“Би ээжийнхээ дотор байсан”

Шинжлэх ухаан эхийн зөн совингийн нууцыг олж нээсэн нь

2230Үзэлт

Хүүхдүүд заримдаа “Манай ээж яг бурхан байх аа. Ээждээ огт мэдэгдэлгүй хийсэн зүйлийг минь ч ээж мэдчихсэн байдаг” гэж хошигнох нь бий. Үр хүүхдээ өвдөж байна уу, ганцаардаж байна уу, гунигтай байна уу эсвэл баяртай, жаргалтай байна уу гэдгийг ээжүүд нэвт шувт мэдчихдэг шүү дээ. Зөвхөн ингээд зогсохгүй ээ. Заримдаа тэд үр хүүхдийнхээ өмнөөс амь насаараа дэнчин тавьж ч мэднэ.

Ердөө 27-хон долоо хоногтой дутуу төрсөн нярай нас барсан байдалтай байж байснаа ээжийнхээ өвөр дээр хоёрхон цаг болоод амилсан тухай олон улсын мэдээнд дурдаж байсныг бол бүр ярих ч юм биш. Үр хүүхдээ үхлийн аюулаас гайхамшиг гэмээр аварсан ээжүүд олон байдаг ажээ. Үрийнхээ төлөө л гэвэл юунаас ч айхгүй, боломжгүйг ч боломжтой болгодог ээжүүд. Хүмүүс үүнийг “эхийн зөн совин” гэдэг. Эмзэг сул биеэс бий болсон ер бусын шидэт хүч, эхийн зөн совин. Энэхүү гайхамшигт нууцлаг хүчний эх үүсвэр чухамдаа хаанаас эхтэй юм бол оо?

Эхийн тархи үр хүүхдээ өөртэйгөө адилхан гэж үздэг

Хүмүүс дээрх үндсэн асуултын хариуг олохоор эхийн зөн совингийн тал дээр нэгэн туршилт явуулсан нь 2011 оны 5 сарын 31-нд EBS телевизээр Солонгост анх удаа цацагдсан юм. Курё их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн судалгааны багийн хийсэн туршилтын арга нь “Функциональ соронзон резонансын дүрслэл (fMRI)” ашиглан тархийг скайнердах явдал байв.

Туршилтанд дунд сургуулийн насны хүүхэдтэй нийт 22 хүн оролцсоны 11 нь солонгос, 11 нь америк эхчүүд байжээ. Туршилтын үргэлжлэх хугацаа 10 минут байсан бөгөөд ээжүүдэд зан чанар, сэтгэл хөдлөлтэй холбоотой 150 тэмдэг нэр үзүүлсэн байна. Тэгээд ээжүүд өгөгдсөн илэрхийллүүдээс өөртэйгөө тохирох үгийг сонгоод товчлуур дарах ёстой байв. Дараа нь хүүхэдтэй нь тохирох үг гарч ирэх юм бол товчлуур дарахыг ээжүүдээс хүссэн байна. Бусдын талаарх мэдээллийг дүгнэж тодорхойлоход нь ч мөн адилхан арга ашиглажээ.

Эх хүний ​​тархи өөрийгөө, өрөөл бусдыг, мөн үр хүүхдээ дүгнэж тодорхойлохдоо хэрхэн өөрчлөгддөгийг энэхүү туршилт харуулсан байна. Хүний тархи өөрийнхөө тухай мэдээллийг шүүн тунгаах үед тархины “Medial Prefrontal Cortex (Духны бор гадаргуугийн дунд хэсэг)” идэвхждэг байна. Энэ нь нийгмийн мэдээллийг нягтлахад оролцдог тархины хэсэг бөгөөд ихэвчлэн өөрийнхөө тухай бодох үед идэвхждэг аж. Эсрэгээрээ бусдын талаарх мэдээллийг шүүн тунгаахад нь “Dorsal Medial Prefrontal Cortex (Духны бор гадаргуугийн багана хэсэг)” идэвхждэг гэнэ.

Уг туршилтын явцад ээжүүдийн тархины үйл ажиллагаа тархины скайнерын тусламжтайгаар харагдаж байжээ. Ээжүүд өөрсдийгөө дүгнэж тодорхойлсон үг сонгох үед “Medial prefrontal cortex” нь идэвхжсэн бол бусдыг тодорхойлоход “Dorsal medial prefrontal cortex” нь идэвхжсэн байна.

