгаа. Сүр жавхлант тэнгэрийн оронд амьдрах үзэсгэлэнт биетэй болгон өөрчлөх гэж л “Үгэнд анхаар, итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуул” гэсэн үгээ өгсөн хэрэг.
Олныг авралын замаар хөтлөхийн тулд Бурханы хүүхэд шиг сайхан сэтгэл, сайн үйлстэй болцгооё. Сионы гэр бүлүүд бүгд итгэл сүсгийн сургаалд байж, хайрлахад өөрсдийгөө дасгалжуулж, мөн итгэл сүсэгт өөрсдийгөө дасгалжуулан, Бурханд илүү их яруу алдар өргөн, олон үр жимс гаргахыг хүсье.