
Би пасторын гэр бүлд төрсөн. Миний аав, өвөө, элэнц өвөө, тэр байтугай элэнц өвөөгийн өвөө ч хүртэл пастор юм уу зөнч байсан гэнэ лээ. Би багаасаа л Бурханаас эмээж өссөн. Бас сүмд явна, Библи ч уншина. Өөрийгөө үе тэнгийнхэн дундаа л шүтлэгтэй нь гэж боддог байлаа.
Коллежийн оюутан байхдаа би сүмээс сурсан зүйлээ жинхэнэ үнэн үү эсвэл зүгээр л уламжлал, ёс заншил уу гэдэгт эргэлзэж эхэлсэн юм. Энэ асуултынхаа хариуг олохоор бэдэрч явахдаа би Бурханы сүмийн итгэгчидтэй таарч билээ. Тэд намайг Библийн хичээлд урихад тэднээс сонссон зүйл үнэхээр гайхшируулж байв. Миний урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэн байсан л даа. Есүс цовдлогдохынхоо өмнөх үдэш Алгасал баяр тэмдэглэж байгаа дүр зургийг хараад би ёстой мэл гайхсан. Насаараа сүмд явсан байж, аав маань хүртэл пастор хийж байхад би Есүсийг Алгасал баяр сахисан тухай, бас биднийг сахиарай гэж тушаасан тухай ганц ч удаа сонсож байгаагүй юм. Есүс сахисан байхад би ч бас Алгасал баяр сахихыг хүсэх нь мэдээж шүү дээ.
“Амралтын өдөр нь бямба гараг” гэсэн Библийн ишлэлийг хараад би Библид итгэдэг хүнийхээ хувьд үгүйсгэж чадаагүй. Амралтын өдөр нь гарцаагүй сахих ёстой Бурханы сургаал байв. Би их шашинлаг орчинд өссөн болоод ч тэр үү Бурханы сүмийн сургаалыг өмнө нь явдаг байсан бусад сүмийн сургаалуудтай харьцуулж үзэв. Тэгээд Бурханы сүм л жинхэнэ үнэн сүм гэдгийг баттай ухаарсан даа.
Миний сэтгэлийг хамгийн их хөндсөн нэг зүйл бол Эх Бурхан оршдог тухай үнэн байв. Христэд итгэгч хүнийхээ хувьд би Библи нухацтай судалдаг байсан л даа. Гэхдээ Библийн тайлбарт ямар нэг учир дутагдал байх шиг надад санагддаг байсан юм. Ялангуяа Илчлэл номын 21, 22-р бүлэгт гардаг Шинэ Иерусалимын тухай зөгнөлийг сүм бүр өөр өөрөөр тайлбарладаг байсан ч хэтэрхий чухал зөгнөлийг өнгөцхөн тайлбарлаад байх шиг санагддаг байж билээ. Би үүн дотор олон нууц байгаа байх гэж боддог байсан. Тэгээд би Бурханы сүмээс Шинэ Иерусалим буюу Хурганы эхнэрийг “Эх Бурхан” гэж сонсоод, ёстой их цочирдсон. Тархай бутархай эвлүүлдэг тоглоомын хэсгүүд эцэст нь байх ёстой байрандаа таарч тохирох шиг л санагдаж билээ.

Библи бол Бурханы үг юм. Хэрэв Бурхан Библийг бичсэн л бол дэлхийн суут ухаантан судлаач нар ч, шашны удирдагчид ч тайлж чадахгүй үнэн Библид байх ёстой гэж би боддог байсан юм. Тэгээд би Эх Бурханы тухай Библийн ишлэлүүдийг уншиж байхдаа тэрхүү нууц нь Эх Бурхан байж гэдгийг мэдэрсэн. Библийн олон ишлэл болон зөгнөлүүд “Авралыг Эх Бурхан өгнө” хэмээн гэрчилсэн байв. Хэрэв бид Библиэс эдгээр ишлэл, зөгнөлийг хасчихвал Бурханы авралын төлөвлөгөөг хэзээ ч ойлгохгүй нь шүү дээ. Эх Бурхан Эхлэл номын эхний бүлэг болон Илчлэл номын сүүлийн бүлэгт гарч ирсэн нь ч надад гүн сэтгэгдэл төрүүлж билээ. Эх Бурхан гарцаагүй оршдог аж. Эх Бурханы оршихуй Библийн эхнээс төгсгөл хүртэл гэрчлэгдэж байлаа.