Тэгвэл эх хүний тархи өөрийгөө ч биш, өөр бусдыг ч биш үр хүүхдээ ямар оршихуй гэж ухамсарладаг юм бол оо? Туршилтын үр дүн тун гайхалтай байлаа. Ээжүүд үр хүүхдээ тодорхойлох үед өөрийгөө тодорхойлоход идэвхжих үүрэгтэй байдаг “Medial prefrontal cortex” идэвхжсэн байна. Туршилтанд оролцсон солонгос, америк эхчүүдийн хувьд үр дүн нь ижил байв.

Энэхүү туршилтын үр дүн эхийн зөн совингийн талаар бидэнд юу өгүүлж байна вэ? Энэ нь эхийн тархи өөрийгөө болон үр хүүхдээ ижилхэн оршихуй гэж ухамсарладгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл эх хүн тархиндаа үр хүүхдээ өөр нэг “би”, “өөрийгөө” гэж гүн гүнзгий ухамсарласан байдаг аж.

Туршилтын үр дүнгийн тухайд сэтгэл судлалын мэргэжилтнүүд “Эх хүний тархи үр хүүхдээ өөртэйгөө адилхан хүн гэж ухамсарладаг”, “Дэлхийн бүх ээжүүд хүүхдээ өөрийнхөө нэг хэсэг гэж үзэх хандлагатай байдаг. Тиймээс энэ нь эхийн зөн совин ​​биологийн хувьд оршдогийн нотолгоо” гэж хэлсэн байна. Тэгээд уг нэвтрүүлгийн зүгээс “Эхийн тархи үр хүүхдээ өөрийгөө байна гэж үздэг учир ээжүүд үр хүүхдээ үхэхээс ч буцахгүй хязгааргүй их хайраар хайрлах боломжтой юм байна” хэмээн дүгнэжээ.

Тэгвэл эх хүний тархи яагаад хүүхдээ өөртэйгөө адилхан оршихуй гэж ухамсарладаг юм бол оо? Эх үр хоёр нүдэнд үл үзэгдэх тасрашгүй утсаар бат бөх холбогдсон байдаг юм болов уу? Эрдэмтдийн гаргасан судалгааны үр дүнгээс ч энэ байдал тодорхой харагддаг.

Зураг 1. Ээжүүд өөрийгөө тодорхойлох үед идэвхжсэн тархины хэсэг (medial prefrontal cortex, шар хэсэг нь) / Ээжүүд бусдыг дүгнэж тодорхойлох үед идэвхжсэн тархины хэсэг (dorsal medial prefrontal cortex, хөх хэсэг нь)
Зураг 2. Ээжүүд өөрсдийгөө болон үр хүүхдээ тодорхойлох үед идэвхжсэн тархины хэсэг (адилхан)
Эх сурвалж: EBS TV Documentary, Mother Shock Part 2: There’s a Child in Mom’s Brain, May 31, 2011

Эх үрийн холбоо, микрохимеризм

Эрдэмтдийн хийсэн нэгэн туршилтаас үзэхэд эх үр хоёр салшгүй холбоотой байдаг нь “микрохимеризм (Microchimerism)” хэмээх ер бусын механизмаар холбогддог байна.

“Микро (Micro)” гэдэг нь “жижиг” гэсэн утгатай. “Химеризм (Chimerism)” гэдэг нь “Өөр өөр гарал үүсэлтэй хоёр ба түүнээс дээш элементээс бүрдэх зарчим” гэсэн утгатай бөгөөд “нийлэг, синтез” гэсэн утгыг илэрхийлсэн “химера (chimera)”1 гэдэг үгнээс үүсэлтэй аж. Жирэмсний үед эх ураг хоёр хромосом болон эсээ өөр хоорондоо солилцдог байна. Тиймээс нэг амьд организмын дотор өөр өөр генетик шинж чанартай ижил эд эсүүд зэрэгцэн оршдог бөгөөд үүнийг “микрохимеризм” гэж нэрлэдэг.

1. “Химера” гэдэг нэр томьёо нь арслангийн толгой, ямааны бие, могойн сүүлтэй нэгэн араатны тухай Эртний Грекийн домгоос үүдэлтэй (Шиса саншиг толь бичиг (시사상식사전), 2013, Паг Мүн Гаг).

