Бидний төлөө хамт байдаг цог жавхлант Бурхан

3070Үзэлт
Жагсаалт

Энэ хорвоод сэтгэл амар амьдрахад хэцүү зүйлс их болж байна. Гэнэтийн осол, өвчин эмгэг, байнгын аюул зэрэг нь энэ дэлхийн амьдралын нэг хэсэг болж. Зөвхөн мөнхийн тэнгэрийн орны ерөөлийг өгч чадах Эцэг Бурхан л энэ бүх аюулаас үүрд хамгаалж чадна.

Ийм хүч чадал эзэмшдэг цог жавхлант Бурхан баяр тэмдэглэдэг Сионд бидэнтэй хамт байна гэж Библид тэмдэглэсэн байдаг. (Иса 33:20-22) Бурхан хүүхдүүдээ ямар ч аюулаас авардаг. (Иса 43:1-3) Хүч чадлын Бурхан үргэлж бидэнтэй хамт байдаг тул үүгээрээ бахархаж, хаана ч явсан хүчтэй байцгаая. Алгасал баяраар Бурханы ариун биед оролцсоноор нүгэлт төрхөөсөө ариусаж, Бурхан дотор байх болсон бид хормын төдийд ч Бурханаас холдох ёсгүй. (Иох 15:1-7) Аюулаас хамгаалагдахын тулд Бурханаас холдох ёсгүй. Бурхан дотор байх нь та бүхний мөнхөд амар амгалан байх арга.

Дээр үед нэгэн хаан хамгийн амар тайван, амар амгалан мэдрүүлэх зураг зурж ирсэн хүнд их шан харамж өгнө гэж зарлажээ. Зураачдын авчирсан олон зургуудаас хааны сонгосон зураг нь тэнгэрт бараан үүлс нүүгэлтсэн, айдас төрүүлэм аянга цахиж, шовх өндөр уулсын оргил, хадан хясаан дээр мөндөр бууж, ширүүн бороо асгарч буйг дүрсэлсэн байжээ. Уг зурагт хадан хясааны завсар маш жижигхэн шувууны үүр байх аж. Гадаа догшин шуурга улангасан шууравч шувууд өөрсдөд нь ямар ч хамаагүй гэсэн аятай үүрнээсээ толгойгоо цухуйлган гадагш харна. Энэ дүр зураг маш амар амгалан санагдсан тул хаан үүнийг сонгож л дээ. Ертөнц сүйрэх мэт аймшиг дунд ч тайван, жаргалтай байгаа нь л амар амгалангийн жинхэнэ утга учир гэдгийг ойлгосон хэрэг.

Өнөө үед үй түмэн гамшиг болж байгаа ч та бүхэн Бурхан оршдог аюулгүй Сионд Бурханы хамгаалалтанд байгаа. Гамшгаас зайлсхийж, мөнх амь авч, гамшиг байхгүй, амар амгалан л байдаг тэнгэрийн орон явахын тулд Алгасал баяр сахисан биш үү? Бурхан “Бүү ай. Ямар ч аюул тохиолдсон бай Би чамтай үргэлж хамт байх болно” гэж айлдсан. (Иса 41:10-13) Эсрэгээрээ Бурхантай хамт байхгүй, Бурханд ойр байхгүй бол гамшгаас зугтаж чадахгүй нь. (Амо 9:2-3)

Тиймээс үргэлж Бурхантай хамт байх ёстой. Бурхан хүн төрхөөр ирж, Өөрийгөө дорд болгосны адил та бүхэн ч бас бусдыг өөрөөсөө дээр гэж үзэн, даруу сэтгэлээр үйлчлэх нь л Бурхантай хамт байгаа хүмүүсийн зүрх сэтгэл гэхэд болно. (Фил 2:2-10) Хатуу үгээрээ гэр бүлүүдийг шархлуулсан, халамжилж мэддэггүй нүгэлт зуршлаа хаяж, маргаж муудалцсан ч нар жаргахаас өмнө эвлэрч, бие биедээ нигүүлсэл өгөх үг л хэлэх ёстой. (Ефе 4:22-29) Бурханы үгийн дагуу үйлдэж байж л Бурхантай хамт байх юм. Бурхан Дуулал номонд “Ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!” хэмээгээд, “Тэнд мөнх амь бий, ерөөл бий” гэж айлдсан. (Дуу 133:1-3) Та бүхэн хайраар нэгдэж байж л Бурхан та нарыг хамгаалж, тэнгэрийн орон дагуулж явна. Үзэсгэлэнт тэнгэрийн оронд Бурхантай хамт амьдрахын тулд Бурхан шиг үзэсгэлэнтэй дүр төрхөөр дээрээс төрөх ёстой. (Иох 3:3, 1Кор 2:9) Тэнгэрийн иргэншилтэй хүний хувьд хоорондоо эв эетэй, итгэлийн хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. (Фил 3:20-21)

Бурхан Сионы хүүхдүүдээ тамын шийтгэлээс аврахын тулд хамгаалж, үзэсгэлэнтэй төрхөөр өөрчилж, сэтгэлийг нь ч бас сайхан болгон өөрчлөөд тэнгэрийн орон дагуулж явна. Ийм хайр соёрхсон Бурхандаа талархацгаая. Яасан ч тамд унаж болохгүй. Тун удахгүй та бүхэн үзэсгэлэнт тэнгэрийн хаанчлалын галактикаар аялна. Бурханы бүх сургаал та бүхнийг өөрчилж, тэнгэрийн хаанчлалд аваачих гэсэн Бурханы хайр гэдгийг марталгүй, үргэлж хамт байдаг Бурхандаа талархацгаая. Тэнгэрийн орон явах хүртлээ Бурханы үгэнд дуулгавартай байж ерөөл их аваарай гэж хүсье.