Эцэг эхээс өвлөн авдаг нас

2149Үзэлт
Жагсаалт

“Хэт хөгшрөлтийн нийгэм”-тэй золгон буй өнөө үед эрүүл саруул, урт наслах тухай олон мэдээ мэдээлэл гарах болжээ. Тухайлбал 120-иос дээш насалж, Геннисийн номд нэрээ бичүүлсэн хүмүүсийн урт наслалтын нууцыг хуваалцан, дэлхийн хамгийн урт наслалттай тосгоны оршин суугчдын амьдралын хэв маягаас дэлгэрэнгүй сурталчилдаг болоод байна. Түүнчлэн Японд 26 жил наслаад үхсэн нэгэн нохойны тухай мэдээлэл цацагдсан нь гадаад орнуудад ч шуугиан тарьсан байдаг.

Бусдаас урт наслах сэдэв юуны учир олны анхаарлыг татах болсон юм бол? Энэ нь хэзээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран хүн төрөлхтний урт наслах гэсэн нийтлэг хүсэл эрмэлзэлтэй холбоотой юм. Соёл иргэншил цэцэглэн хөгжөөд байгаа орчин үед ч шинжлэх ухаан “амь” гэгч зүйлийн талаар хараахан бүрэн тайлж чадаагүй, нууцлаг хэвээр байгааг нотолсон нэгэн төрлийн нотолгоо энэ.

“Амь” гэгч нь хүн бүрийн мэдрэхэд амархан мөртлөө тодорхойлоход тун хэцүү зүйл юм. “Амь” гэдэг нь амьд организмд байдаг нийтлэг чанар бөгөөд ерөнхийдөө бодисын солилцоо1, нөхөн төлжилт, өсөлт хөгжил гэх мэт янз бүрийн онцлог чанаруудаар тодорхойлогддог л доо. Гэвч шинжлэх ухааны үүднээс бүрэн дүүрэн тодорхойлогдсон гэж хэлэхэд учир дутагдалтай юм. Физиологи, физик, биохими, молекул биологи зэрэг шинжлэх ухааны төрөл бүрийн салбарыг хамруулан амийн чухал шинжүүдийг үнэн зөв тодорхойлоход тийм ч амар биш л болов уу. Ийм учраас толь бичгүүдэд амийн утга учрыг тодорхойлохдоо “төрөхөөс үхэх хүртэлх мөч” хэмээх нэмэлт тайлбар оруулсан нь бий. Магадгүй эхлэл, төгсгөлтэй, хязгаарлагдмал байдал нь “амь”-ийн хамгийн тодорхой шинж чанар болохоор тэр биз ээ.

1. Бодисын солилцоо (metabolism): Хоол боловсруулах, амьсгалах, фотосинтез зэрэг амьд организмд үйлчилдэг химийн урвалыг хэлнэ.

Тэгэхлээр амийн хязгаарыг хэрхэн тодорхойлдог юм бол оо? Аливаа амьтан өөрийн гэсэн амийн хугацаатай байдаг нь ажиглагддаг. Дэлхий дээр хамгийн богино насалдаг шавьж гэгддэг “Нэг өдрийн настай ялаа (mayfly)” нас бие гүйцсэн хойноо ердөө хэдхэн цаг л амьдардаг байна. Орог зусаг 2 жил, нохой 12-16 жил, үхэр 20 жил, заан 60-70 жил, яст мэлхий 200 гаруй жил насалдаг. Хэдийгээр тэд ижил төстэй орчин, экологийн нөхцөлд амьдардаг ч тухайн амьтны төрөл зүйлээсээ хамааран амьдрах хугацаа нь эрс ялгаатай байдаг байна. Үүний шалтгаан нь аливаа амьтны амьдрах хугацааг тодорхойлдог генетикийн ялгаанд оршдог аж. “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэсэн зүйр үг байдагчлан эцэг эхийн онцлог, шинж чанар үр хойчдоо өвлөгдөх үзэгдлийг “ген” гэж хэлдэг байна.

