“Амийн ус Иерусалимаас урсан гарна” гэсэн Библийн зөгнөлийн жинхэнэ утга

2497Үзэлт

Библид амийн ус Иерусалимаас гарч, өвөл зунгүй урсан, тэнгисийг чиглэх тухай зөгнөл бий.

“Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.” Зех 14:8

Палестины нутагт орших Иерусалим нь эргэн тойрондоо хөндий жалга ихтэй, уулархаг бүсэд байрладаг тул байгалийн усан хангамжийн хувьд ихээхэн хүндрэлтэй хот юм. Мөн жилийн хур тунадасны хэмжээ дэлхийн бусад бүс нутгуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг байна. Сүнслэг утгаар нь бодоод үзэхэд Иерусалимын нөхцөл байдал байнгын зөрчил мөргөлдөөнтэй, амар амгалан хот гэж хэлэх аргагүй тул эндээс амийн ус урсан гарна гэх Библийн зөгнөлийг ойлгохуйяа нэн бэрх. Тэгэхлээр одоо амийн ус урсан гарах авралын өлгий Иерусалим нь чухам хаана байдгийг, түүнчлэн Библийн зөгнөлийн жинхэнэ утга юу болохыг олж мэдэцгээе.

Амийн ус соёрхох Бурхан

Библид сүнсний амийн ус гэж сүнсний аминд хэрэгтэй Бурханы үг буюу үнэний үгээр дамжин ариун хүмүүсийн дээр буун ирэх Ариун Сүнсийг заадаг юм (Амо 8:11-12, Иох 7:37-39). Амьдрахын тулд ус зайлшгүй хэрэгтэй байдгийн адил сүнсний амийн төлөө ч амийн ус хэрэгтэй. Библид үе тус бүрд зөвхөн Аврагч л амийн ус өгнө хэмээсэн байдаг.

Ариун Эцэгийн үед амийн усыг Аврагч Ёхова Бурхан өгч байв.

“Учир нь Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг чулуу ухан хийхийн тулд амийн усны ундарга Намайг умартсан.” Иер 2:13

Тухайн үед Ёхова Бурханд итгэж байж л амийн ус авах ёстой байв. Ариун Хүүгийн үед амийн усыг Аврагч Есүс соёрхож байлаа.

“Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун. Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв.” Иох 7:37-38

“Есүс түүнд хариулан —Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд… Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд” Иох 4:10-14

Ариун Хүүгийн үед зөвхөн Аврагч Есүсийг хүлээн авсан хүн л амийн ус авч байсан. Тиймээс Есүс самари эмэгтэйд “Хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад, амийн усыг олж авах байсан” гэж айлдсан байдаг.

Амийн ус өгөх Сүнс болон Сүйт бүсгүй

Тиймээс Библид сүүлчийн Ариун Сүнсний үед Сүнс болон Сүйт бүсгүй амийн ус өгнө хэмээн зөгнөжээ.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Ариун Эцэгийн үед болон Ариун Хүүгийн үед Аврагчийг зөв таньж итгэсэн хүн амийн ус авч байсан шиг өнөө үед Сүнс болон Сүйт бүсгүй хэн болохыг таньж мэдэн, хүлээн авсан хүмүүс л амийн ус хүлээн авах юм. Илчлэл 22-р бүлэгт гарч байгаа Сүнсийг Ариун Гуравын сэнтий нэг гэсэн ойлголтын дагуу авч үзэхэд Эцэг Бурханыг зааж байгаа нь илт. Тэгвэл Ариун Сүнс Бурхантай хамт амийн ус өгнө гэж зөгнөсөн байгаа Сүйт бүсгүй чухам хэн юм бол оо?

“… долоон тэнгэрэлчийн нэг нь ирээд надтай ярилцан —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. … Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.” Илч 21:9-10

Тэнгэр элч Иоханд “Сүйт бүсгүйг үзүүлье” гээд тэнгэрээс буун ирж буй Иерусалимыг үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Илчлэл 22-р бүлгийн амийн ус өгөх Сүйт бүсгүйг “Иерусалим” гэжээ. Энэ нь хожим Иерусалимаас амийн ус ундран гарахыг гэрчилсэн Зехариа номны зөгнөлтэй холбогдож байна. Ариун Сүнс Эцэг Бурхантай хамт илчлэгдэн, амийн ус соёрхох Сүйт бүсгүй хэн болохыг мэдэх аваас бид Иерусалимыг “амийн усны ундарга” хэмээн тодорхойлсон зөгнөлийн жинхэнэ утгыг ухаарах юм.

“Иерусалимаас амийн ус урсан гарна” гэсэн Библийн зөгнөлийн утга

Элч Паул тэнгэрт байгаа Иерусалим хэн болохыг дурджээ.

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26

Дээр оршигч Иерусалимыг “бидний Эх” хэмээжээ. “Бид” гэж аврал авах итгэгчдийг заасан юм. Есүс Бурханыг “бидний Эцэг” гэж дуудан Эцэг Бурханыг мэдүүлж өгсөн шиг Есүсийн сургаалыг өвлөн авсан элч Паул “бидний Эх” хэмээн тэмдэглэснээрээ тэнгэрт ариун хүмүүсийн сүнсний Эх буюу Эх Бурхан оршин байдгийг гэрчилсэн юм.

