Тэнгэр Эцэг, Эхтэйгээ уулзсан би хэн хүнээс илүү жаргалтай

6120Үзэлт
Жагсаалт

Би Уанкайогийн нэгэн хүүхдийн эмнэлэгт ажиллаж байхдаа үнэнийг хүлээн авсан юм. Нэг өдөр намайг ээлжээ солих гээд хүлээж байх зуур хамт ажилладаг нэг найз маань жижигхэн ном уншиж суух нь харагдлаа. Би түүнээс ямар ном уншиж байгааг нь асуухад тэрээр ертөнц бүтээгдэхээс ч өмнө оршиж байсан Эх Бурханы тухай яриагаа эхэлж билээ. Бурхан Еваг зүгээр л тохиолдлоор бүтээчихсэн биш, эмэгтэй хүний дүр төрхөөр, тодруулбал Эх Бурханы дүр төрхөөр бүтээсэн гэлээ. Найзын маань тайлбар ойлгомжтой байж, надад яагаад ч юм Эх Бурхан байх ёстой юм шиг санагдаад явчихлаа. Яг л сэтгэлийн гүнээс “Эх Бурхан гарцаагүй оршдог” гэж цуурайтах шиг болов. Махан биеийн ээжүүд үр хүүхдээ эцэс төгсгөлгүй хайрладаг нь Эх Бурханаас эхлэлтэй байх гэж ч бодогдлоо. Бурханы тухайд олон асуулт надад төрж, үнэний талаар аль болох хурдхан мэдэж авахыг хүслээ.

Үүний дараахан би амралтын өдрүүдээ тааруулан Хоёрдугаар Христ болон Эх Бурханы талаар хичээл үзэхээр Бурханы сүмд очив. Хэдийгээр би танил бус уур амьсгалд яахаа мэдэхгүй байсан ч гэр бүлүүд надтай аль хэзээний танилууд юм шиг ирж халуун дотноор инээмсэглэн мэндэлж, тэвэрч угтан авлаа. Тэгээд би хичээл сурч эхлэв. Библийн хичээл судлах тусам л сонирхолтой, гүн гүнзгий нууцлаг санагдлаа. Ялангуяа Хоёрдугаар Христ хэзээ, хаана, ямар дүр төрхөөр ирэх гээд энэ бүх зөгнөл яв цав биелсэнд би ёстой мэл гайхсан. Зөвхөн Бурханы л соёрхох үнэний үгийн тусламжтайгаар би Хоёрдугаар Христ гэж хэн болохыг мэдэж аваад баярлах, гуниглах зэрэгцлээ. Энэ дэлхий дээр махан биеэр ирсэн жинхэнэ Бурханыг мэднэ гэдэг цөөхөн хүнд олдсон онцгой завшаан учир үүнд би баярлаж байлаа. Харин Тэрээр хоёр дахиа махан биеэр ирэхдээ мөн л золиосын замаар алхсаныг нь мэдээд би гуниглав. Тэнгэрийн нүгэлтний төлөө Христийн золиосоор тогтоогдсон Алгасал баяр миний сэтгэлийг туйлын их огшоож билээ. Гагцхүү Бурхан л бидний бүх гэм нүглийг уучлах эрхтэй тул би тэр өдөртөө шууд л баптисм хүртэхээр шийдсэн дээ.

Намайг баптисм хүртсэн өдөр Солонгосоос ирсэн ах эгч дүү нар мөргөлийн дараа Сионы үнэр хуваалцаж таарав. Гэр бүлүүд Эхийн дулаахан мутар, цацарсан гэрэл, халуун дулаан хайр гээд өөрсдийн ухаарлыг дор бүрнээ ярьцгааж, тэдний Сионы үнэрээс би ивээл их авч билээ. Би багаасаа л аав ээж, ах дүү нараасаа хол хөндий, эмээ өвөө дээрээ өссөн. Бага байхад ээж минь намайг харж хандах боломжгүйдээ их санадаг байж л дээ. Хааяа ээж надад “Охинтойгоо цуг байгаагүйдээ сэтгэл их өвддөг юм” гэдэг сэн. Тийм ч учраас би Эх Бурхан Өөрийн хамаг утга учир болох үр хүүхдүүдээ хайж олтлоо золиосын зам туулж байгааг нь мэдээд сэтгэл ёстой их өвдсөн. Хүн нэг бүрийг чиглэсэн тэнгэр Эхийн агуу их хайр, эцэс төгсгөлгүй хүлээлт сэтгэлийг минь бүр ч хөндөнө.