Хүүхэд эцэг эхтэйгээ адилхан байх нь жам ёсны ойлголт боловч үүний нууц нь эсийн ДНХ-д оршдогийг дэлхий нийт саяхнаас мэдэх болсон билээ. Эцэг эхийн биологийн шинж чанар2ыг давамгайлдаг генүүд нь нөхөн үржихүйн эс (эр бэлгийн эс эсвэл өндгөн эс)-ээр дамжин дараагийн үр удамдаа өвлөгддөг байна. Аливаа амьтан эцэг эхийнхээ генийг өвлөн авдаг тул муурнаас гөлөг, үнээнээс унага төрөхгүй нь лав. Хүүхэд эцэг эхээсээ өндөр нам, арьсны өнгө, үсний хэлбэр гэх мэт гадаад төрхийг нь төдийгүй зан чанар, тэр байтугай өвчин эмгэг гээд янз бүрийн генийг нь өвлөж төрдөг. Хүн хэд наслах нь ч мөн эцэг эхээсээ удамшсан гентэй холбоотой байдаг тул нохой хичнээн урт насаллаа гээд хүний ​​дундаж наслалтанд хүрэхгүй юм.

2. Шинж чанар (characteristics): Эцэг эхээс үр хойчид удамшсан генээр үүсгэгддэг амьд организмын гадаад төрх, шинж чанар. Жишээлбэл нүдний өнгө, суралцах чадвар гэх мэт.

Эрдэмтэд хүний ДНХ мэдээллийг нарийвчлан судлах геномын төсөл3 ​гэх судалгаа явуулан, ​хүний нас тухайн хүний генийн зурагт бичигддэг хэмээн үзэх болжээ. Хэдэн арван жилийн өмнө хүний ​​насыг 80 хувь нь амьдралын хэв маягаас, ердөө 20 хувь нь л генээс шалтгаалдаг гэсэн ерөнхий ойлголттой байв. Гэсэн ч 1990-ээд оны сүүлчээс урт наслалтанд нөлөөлдөг ген гэж байдгийг судалгааны үр дүн харуулж, генетикийн хүчин зүйлсийг онцлох болсон байна.

3. Хүний геномын төсөл (human genome project): Геном гэдэг нь ген (gene) ба хромосом (chromosome)-ын нийлмэл үг бөгөөд генетикийн ерөнхий мэдээлэл гэсэн утгатай. Хүний геномын төсөл нь хүний ​​ДНХ-г бүрдүүлдэг 3 тэрбум суурийг илрүүлж, ДНХ доторх генүүдийг тодорхойлон, хүний ​​генетикийн зураглалыг бүрдүүлдэг олон улсын шинжлэх ухааны мега төсөл аж. Уг төсөл 1990 онд эхэлж, 2003 онд дуусгавар болсон боловч генетикийн зураглалын олон хэсэг хоосон хэвээр байгаа юм. Хэзээ нэгэн цагт генетикийн зураглал дээрх бүх хоосон зайг бөглөх юм бол өвчний шалтгааныг олж тогтоох, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх болон эмчилгээнд ихээхэн тус болох юм.

Саяхны судалгааны үр дүн нэг алхмаар ахиж, орчны хүчин зүйл гэхээсээ генетикийн хүчин зүйл нь урт наслахад илүү их нөлөөлдөг болохыг тогтоожээ. 2011 оны 8-р сард Америкийн Геронтологийн нийгэмлэгийн нэгэн сэтгүүлд нийтлэгдсэн АНУ-ын Альберт Эйнштейний нэрэмжит Анагаах ухааны их сургуулийн судалгааны багийн тайланд дурдсанаар дундаж наслалт нь 100 хүрсэн 500 еврей хүний ​​генетикт дүн шинжилгээ хийсний үр дүнд урт наслалтын гурван нийтлэг ген байгааг илрүүлжээ. Судалгаанд хамрагдагсдын гуравны нэг нь эрүүл мэндтэй нэг их хамааралгүй амьдралын хэв маяг баримталдаг байсан аж. Насжилтанд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол ген гэдэг нь эндээс харагдаж байна.

