Эхлэл 1:26-д Бурханыг “бид” гэж илэрхийлдэг.
“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. …” Эхл 1:26
Үнэндээ энэ хэсэг Бурханд итгэдэг хүмүүст тайлагдашгүй оньсого болж ирсэн. Хүмүүс удаан хугацааны туршид ганцхан Бурхан л оршдог гэж ойлгож ирсэн тул Бурханыг “бид” гэх нь ойлгомжгүй байж. Тиймд Эхлэл номны “бид” гэдэг үг нь Ариун Гуравын сэнтий нэгийн Бурхан буюу Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсийг хэлдэг гэх үзэл гарч иржээ. Гэвч Эхлэл номд гарч байгаа “бид” нь Ариун Гуравын сэнтий нэгийн Бурханыг заагаагүй.
Эхлэл номны “Бид” нь яагаад Ариун Гуравын сэнтий нэгийн Бурхан биш вэ?
Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр Өөртэйгөө адилхан хүнийг бүтээсэн. Тиймээс хэрэв Эхлэл номны “бид”-г Ариун Гуравын сэнтий нэгийн Бурхан гэж тайлбарлавал бид олон алдаа гаргах болно.
“Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:27
Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн. Энгийнээр хэлбэл хуулбарласан хүн нь эрэгтэй, эмэгтэй хүн байгаа нь эх хувь болох Бурханы дүр төрх ч мөн эрэгтэй, эмэгтэй дүр төрхтэй байдаг гэсэн үг юм. Эхлэл 1-р бүлгийн “Бид” нь “Ариун Гуравын сэнтий нэг”-ийн гурван Бурханыг заадаг бол Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс гурвын нэг нь эмэгтэй дүр төрхтэй байх ёстой. Гэвч Библийн хаанаас ч Ариун Гуравын сэнтий нэгийн Бурханыг эмэгтэй байдлаар дүрсэлсэн үг олж чадахгүй.
Мөн Ариун Гуравын сэнтий нэгийн Бурханы дүр төрхөөр хүн бүтээгдсэн бол гурван өөр төрлийн хүн бүтээгдэх ёстой. Гэтэл Библид хоёр төрлийн хүн бүтээгдсэн гэж зааж байна.
“Ариун Гуравын сэнтий нэг” нь нэг гэсэн утгатай
Библид зааж байгаа “Ариун Гуравын сэнтий нэг”-ийн жинхэнэ утга нь Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс нь нэг Бурхан гэсэн утгатай юм. “Ариун Гуравын сэнтий нэг”-ийн Бурханыг олон тоогоор илэрхийлэх боломжгүй юм. Ариун Гуравын сэнтий нэгийн Бурхан бол нэг Бурхан гэдгийг Библи олон ишлэлээр гэрчилдэг. Хуучин гэрээ нь Есүс бол Бурхан гэдгийг (Иохан 5:39) тэмдэглэсэн ном бөгөөд Хөвгүүн болж төрөх Есүсийг Ёхова Бурхан гэж зөгнөсөн байдаг.
“Учир нь бидний төлөө Хөвгүүн (Есүс) төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, …” Иса 9:6
Энд гарч байгаа Хүү бол хүний төрхөөр ирсэн Есүс. Хуучин гэрээнд дурдсан Эцэг Бурхан бол Ёхова Бурхан юм. Ариун Хүү Есүсийг Ариун Эцэг Ёхова Бурхан гэсэн болохоор Есүс болон Ёхова нь нэг Бурхан гэсэн утгатай.
Ариун Хүү болон Ариун Сүнс ч мөн нэг юм. Илчлэл 19-р бүлэгт “Хурга болон сүйт бүсгүй (Хурганы эхнэр)” хэмээж, 22-р бүлэгт “Сүнс болон сүйт бүсгүй” гэж бичсэн байдаг.
“…Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв.” Илч 19:7
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. …” Илч 22:17
Энд Хурга нь Есүсийг хэлж байна (Иох 1:29). Бид эдгээр хоёр ишлэлийг харьцуулж үзвэл Есүс болон Ариун Сүнс нь гарцаагүй нэг Бурхан гэдгийг мэдэж болно.
Энэ мэт “Ариун Гуравын сэнтий нэг” гэх үгнээс нь л харж байгаачлан Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс бол нэг Бурхан. Өөрөөр хэлбэл нэг л Эцэг Бурхан үе тус бүрд Ариун Хүүгийн үүрэг ч гүйцэтгэж, Ариун Сүнсний үүргийг ч гүйцэтгэсэн. Дэлхийн суурь тавих тэр үед бол Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс Бурхан гэж тус тусдаа оршдоггүй байсан шүү дээ. Ганц л Эцэг Бурхан оршдог байж. Харин ганцаараа байгаа Эцэг Бурханыг “Бид” гэж илэрхийлэхгүй. Энэ нь Бурхан нэг биш гэдгийг зааж байгаа үг юм.
“Бид” нь Эцэг Бурхан болон Эх Бурхан
Хэрэв “Бид” нь Ариун Гуравын сэнтий нэгийн Бурхан биш бол яг хэнийг хэлж байна вэ? Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн эр эм хүнийг харвал мэдэж болно. Эрэгтэй хүн бол эрэгтэй дүр төрхтэй Бурхан оршин байдгийг, эмэгтэй хүн бол эмэгтэй дүр төрхтэй Бурхан оршин байдгийг зааж өгөх нотолгоо юм. Библид эрэгтэй дүр төрхтэй Бурханыг“бидний Эцэг” гэж заадаг.
“Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, …” Мат 6:9
Бид эрэгтэй дүр төрхтэй Бурханыг “Эцэг” гэж дууддаг бол эмэгтэй дүр төрхийн Бурханыг хэн гэж дуудах ёстой вэ? Мэдээж “Эх” гэх ёстой.
“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26
Эхлэл 1:26-р ишлэлийн “Бид” гэдэг нь Ариун Гуравын сэнтий нэгийн Бурхан биш харин Эцэг Бурхан, Эх Бурханыг хэлдэг. Хэрэв бид Бурханыг цорын ганц Эцэг Бурхан гэж бодох юм бол Эхлэл номны “Бид” нь мөнхөд тайлагдашгүй нууц хэвээр үлдэх болно. Бид тогтсон үзэл бодлоосоо ангижирч Библи судлах үед л сая нэг “Бид” гэж айлдсан Бурханыг зөв ойлгож чадна.