Шувуудын үр зулзагаа гэх хайр (2), импринтинг ба хооллолт

11298Үзэлт

Жив жив!

Та багадаа гэрийн тэжээмэл амьтдын дэлгүүрт бяцхан шар дэгдээхийнүүд жив жив дуугарахыг анзаараад, хэсэг өхөөрдөн харж байснаа тэдгээрээс нэгийг худалдан авч байв уу? Баярласандаа түүнийг хамаг сэтгэлээ зориулан тордсон ч харамсалтай юм болж хэд хоногийн дараа мөнөөх дэгдээхий чинь өвчин тусаад үхсэн ч байж болох. Таны зүтгэлээс үл шалтгаалан дэгдээхий яагаад үхсэн гэж та бодож байна?

Дэгдээхийний инкубаторын температур 37-38 хэм байдаг бөгөөд энэ нь эмэгчин тахиа өндгөө дардаг температуртай ойролцоо аж. Эмэгчин тахианы өсгөвөрлөсөн дэгдээхийний биеийн температур 40-өөс дээш хэм байдаг. Өндөг гарсны дараа ч тахиа дэгдээхийгээ өсгөвөрлөнө. Учир нь дэгдээхийнүүд биеийнхээ температурыг бие даан зохицуулж чаддаггүй байна. Тийм учраас ээжгүй дэгдээхийнүүд амархан үхдэг. Дэгдээхийнүүд амьдрах эсэх нь эмэгчин тахианы үүрэгтэй шууд холбоотой гэж хэлсэн ч хэтрүүлэг болохгүй юм.

​Импринтинг: Эх шувууныхаа тусламжтайгаар төрөл зүйлээ таних

Тахиа болон нугасны дэгдээхий өндөгнөөс гарсан даруйдаа эхийгээ дагаж явдаг. Үүнийг шувууны өвөрмөц шинж чанарын нэг болох “импринтинг” гэж нэрлэдэг. Үүрээ орхидог1 төрлийн шувуудын хувьд, нялх зулзаганууд дэгдээхий болсон хойноо эхний хэдэн цагийн дотор харсан анхны хөдөлж буй зүйлтэйгээ зөнгөөрөө холбогдож, түүнийг дагадаг байна. Энэ төрлийн шувууд үүрээ газар дээр засдаг тул байгалийн дайснуудын дайралтанд өртөмтгий. Тиймээс тэдэнд эхийгээ даган явж, аюулгүй газар очдог төрөлхийн зөн совин бий. Импринтинг нь эх шувуу болон түүний нялх зулзагын хооронд хүчтэй харилцаа холбоо бий болгож, өөрийн төрөл зүйлийг таньж ялгах чадварыг үр төлдөө суулгадаг байна.

1. Үүрээ орхих: Дэгдээхийнүүд өсөлт хурдтайгаас гадна дайсны дайралтад өртөмтгий тул үүрэндээ удаан тогтдоггүй зөн совинг хэлнэ.

“Саарал галууны эцэг” гэгддэг Австрийн амьтан судлаач Лоренц саарал галуугаар дамжуулан импринтинг үзэгдлийг анх нээжээ. Лоренц зэрлэг саарал галууны өндөгнүүдийг өсгөвөрлөжээ. Тэрээр дөнгөж гарсан ангаахайнуудыг өсгүүлэх зорилгоор хэдэн цаг ажигласны эцэст эх галуунд даатгав. Гэтэл ангаахайнуудын нэгд түгшүүрийн шинж тэмдэг илэрч, Лоренцыг дагахаар тэмцэн байв гэнэ. Ангаахайнаас гарсан цагаас хойш хэдэн цагийн турш Лоренцтой хамт байсан тул түүнийг эхийгээ гэж боджээ. Тэгээд Лоренц бяцхан галуунд “Мартина” гэдэг нэр өгч, түүнийг асран торджээ. Мартина үргэлж Лоренцыг дагадаг байсан бөгөөд тэрээр бусад саарал галууг таньж чаддаггүй байв. Мартина өөрийн төрөл зүйл гэхээсээ Лоренц болон өөр хэн нэг хүнд илүү дуртай байв.

Шинээр төрсөн ангаахайнд өөрийн төрлийг ялгаж таних зөн совингийн мэдрэмж байдаггүй байна. Мартина хамгийн анх харсан Лоренцыг эхийгээ гэж хүлээн авсан бөгөөд яг л үлгэрт гардаг “нугасны муухай дэгдээхий” шиг өөрийгөө галуу гэдгийг ялгаж мэддэггүй байв. Эхээсээ байгалийн жам ёсоор гарсан дэгдээхийнүүд жинхэнэ эхээ таньж, төрөл зүйлийнхээ амьдралын хэв маягт суралцдаг бол зохиомлоор гаргасан дэгдээхийнүүд тэгдэггүй. Энэ нь үр зулзага эхийнхээ тусламжтайгаар өөрийгөө таньж мэддэгийг илтгэж байна.