Тиймээс Илчлэл 21-р бүлэгт тэнгэр Иерусалимыг илтгэсэн “Хурганы эхнэр”, 22-р бүлгийн “Сүйт бүсгүй” аль аль нь Эх Бурханыг зааж байна. Сүүлчийн энэ үед Эх Бурхан Ариун Сүнс Эцэг Бурхантай хамт илчлэгдэн, амийн ус соёрхох юм. Тиймээс эхэнд “Амийн ус Иерусалимаас урсан гарна” гэсэн үг нь сүүлчийн үед амийн усны ундарга болох тэнгэр Иерусалим Эхийг зөгнөсөн зөгнөл юм.

“Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.” Зех 14:8

Дээрх ишлэл Палестинд байдаг газрын Иерусалимын талаар өгүүлсэн зөгнөл биш юм. Сүүлчийн үед илчлэгдэх тэнгэр Иерусалим Эх сүнсний амийн усыг өвөл зунгүй, амрах сөхөөгүй урсгаж өгөх тухай зөгнөл юм. Эх Бурханы соёрхох амийн усны талаар Езекиел эш үзүүлэгч ч мөн ийн зөгнөжээ.

“Дараа нь тэр намайг өргөөний үүдэнд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг тийш ус урсан гарчээ. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө зүгээс урсаж байв. Тэгээд тэр намайг хойд дааман хаалгаар гадагш гаргаж, зүүн тийш харсан гаднах хаалга уруу дагуулан тойруулан явав. Харагтун, баруун гар талаас ус алгуурхнаар урсаж байв. Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин нэг мянгыг хэмжиж, намайг өвдгөнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжиж, намайг бүсэлхийд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. Дотор нь сэлж болохоор хангалттай их устай, гаталж чадахааргүй гол байв.” Езе 47:1-5

Энд дурдагдсан өргөө нь Иерусалим өргөө юм. Иерусалим өргөөнөөс амийн ус урсан гарч, эхэндээ шагайгаар татсан ч цааш урсах тусам өвдөг, бүсэлхийд тулж, эцэст нь гаталж чадахааргүй гол болжээ. Энэ нь Иерусалимын бодит, Эх Бурханы соёрхох амийн усны хүчийг өгүүлсэн зөгнөл аж. Тэнгэр Иерусалимаас эхэлсэн амийн усны үг дэлхий дахинаа түгэн дэлгэрч, ертөнцийг цэнгэг болгох үүрэгтэй юм.

Амийн усны ундарга Иерусалим, мөнх амь соёрхох Эх Бурхан

“Дараа нь тэр надад айлдахдаа —Энэ ус зүүн нутаг уруу урсаж, Араба уруу уруудан очиж байгаа. Дараа нь тэд тэнгист цутгагдахаар тэнгисийн зүг урсаж, тэнгисийн ус нь цэнгэг болдог. … Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно. … Голын хажуугаар эрэг дээр, нэг талд болоод нөгөө талд нь хоол хүнсний янз бүрийн модод ургах болно. Навчнууд нь хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргана. Учир нь тэдгээрийн ус ариун газраас урсан гарч, жимс нь хүнс болж, навч нь эмчилгээнийх байх болно гэв.” Езе 47:8-9, 12

Амийн ус урсах газар бүрд тэнгис цэнгэг болж, бүх юм амьдрах болно гэжээ. Библид “тэнгис” гэж хүн төрөлхтнийг илтгэдэг (Илч 17:15). Тэнгэр Эхийн амийн ус хүн төрөлхтөнд мөнх амь өгч амьдруулах гайхамшигт хүчийг дотроо агуулж байдаг. Амийн усаар тэтгэгдэн ургасан модны навч ч хүртэл сүнс амьдруулах эм болно гэжээ. Илчлэл номд ч мөн Езекиел номд бичигдсэнтэй адилхан зөгнөл бий.

“Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь дундуур урсаж байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв.” Илч 22:1-2

Энд гарч байгаа амийн ус урсан гарах сэнтий нь Иерусалим юм (Иер 3:17). Езекиел эш үзүүлэгчийн зөгнөлтэй адил энэ ишлэлд ч мөн “Амийн усны голын хоёр талд сар бүр арван хоёр төрлийн үр жимс ургуулах амийн мод байх бөгөөд навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд” хэмээн дурджээ. Тэгвэл энэхүү амийн усыг хүлээн авсан хүмүүс ямар яруу алдар эдлэх юм бол?

“Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.” Илч 22:5

“Тэд” гэсэн нь тэнгэр Иерусалим Эхийн соёрхох амийн усыг хүлээн авсан итгэгчдийг зааж байна. Тэд амийн ус аваад тэнгэрийн хаанчлалд үеийн үед хаанчлах ерөөл авах юм.

Сая бид амийн усны ундарга Иерусалим нь Эх Бурханыг илэрхийлсэн бөгөөд Эх Бурханаас амийн ус авсан итгэгчдэд мөнхийн тэнгэрийн хаанчлалын ерөөл өгөгдөнө гэдгийг Библиэр судалж үзлээ. Харин Библид сүүлчийн үед тэнгэр Эхээс амийн ус авч чадахгүй бол мөнх амь ч, аврал ч, тэнгэрийн хаанчлалын яруу алдар, ерөөл ч хүлээн авах боломжгүйг зааж байна. Библийн энэхүү сургаалыг ухааран, Библийн зөгнөлөөр тэнгэр Иерусалим Эхийг зөв таньж, амийн ус авахыг та бүхнээс хүсье.