Хүн ч мөн ялгаагүй. Хүн эхийн хэвлийд байх үеэсээ л эхийнхээ биеийн эд эсийг дотроо агуулдаг. Эрдэмтэд одоогоос 60 орчим жилийн тэртээ “эхийн микрохимеризм”-ыг нээсэн бөгөөд энэ нь эхийн эс ургийн биед нэвтэрч, оршин тогтнох үндэс суурь нь болж өгдөг аж.

Тухайн үеийн нэгэн тайланд эхийн арьсны хорт хавдрын эсүүд эхэс болон урагт нь дамжсан болохыг дурдсан байдаг. Хожим нь биологич мэргэжилтнүүд эхийн цусны эрүүл эсүүд ураг руу нэвтэрдгийг олж тогтоожээ. Вашингтоны Сиэтл дэх Фред Хатчинсоны нэрэмжит Хавдар судлалын төвийн дархлаа судлаач Ж.Ли Нелсон (J. Lee Nelson) болон түүний багийнхан эрүүл саруул 32 эмэгтэйг цусны шинжилгээнд хамруулахад тэдний 7-д нь ээжийнх нь цусны цагаан эс илэрчээ.

Тэгвэл эсрэгээрээ ургийн эсүүд эхийн биед нэвтрэх боломжтой болов уу? Мэдээж тийм. Жирэмсний үед эх ураг хоёр өөр хоорондоо эсээ солилцдог аж.

Эрдэмтэд жирэмсэлсэн эхчүүдийн биед ургийнх нь эсүүд байдгийг тогтоожээ. Ургийн эсүүд эхийн биед нэвтэрдэг “ургийн микрохимеризм (Fetal Microchimerism)” хэмээх үзэгдлийн тухай 1893 онд Германы нэгэн эмгэг судлаач анх тэмдэглэжээ. Тэрээр жирэмсний үед цусны даралт нь ихсэж нас барсан эмэгтэйчүүдийн уушгинаас ургийн эс олж илрүүлсэн байна. Үүний дараа Стэнфордын Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Леонард А.Герценберг (Leonard A.Herzenberg) болон түүний хамт олон эрэгтэй хүүхэд тээж байсан эмэгтэйчүүдийн цуснаас эрэгтэйчүүдийг тодорхойлдог бэлгийн хромосом болох Y хромосомтой эсүүдийг мөн илрүүлсэн байна.

Эмэгтэй хүн хоёр Х хромосомтой байдаг тул уг эсүүд эхийн жирэмсний үед ургаас үүдэлтэй нь тодорхой байв. Тафтс Медикал сентер (Tufts Medical Center)-ийн генетикч Диана В.Бианчи (Diana W. Bianchi) ч мөн хэдэн арван жилийн өмнө эрэгтэй хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн биеэс эрэгтэй ДНХ илрүүлж байжээ.

Эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээс үзэхэд эх, ураг хоорондын микрохимер эсүүд ​​зүрх, элэг, уушги, бөөр, чөмөг, арьс, цус, бамбай булчирхай гэх мэт янз бүрийн эд эсэд байдаг ажээ. Эрдэмтэд эмэгтэй хүний биеэс илэрсэн Y хромосомыг жирэмсний үед эр ургаас үүдэлтэй эсээс бий болсон гэж үздэг байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 80-90%-д цуснаас нь ургийнх нь ДНХ илэрдэг аж. Учир нь ургийг эхийн хэвлийд байхад нь ургийн эсүүд эхэсээр дамжин эхийн бие рүү ордог байна.

Эмэгтэй хүний ​​биеэс Y хромосом илэрсэн нь эх нь зөвхөн эрэгтэй хүүхэдтэйгээ эсээ солилцдог гэсэн үг биш юм. Ээж охин хоёр хоёулаа Х хромосомтой байдаг тул эхийн биеэс охины ул мөрийг олоход хэцүү байдаг аж. Гэвч охид ч гэсэн хөвгүүд шиг эхийнхээ биед ул мөрөө үлдээсэн байх нь тодорхой гэдгийг эрдэмтэд хэлдэг юм.