Гэтэл эргэн тойрныхон намайг Бурханы сүмд явж байгааг мэдээд итгэл үнэмшлийг минь эсэргүүцэж, өрөөсгөл буруу ойлголтоороо намайг шархлуулж орхив. Гэвч мянга мянган жилийн өмнө бичигдсэн бүх зөгнөл бүрэн дүүрэн биелчихээд байхад би үнэнийг хэрхэн үгүйсгэх билээ. Ийм бэрхшээл дунд ч миний жинхэнэ итгэлийг бэхжүүлэхэд Бурханы үг туйлын чухал үүрэг гүйцэтгэж байлаа.

Би Бурханд итгэдэг болоод нэлээн удаж байгаа л даа. Католик сүмд баптисм хүртэн, тэр ч байтугай шашны сургуулийн багш болохыг хүсэж явсан үе ч надад бий. Би Бурханыг дахин ирэхийг нь тэсэн ядан хүлээж, тэр өдрийг дэлхийн төгсгөлийн буюу шүүлт буух өдөр гэдэгт итгэлтэй байдаг байлаа. Харин сүмд босгосон шүтээнүүдийг харахаар нэг л тайван бус болж, сэтгэлээр уначихна. Тиймдээ ч би христийн янз бүрийн урсгалын сүмээр явж үзсэн ч тэдний сургаалд итгэл төрдөггүй байсан юм. Гэвч одоо бол өөр өө. Библийг хэм хэмжүүр болгон, Библийн зөгнөлүүд гэрчилж буй жинхэнэ үнэн сүмийг мэдэх болсон маань ямар их уярал догдлол, аз жаргал билээ дээ.

Ихэнх хүмүүс зөвхөн цор ганц Бурханыг, өөрөөр хэлбэл Эцэг Бурханы оршихуйг л мэддэг. Гэтэл Бурханы бүтээлийн зүй тогтлоос авч үзэхэд Тэрээр бидэнд тэнгэрийн нууцыг ухааруулах гэж л бүх зүйлийг бүтээсэн ажээ. Амийн талаар бодож үзье л дээ. Аливаа амьд организмд төрүүлсэн аав ээж бий. Энэ бүхэн тэнгэрийн юмсын хуулбар, сүүдэр учраас Эцэг Бурхан, Эх Бурхан орших нь зүйн хэрэг биш гэж үү? Олон хүн Эцэг Бурханыг Аврагчаа гэж итгэдэгтэй адил би ч мөн Библид гэрчлэгддэг Эх Бурханыг бидэнд мөнх амь өгнө гэдэгт итгэл төгс байдаг юм. Энэ бүхнийг Библиэр нотолж болно.

Бурханы сүм бол таны хувьд хамгийн тохиромжтой газар гэдгийг хэлмээр байна. Хэрэв та үнэнийг илүү дэлгэрэнгүй судлаад үзэх юм бол энэ үеийн Аврагч хэн болохыг тодорхой ойлгоно. Мөн бидний дагах ёстой сүнсний амьдрал юу гэдгийг ч ялгаж салгана. Тэнгэрийн хаанчлалын замыг хялбар, өргөн зам биш, харин жижиг, нарийн жим гэж Библид хэлсэн байдаг. Шантарч няцалгүй, харин эцсээ хүртэл энэ л замаараа явахыг хичээ. Хэрэв танд асуух зүйл гарвал хэзээ ч хамаагүй зориод ирж болно. Бүх хариулт Библид байдаг юм шүү.