Төгс хайрыг биелүүл

5935Үзэлт
Жагсаалт

Бид итгэлийн амьдралдаа хааяа Эцэгийнхээ хайрыг мартах мөчүүд байдаг. Гэвч бидний төлөө золиослогдож, биднийг үүрдийн үхлээс мөнх амь руу эргүүлсэн Эцэгийнхээ хайрыг хэзээ ч мартахгүй байцгаая. Тэнгэрт Өөрөөс нь урвасан нүгэлтнүүдийг аврахын тулд Эцэг загалмайд цовдлогдох өвдөлтөөс ч татгалзаагүй. 37 жилийн турш бүх зовлонг тэвчиж, бүх бие нь хөхөрч, няцарсан ч бидний төлөө золиос амссан.

Амиа хүртэл өгч биднийг аварсан Эцэгийнхээ хайрыг зүрх сэтгэлдээ хадгалж амьдарвал ядарч туйлдах үедээ ч та нар эрч хүчтэй байж чадна. Тэр хайрыг мартаад, зөвхөн өөрийнхөө талаар л бодвол хэцүү санагдах нь мэдээж. Хүүхдүүд нь амьтай болно гэдэг баяр хөөрөөр л Эцэг зовлонг тэвчиж, үргэлж инээмсэглэж явсан. Биднийг аврах гэж л тэр болгоныг туулсан гэдгийг үргэлж сэтгэлдээ санаж явцгаая.

“Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.” гэж айлдсан. (Иох 13:15) Бид ч бас Эцэгийнхээ жишээг дагаж, ах эгч дүү нарынхаа төлөө л бол өөрөө бага зэрэг хохирол амссан ч золиос гаргаад тэднийгээ хайраар дагуулцгаая.

Бурханы сүмийнхэн хаана ч явсан буулт хийдэг, хүмүүстэй сайн мэндэлдэг, хэцүү ажлыг бусдаас түрүүлж хийдэг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгддөг. Энэ нь та бүхэн Бурханы хүслийг сайн дагаж, хэрэгжүүлж байгаагийн нотолгоо юм. Олон хүнийг үнэн рүү хөтлөхийн тулд бид эхлээд амийн үнэнийг их тунхаглах ёстой ч үйлдлээрээ хайрыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хайр хөрсөн энэ ертөнцөд хэн нэгэн өөрийг нь чин сэтгэлээсээ халамжлахад хүмүүсийн сэтгэл их хөдөлдөг. Тэгээд зогсохгүй шинэ гэрээний Алгасал баярын үнэнийг зааж өгвөл тэд яасан их баярлах бол? “Тэд намайг аврах гэж надад хайраар хандаж дээ.” “Тэд намайг үнэн рүү авчрах гэж их золиос гаргажээ.” Тэд үүнийг ойлговол тэд ч мөн эдгээр жишээг дагаж, бусдад хайр бага багаар хуваалцах болно.

Эцэг биднийг хайрлаж, биднийг аварсан болохоор одоо бид ч “Эцэгээ яаж баярлуулах уу?” гэдгийг бодож, Эцэг шигээ гэр бүлүүдээ хайраар халамжилж, тэнгэрийн хаанчлал руу дагуулцгаая. Библид “Хамгийн агуу нь хайр” гэсэн тул Сионы бүх хүүхэд бусдад хайр их түгээж, төгс хайрыг биелүүлээд Эцэгээ баярлуулаарай. (1Кор 13:13) Эцэгийн хамгийн их баярладаг зүйл бол хүүхдүүд нь Библи сайн судалж, идэвхтэй тунхаглаж, тасралтгүй залбираад амьдрах явдал юм. Үхэж буй сүнснүүдийг гэмшүүлж, тэднийг тэнгэрийн хаанчлалд аваачихад Эцэг баярлана. Хэрэв та нар Түүний хайр, золиосыг сэтгэлдээ хадгалж, “Эцэгийн үгийг сайн сонсож, тэнгэрийн хаанчлал явна” гэж залбираад тунхаглавал Эцэг маш их баярлаж, сэтгэл нь хөдлөөд, нулимс унагана. Тэнгэрийн оронд очихдоо Эцэгтээ “Би ингэж зүтгээд энэ гэр бүлүүдээ олоод дагуулж ирлээ” гэж бахархах сайн үйлс хийцгээе.

Та нарыг дуудаж, хүүхдээ болгосон Эцэгийн нигүүлсэл бялхам их шүү дээ. Та нарыг төгс хүчит Бурханы хүүхэд болгоод, сайн мэдээнд оролцуулж, тэнгэрийн хаанчлал руу дагуулж байгаа Эцэгтээ талархан, энэ дэлхий дээрх хүнд бэрхийг яруу алдарт тэнгэрийн орон явах баяр хөөрөөр даван гарцгаая. Энэ дэлхий дээрх амьдрал амаргүй ч гэлээ бидэнд тэнгэрийн хаанчлалын найдвар байгаа. Өнөөдөр ч тэнгэрийн хаанчлалын замаар явж байна, маргааш ч тэнгэрийн хаанчлалын замаар алхана. Үргэлж баяр хөөрөөр дүүрэн байдаг тэнгэрийн орон биднийг хүлээж байгаа тул очоод эдлэх яруу алдраа бодоод баяртай, хүчтэй байцгаая.

Бурхан “Тасралтгүй залбир” гэсэн учраас хэцүү зүйл тулгарах бүрд их залбираарай. Эцэгтээ итгээд залбирвал Тэрээр зөвт хүний залбирлыг сонсоно гэж айлдсан. (Сур.Үгс 15:29) Сайн мэдээ тунхаглаж, итгэлийн амьдралдаа гаргасан бидний бүх зүтгэл, шаргуу хөдөлмөр тэнгэрийн амийн номонд үүрд гэрэлтэнэ гэсэн байдаг. Тиймээс Эцэгийнхээ сэтгэлд нийцэх юм л хийцгээе. Та нар бүгд тэнгэрт Эцэгээсээ олон шагнал авч, нэрсээ үүрд мөнхөд хамгийн сайхнаар гэрэлтүүлэхийг хүсье.