Эх, ургийн микрохимер эсүүд эх, ургийн биеэс энд тэндгүй илэрдэг. (Эх-ургийн хооронд микрохимер эсүүд байршсан хэсэг) / Эх сурвалж: J. Lee Nelson, Your Cells Are My Cells, Scientific American Feb. 2008, pp. 72-79

Эхийн биед хүүхдийнх нь эсүүд зэрэгцэн оршдог

Микрохимеризмээр дамжин эхийн биед шилжсэн ургийн эсүүд эхийн биед ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол? Ерөнхийдөө чөмөг шилжүүлэн суулгах, цус сэлбэх замаар бие махбодод орж ирсэн гадны эсүүд нь дархлааны тогтолцооны хамгаалалтын механизмын дайралтад өртөж, хэсэг хугацааны дараа алга болдог байна.

Харин микрохимеризмээр эхэд шилжсэн ургийн эсүүд хэдэн арван жилийн турш хуваагдаж, өсөн нэмэгдэх шинж чанар агуулдаг. Төрөөд 25-аас дээш жил болсон ч микрохимер эсүүд эхийн цуснаас илэрч, зарим тохиолдолд 20 жилийн дараа ч хүртэл элэгний эд эсээс илэрдэг гэнэ.

Төрсний дараа ч үлдсэн микрохимер эсүүд нь эх болон ургийн дархлааны тогтолцоонд оролцдог. Заримдаа өвчин үүсгэх гэх мэт сөрөг үр дагавар байдаг ч эхийн биед нэвтэрсэн ургийн эсүүд эхийн гэмтсэн хэсэг рүү орж, эд эсийг нь нөхөн төлжүүлэх үүрэг гүйцэтгэдгийг бид мэднэ.

Ургийн эсүүд эхийн эд эсийг нөхөн төлжүүлэх үйл явцад оролцдог урьдал бодис (precursor, ямар нэг бодисын солилцоо юм уу хариу үйлчлэлийн улмаас тодорхой бодис болохын өмнөх үе шатандаа байгаа бодис)-ын үүрэг гүйцэтгэж эхийн биед тусалдаг байна. Үнэндээ ургийн эсүүд эхийн хөхний хорт хавдар, хэрх төст үений өрөвслийг намдаах, эмчлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг нь батлагджээ. Зарим эрдэмтэн эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдгийн учрыг ургийн шинэ эстэй холбон тайлбарлах нь ч бий.

Эхийн биед орж ирсэн ургийн эсүүд эхийн зүрхний эмгэгийг арилгахад ихээхэн тустай. АНУ-ын Нью-Йорк дахь Эрүүл мэндийн “Синай” төвийн Хина Чаудри (Hina Chaudhry) тэргүүтэй эмч нарын баг жирэмсэн эмэгтэйчүүд яагаад кардиомиопати буюу зүрхний булчингийн өвчин, зүрхний шигдээс өвчнөөр бусдаас илүү хурдан эдгэрдгийг мэдэхээр ургийн эсүүд зүрхний эмгэгийг эмчлэхэд тус нэмэр болдог эсэхийг шинжлэн судалсан байна.

Судалгааны үр дүнг 2011 оны 11-р сард Америкийн Зүрхний Ассоциаци (AHA)-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлжээ. Жирэмсний үед ургийн эсүүд эх хулганы зүрхэнд орж, зүрхний булчингийн шинэ эс болж хувирдаг ба эдгээр эсүүд зүрхийг нөхөн сэргээхэд тус нэмэр болдог ажээ. Шинжлэх ухааны энэ мэт баримтуудыг олж мэдсэн доктор Чоудри мөн “Эхийн тархи руу орсон ургийн эсүүд нь шинэ мэдрэлийн эсүүд болж хувирна”, “Ургийн эсүүд эхийн тархийг өвчнөөс хамгаалдаг гэдэгт эргэлзэх юм алга” хэмээн мэдэгджээ.

Ээжүүд үр хүүхдээ насан турш тархиндаа тээж явдаг

Эрдэмтэд саяхныг хүртэл эхийн биед байршсан микрохимер эсүүд хүний тархинаас бусад биеийн бүх хэсэгт байдаг хэмээн нотолж байв. Тэд “Цус-тархины хаалт (Bloodbrain barrier)” гэгч байгаа тул хүний тархинд эх ураг хоёрын хоорондох микрохимеризм үүсэх боломжгүй гэж үзсэн юм.

