Олон хүн ганцхан Бурхан байдаг гэж боддог. Библид Бурханыг ихэнхдээ нэг гэж дүрсэлдэг учраас зөвхөн Эцэг Бурхан байдаг гэж бодох нь мэдээжийн хэрэг юм.
“Учир нь ганц Бурхан байна.” 1Тим 2:5
“Ерөөлт бөгөөд цор ганц хэмжээлшгүй Эрхт, …” 1Тим 6:15
Мэдээж эдгээр ишлэлүүд Бурхан ганц гэдгийг харуулж байгаа ч зөвхөн үүгээр нэг Бурхан байдаг гээд дүгнэчихэж болохгүй юм. Учир нь нийтлэг ойлголтоос өөрөөр Библид зөвхөн Эцэг Бурхан төдийгүй Эх Бурханы талаар ч гэрчилдэг.
Бурхан “Бид” гэж айлдсан шалтгаан
Есүсийн сургаалын дагуу христчүүд Бурханыг “Эцэг” гэж дууддаг (Мат 6:9). Хэрэв Эцэг Бурхан л байдаг бол Бурханыг ганц тоогоор илэрхийлэх ёстой. Гэтэл Эхлэл 1-р бүлэгт Бурханыг олон тоогоор илэрхийлсэн байдаг.
“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. …” Эхл 1:26
Бурханыг яагаад ганц тоон дээр “Би” гэлгүй олон тоогоор “Бид” гэж илэрхийлээ бол? Ганц Бурхан байсан бол “Би дүр төрхийнхөө дагуу Өөртэйгөө адилхан хүнийг буй болгоё” гэж хэлэх ёстой. Гэтэл Бурхан олон тоон дээр маш тодорхойгоор “бид” гэж айлдсан байна. Энэ нь Бурхан ганц биш гэсэн үг.
Ганц хүн Адамын жишээнээс харж болох ганц Бурхан
Бурханы талаар баттай ойлгож мэдье гэвэл Адам Евагийн талаар судалж үзэх хэрэгтэй. Адам ба Ева нь Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Амархнаар тайлбарлавал тэд Бурханы үндсэн загварыг хуулбарлан бүтээгдсэн хуулбарууд юм.
Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн Адам Ева хоёр уг нь тус тусдаа хүмүүс. Гэтэл Библид Адам Ева хоёрыг нэг хүн гэж илэрхийлсэн нь ч байдаг.
“Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, … Гэлээ ч үхэл нь Адамаас Мосе хүртэл, … Адамын гэм зөрчилтэй адил нүгэл эс үйлдэгсдийг ч ноёрхож байжээ. … Хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, …” Ром 5:12-15
Дээрх ишлэлд “ганц хүний алдаа зөрчил” гэдэг нь Адамын алдаа зөрчлийг хэлдэг. Гэтэл үнэн хэрэгтээ хамгийн эхэлж нүгэл үйлдсэн хүн нь Адам биш, Ева шүү дээ (Эхл 3:6). Тийм болохоор “Ева” гэх ганц хүний алдаа зөрчил гэх юм уу эсвэл Адам Ева гэх “хоёр хүн”-ий алдаа зөрчил гэж хэлэх ёстой байсан. Гэвч Библид Адам гэх ганц хүний алдаа зөрчил гэжээ. Учир нь Адам Ева хоёрыг нэг хүн гэж тооцдог. Евагийн бүтээгдсэн үйл явц нь Адамынхтай адилгүй, Адам нь газрын шороогоор бүтээгдсэн бол Ева нь Адамын хавиргаар бүтээгдсэн. Үүний улмаас Библид Адам Ева хоёрыг нэг махбод болсон гэж хэлдэг.
“ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд, … Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог.” Эхл 2:22-24
Библид Адам Ева хоёрын хийсэн ажлыг Адам ганцаараа хийсэн гэж бичсэн. Үүний нэгэн адил “бид” гэж илэрхийлэгдсэн Бурханы хийсэн ажлыг Эцэг Бурхан ганцаараа хийсэн гэж илэрхийлэхэд болохгүй нь юу байх билээ. “Бид” хэмээсэн Бурхан бол Эцэг Бурхан болон Эх Бурхан юм (Эхл 1:26-27). Адам ба Еваг “нэг хүн Адам” гэж хэлж болдог шиг Эцэг Бурхан ба Эх Бурханыг “нэг Бурхан” гэж хэлж болно. Тиймээс л Бурхан Эцэг Бурхан ба Эх Бурхан гэж хоёр тусдаа оршдог ч гэлээ Библид “цор ганц хэмжээлшгүй Эрхт” гэж тэмдэглэсэн.
“Цор ганц” гэж илэрхийлсэн гээд зөвхөн Эцэг Бурхан л байдаг юм биш. Эцэг Бурхан төдийгүй Эх Бурхан ч оршдог юм.