Библийн тусламжтайгаар Эх Бурханы оршихуйд итгэх надад хэцүү байгаагүй ээ. Харин Эх Бурханыг махан биеэр ирсэн гэдэгт итгэхэд үнэхээр бэрх байлаа. 2000 жилийн өмнө Есүсийг ирэхэд израильчууд болон шашны удирдагчид Библийн зөгнөлийг ойлгохгүйдээ биш харин өөрсдийн бодол санаа, төсөөллөөс салж чадахгүй байсандаа л махан биеэр ирсэн Есүсийг үгүйсгэсэн шүү дээ. Тэдний түүхийг сонсоод би ч бас Бурханы тал дээр тогтсон үзэл ойлголтонд баригдсан байснаа ухаарч билээ. Тэгээд би хязгаарлагдмал өрөөсгөл үзэл, хэвшмэл ойлголтоо таягдан хаяж Бурханыг хүлээн авах ёстой гэдгээ ойлгосон.
Хэрвээ та Эх Бурханд итгэхэд хэцүү байгаа бол эргэн тойрноо нэг анзаараасай гэж хэлмээр байна. Бурханы бүтээсэн амьд байгальд эх хаа сайгүй оршдог. Эх байгаа болохоор л амьдрал үргэлжилдэг нь Бүтээгчийн бий болгосон өөрчлөгдөшгүй хууль юм. Бурхан ийн бүтээсэн нь учир шалтгаангүй гэж үү? Үүгээр дамжуулан Бурхан бидэнд юу мэдүүлэх гээ юм бол? Аливаа бүтээлээс Бурханы бурханлаг чанарыг олж харж болно хэмээн Библид бичсэн байдаг. Ийм хууль бий болгож, үр хүүхэддээ амь өгдөг эхийн оршихуйг бүтээсэн нь эмэгтэй дүр төрхийн Бурхан оршдогийн нотолгоо биш гэж үү.
Үй олон хүн багаасаа л ганц Эцэг Бурхан байдагт итгэж, энэхүү итгэлээ цорын ганц үнэн гэж үзсээр ирсэн. Гэвч бид мэдэхгүй зүйлээ мэдэж авахын тулд илүү ухаалаг, илүү даруу байх ёстой. Учир нь юу үнэн болохыг гагцхүү Бурхан мэднэ. Бурхан Библиэр дамжуулан Эх Бурхан байдгийг гэрчилсэн болохоор бид өөрсдийн хязгаарлагдмал мэдлэг туршлагыг эн тэргүүнд тавихын оронд Бурханы үгийг хэмжүүрээ болгох учиртай.

Би одоо өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай, өөдрөг, өөртөө итгэлтэй хүн болсон. Өмнө нь би үргэлж зөв сонголт хийж чадах болов уу, ганц олдох амьдралаа сайхан өнгөрөөж чадах болов уу гэж санаа зовдог байсан л даа. Харин Бурханы тушаалыг сурч мэдсэн цагаасаа хойш би Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы хүүхдийн ёсоор үнэ цэнэтэй амьдралаар амьдарч, тэнгэрийн хаанчлалд буцах болсондоо дэндүү жаргалтай байгаа.
Хэрвээ та Бурханы сүмд явах эсэхдээ эргэлзэж байгаа бол эхлээд Библи судлаад үзээрэй. Тэгвэл та Бурханыг мэдэж, Бурхан бидний төлөө юу хийснийг ухаарна. Тэгээд сүмийн итгэгчидтэй ч уулзана. Шинэ орчинд амар тайвныг мэдрэхийн тулд мөргөлгүй өдөр сүмд маань ирээд нэг үзээрэй. Бурханы сүм хүн бүрийг хүлээн авна. Тэгээд та махбодын хувьд ч, сүнсээр ч үнэгүй соёрхох Бурханы хайр ивээлийг ханатал эдэлж болно шүү дээ.
Сүмд явна гэдэг нь мөргөлөө тууштай тэмдэглэхийг хэлдэг бөгөөд мөргөл тэмдэглэх нь Бурханд зүрх сэтгэлээ бүрэн зориулж байгаа хэрэг юм. Хэрвээ та мөргөл тэмдэглэсэн ч Бурханыг мэдэхгүй бол, бас Бурханы хүсдэг мөргөлийн арга барилыг мэдэхгүй бол зүрх сэтгэлээ Бурханд зориулж чадахгүй бөгөөд таны өргөж буй мөргөл Бурханд таалагдаж байгаа эсэхийг ч мэдэхгүй, улмаар сэтгэлд тань түгшүүр төрөх болно. Гэхдээ Бурханы сүмд Библийн үг хангалттай сурч судлах юм бол та бүх зүрх сэтгэлээ зориулан Бурханы өмнө зөв мөргөл тэмдэглэж, ерөөл, мөнх амь авна гэдэгтээ бат итгэн, баяр хөөрөөр сэтгэл чинь дүүрэх юм шүү.