Хүн бүрийн тархинд “Цус-тархины хаалт” гэж бий. Нэрнээс нь харахад л энэ нь тархи руу орохыг оролддог гадны алив зүйлээс хамгаалахын төлөө тархины эргэн тойрон дахь цус болон шингэний хоорондын хаалт аж. Иймээс цусаар дамжин төв мэдрэлийн систем рүү орж буй алив төрлийн эмийн химийн бодис, эмгэг төрүүлэгч, хорт бодисыг хаадаг байна. Цус-тархины энэхүү хаалт нь эх, ураг хоорондын эсийн солилцоонд саад болж, хүүхдийн эсүүдийг эхийн тархи руу орох орон зайгүй болгоно гэж эрдэмтэд үздэг байв.

Гэтэл эрдэмтэд лабораторийн эмэгчин хулганы тархинаас Y хромосомтой эсүүд олжээ. Эмэгчин хулганад илэрсэн Y хромосом нь жирэмсний үед эр ургаасаа авсан эс гэдэг нь тодорхой. Иймд Фред Хатчинсоны нэрэмжит Хавдар судлалын төвийн судлаачид ургийн эсүүд эхийн тархинд нэвтрэх боломжтой эсэх, хэрэв нэвтрэх боломжтой бол цус-тархины хаалтыг хэрхэн нэвтэлснийг сонирхож, судалгааны ажлаа эхлүүлжээ. Тийнхүү тэд судалгааныхаа үр дүнг 2012 оны 9-р сарын 26-нд олон улсын эрдэм шинжилгээний “PLOS ONE” сэтгүүлийг ашиглан танилцуулав. Дүгнэлтээс нь харахад эрэгтэй хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн тархины хэд хэдэн хэсэгт Y хромосом байсан аж. Энэхүү судалгаа нь эмэгтэй хүний ​​тархинаас эрэгтэй ​​ДНХ-г олж илрүүлсэн анхны судалгаа болжээ.

Фред Хатчинсоны нэрэмжит Хавдар судлалын төвийн эмч Уильям Ф.Н Чан (William F. N. Chan)-ы багийнхан 31-101 насны хооронд нас барсан 59 эмэгтэйн тархины эд эсийг цуглуулж, тэдгээрт Y хромосом бий эсэхийг шинжилсэн байна. Үүний үр дүнд судалгааны баг дээжийн гуравны хоёрт буюу эмэгтэйчүүдийн 63 хувь нь тархиндаа Y хромосомтой болохыг тогтоожээ. Тэд энэхүү Y хромосомыг жирэмсний үед ургаас эхийн биед шилжсэн хэмээн нотолжээ. Доктор Чан хэвлэл мэдээллээр “Эмэгтэй хүн жирэмсэн байх үед цус-тархины хаалт өөрчлөгдөж, эр ургийн эд эсүүд эхийн тархинд саадгүй нэвтэрдэг. Энэхүү судалгааны үр дүнгээрээ бид ийм төрлийн микрохимеризм байдгийг олж мэдлээ” хэмээн мэдэгдсэн байна.

Ургийн эсүүд эхийн өвчнийг эдгээхэд тусалдагтай адил эхийн тархины хэсэгт нэвтэрсэн ургийн эсүүд Альцгеймерийн өвчин буюу сэтгэцийн эмгэгээс ангижрахад ихээхэн тустай болохыг судалгааны багийнхан нэмж хэлэв. Дементиа буюу зөнөх эмгэгтэй эмэгтэйчүүдийн ургийн ген нь уг өвчнөөр өвчлөөгүй эмэгтэйчүүдийнхээс бага байдаг аж. Энэ нь Y хромосом буюу ургийн эсүүд эхийн тархийг элдэв өвчнөөс хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байж болзошгүйг харуулж байна.

Түүнчлэн тэд эхийн цус-тархины хаалтыг нэвтэлсэн ургийн эсүүд усталгүй, эхийн тархинд удаан хугацаанд хадгалагдан үлддэгийг олж мэджээ. Судалгаагаар Y хромосомтой болох нь тогтоогдсон хамгийн өндөр настай эмэгтэй 94 настай байлаа. Энэ нь жирэмсэлснээс хойш хэдэн арван жилийн дараа ч эхийн тархинд ургийн эсүүд оршсоор байдгийг харуулж байна. Эцэст нь дүгнэхэд ээжүүд насан турш үр хүүхдээ тархиндаа тээж явдаг ажээ.