Эцэг эхчүүд үр хүүхэддээ аль болох өндөр нуруу, гоц гойд оюун ухаан, эрүүл саруул бие, урт наслалтын ген өвлүүлэхийг хүсдэг. Гэвч тэд өөрсдийн генийг өвлүүлэхээс өөр яалтай. Зарим хүн эрүүл саруул гэр бүлд урт удаан наслах ген өвлөн төрж, 100-аас дээш насалж байхад зарим нь эцэг эхээсээ өнгө ялгадаггүй юм уу гемофили гэх мэт удамшлын шинжтэй өвчнийг нь өвлөж, хүндхэн амьдрал туулахад хүрдэг байна. Тийм ч учраас олон эрдэмтэн генетикийг судлах замаар өвчин эмчлэхийн төлөө хүчин чармайлт гаргасаар байна. Түүгээр ч зогсохгүй тэд хөгшрөлтийг удаашруулж, насжилтыг уртасгах судалгааны ажил эрчимтэй хийцгээж байна.

Гэвч хүний ​​хөгшрөлтөд олон зуун ген нэг зэрэг үйлчилдэг тул хөгшрөлтийн механизмыг олж тогтоох нь тийм ч амар биш юм. Эсийн хөгшрөлт биеийн эрхтэн, эд эс, тэр ч байтугай хүний ​​​эд эсийн дотор ч хүртэл өөр өөр хурдтай явагддаг байна. Учир нь хүний биеийг бүрдүүлэгч 100 триллион эсийг бүхэлд нь генетикийн аргаар засна гэдэг бодит байдал дээр туйлын хэцүү хэрэг ажээ.

Эсийн хөгшрөлтийн судалгааг үндэслэгч Леонард Хейфликийн хэлснээр хүний биеийг бүрдүүлдэг эсүүд хязгааргүй тоогоор үрждэггүй, харин амьдралын тодорхой хязгаартай байдаг байна. Хүний ​​эсийн өсгөвөр дээр хийсэн туршилтаар үр хөврөлийн эсүүд 100 удаа хуваагдсаны дараа зогссон байхад 70 настай хүний ​​эсүүд ердөө 20 удаа хуваагдаж байжээ. Эс доторх цаг хугацааг хэмждэг “насны цаг” гэж зүйл байдаг тул хүн үхлээс зугтах аргагүй юм. Үүний дараа эсийн биологич эрдэмтэд эс хуваагдах болгонд богиносдог “теломер” хэмээх зүйл байдгийг олж тогтоосон байна. Хүний биед програмчлагдсан энэхүү “насны цаг” хойшлох боломжгүй аж. Энэ дэлхий дээрх бүхий л амьд организм хязгаарлагдмал настай төрдөг бөгөөд “хөгшрөлт” хэмээх насны намартайгаа золгож эцэст нь үхэхэд хүрдэг ажээ.

Теломер – Хромосомын төгсгөлд байрлах теломер нь ДНХ-г гэмтээхгүйгээр зөв ​​хуулбарлахын тулд хамгаалдаг. Теломер нь эс хуваагдах тусам богиносдог боловч бүрэн алга болоход эсийн хуваагдал зогсож, эс үхдэг. Ийм учраас теломерыг эсийн “насны цаг” эсвэл “хөгшрөлтийн цаг” гэж нэрлэдэг аж. Гялалзаж байгаа хэсэг нь теломер юм.

Бурханаас төрөгч бүрд Бурханы үр байдаг тухай Библид тэмдэглэсэн байдаг (1Иох 3:9). Энэ нь Бурхан тэдэнд Өөрийн үрийг буюу Бурханы генийг өгсөн гэсэн үг юм. Бурханы генийг өвлөн авсан хүмүүс мэдээж Бурханы хүүхэд болж, Бурхан тэдний Эцэг, Эх болох юм. Тэгвэл хязгаарлагдмал биш мөнх амьтай Бурханы хүүхэд болсон хүн ямар амьдралаар амьдрах бол? Бурханы “амийн ген” буюу “мөнх амийн ген”-ийг хэрхэн өвлөдөг юм бол?