Гагцхүү үр хүүхдийнхээ амийн төлөө амьдрахаар “програмчлагдсан” ээжүүд

Олон эрдэмтэн эмэгтэй хүн ээж болсон хойноо тэс өөр хүн болдог гэх дүгнэлтэд хүрсэн байдаг. Эмэгтэй хүн бие давхар болох юм бол яг л үр хүүхдээ гэсэн хамгаалагч сахиус мэт асар хүчтэй дайчин чанартай болж хувирдаг аж. Ургийн эсүүд эхийн биед нэвтрэх үедээ эхийг “Wonder Woman” шиг дайчин чанартай болгон хувиргахад чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн мэргэжилтнүүд хэлдэг.

Сэтгэл судлаачид ч мөн “Эхийн цус руу орсон ургийн эсүүд тархины тодорхой хэсэгт хүрч, үрээ хамгаалах сэдлийг өдөөдөг” гэж тайлбарладаг.

Эх байх нь эхийн зөн совинг бий болгоно.

Эх хүн хүүхэдтэй болсон цагаасаа л зөвхөн үр хүүхдийнхээ амь нас, амьдралын төлөө хамаг бүхнээ зориулдаг шүү дээ. Тэд хүүхэдтэй нь холбоотой л бол ямар ч өвдөлтийг юман чинээ тоодоггүй. Ээжүүд үр хүүхдийнхээ төлөө ямар ч зовлон золиосыг чимээгүйхэн тэвчиж, тэднийхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн байдаг. Үрээ тэгж их хайрлаж, тэр их золиосыг даван туулж чаддагийн учир нь эх хүн болсон болоод л тэр.

Бурхан хүүхдийг эхийн хэвлийд арван сар тээлгэж, энэ хугацаанд ээжийнх нь биеийн бүх хэсэгт, тархинд нь хүртэл ургийнх нь эд эсийг үлдээдэг ажээ. Тиймээс эх хүн ургийнхаа эд эсийг өөрийн биедээ, тархиндаа насан турш тээн явж, үр хүүхдийнхээ төлөө л гэвэл өөрийгөө гаргуунд нь гаргаж, амь насаа хүртэл зориулах боломжтой байхаар програмчлагдсан байдаг байна.

Ийнхүү ээжүүд амьдралаа эцэслэх тэр мөчийг хүртэл үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүтгэл, хайр золиосоо харамгүй зориулан байж үрийнхээ амийг хамгаалдаг ажээ.

“Өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг Би бүр ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ.” Эхл 3:16

“Ева… тэр амьд бүхний эх болсон аж.” Эхл 3:20

Эх хүн үрээ арван сар хэвлийдээ тээн, зовж зүдрэн төрүүлнэ. Тэгээд насан турш зөвхөн үр хүүхдийнхээ амийг хамгаалахын төлөө амьдрахаар сонгогдсон хүн мэт зүтгэнэ. Тэд үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө л гэвэл өөрийн амийг гаргуунд гаргах ч энүүхэнд. Эхийн өгөөмөр хайр, зөн совингийн нууцыг тайлсны дараа л ээж минь намайг биеийнхээ бүхий л хэсэгт, тэр байтугай тархиндаа хүртэл тээж явдгийг нь олж мэдлээ. Бүр насан эцэс болтлоо шүү…

Эх сурвалж
EBS TV Documentary, Mother Shock Part 2: There’s a Child in Mom’s Brain, May 31, 2011
J. Lee Nelson, Your Cells Are My Cells, Scientific American Feb. 2008, pp. 72–79
News Release of Fred Hutchinson Cancer Research Center, Men on the Mind: Study Finds Male DNA in Women’s Brains, Sept. 26, 2012
William F. N. Chan, Male Microchimerism in the Human Female Brain, PLOS ONE, Sept. 26, 2012
Medical News Today, Female Brain Contains Male DNA, Sept. 27, 2012
Lee Yeong-wan, In Mother’s Brain, There Live Her Sons and Daughters, Chosun Ilbo, Oct. 10, 2012