​Үүрээ орхих: Эх шувуугаа даган шинэ орчин руу

Энэ төрлийн шувууны хувьд дэгдээхий болсон даруй өд сөд ургачихна. Тэд алхаж, бас идэж чадна. Тиймээс тэд төрсөн даруйдаа үүрээ орхиж, идэш тэжээл элбэг орчин руу нүүдэллэнэ. Гэвч энэ үйл явцад нялх дэгдээхий тоймгүй олон бэрхшээлтэй тулгарна.

Солонгосын Улаан номд орсон мандарин нугас орон сууцны есдүгээр давхрын бойлерын өрөөнд өндөглөж, дэгдээхийнүүдтэйгээ хамт үүрээ орхисон явдал гарч байжээ. Эх нугас өд сөдөө зулгаан үүрээ засаж, бараг бүтэн сарыг өндгөө дарахад зарцуулжээ. Ер нь мандарин нугас өндөр модонд үүрээ засдаг тул нисэж ч үзээгүй зулзаганууд нь үүрээ орхихын тулд өндрөөс чөлөөтэй үсэрдэг байна. Бойлерын өрөөнд гарсан дэгдээхийнүүд ч үүрээ орхих ёстой тул орон сууцны есдүгээр давхраас асфальтан гудамж руу үсрэх шаардлагатай болов. Хүмүүс бяцхан нугаснуудад туслахын тулд хатуу хучилттай зам дээр дэвсгэр дэвсэхэд тэд айхгүйгээр эхийнхээ араас үсэрцгээж байв.

Тэгэхэд нэг бяцхан нугас хог шүүгч тор руу унаад алга болчихов. Хамгийн сүүлд гарсан дэгдээхий эхийгээ дагаж чадсангүй. Есөн өндөг байснаас хоёр нь өсгөвөрлөх явцад бүтэлгүйтэж, долоон дэгдээхий гарсны тав нь эхтэйгээ цуг нүүдлийн аян замдаа гарсан байна. Дөнгөж төрөөд, үүрээ орхиж буй нялх дэгдээхийнүүд байгалийн дайсан, эргэн тойрны аюулд байнга өртдөг. Тиймээс тэд эхээсээ хормын төдийд хараа салгахад л тэр чигтээ хоцорч үлдэнэ гэсэн үг.

Бидний хувьд шувууд ижил төстэй харагддаг бөгөөд тэдний дуу хоолой ялгагдахын аргагүй. Гэтэл мандарин нугасны дэгдээхийнүүд яаж эхийнхээ дууг сонсоод л шууд шууд таниа юм бол? Эх шувуу, түүний үр зулзага хоёрын харилцан нэгнээ хэрхэн таньдаг тухай сонирхолтой туршилт байдаг. Үр төлөө өсгөн тэжээх ажлыг хамтран гүйцэтгэдэг “Адели оцон шувуу” нэг нэгнээ дуу хоолойных нь ялгаагаар таньж чаддаг гэнэ. Зулзагаласнаас 2-3 долоо хоногийн дараа оцон шувуунууд ан агнахаар явж, зөвхөн зулзаганууд нь л байрандаа хоцордог ба зулзаганууд мөр зэрэгцэн сүрэглэн амьдардаг. Яг тэр үеэр хэсэг эрдэмтэд эрэгчин эмэгчин оцон шувууны урьдчилан бичиж авсан дууг тоглуулахад нялх зулзагануудын 90% нь өөрсдийн аав ээжийн дууг таньж, сүргээсээ гарч ирж байв. Тэдгээр дуу чимээг хүний ​​чих ялгах боломжгүй байсан ч дууны анализатор ашиглан дүн шинжилгээ хийхэд тэдний дуу чимээ хангалттай ялгагдахуйц байв. Аав ээж, үр зулзаганууд харилцан нэгнээ дуу хоолойны өчүүхэн ялгаагаар ч таних чадвартай байсан аж.

Хооллолт: Аав ээж шувуудын онцгой хайр халамж

Аав ээж шувууд дэгдээхийгээ гарснаас нь эхлээд л өсгөдөг. Зарим шувуу ​яг л ээж хүн шиг зулзагаа нуруундаа үүрчихсэн явах нь бий. Хурган шунгуур, нугас гэх мэт усны шувууд усанд сэлэхдээ дэгдээхийгээ нуруундаа үүрдэг. Африкийн якана шувуу зулзагануудаа далавчин дороо авч явдаг. Эх шувуу бөхийж аюулын дохио өгөхөд нялх зулзаганууд эхийнхээ далавчин дор гялс орж нуугдана. Энэ үед эх шувуу далавчаа их бие рүүгээ татан чангалж, дэгдээхийнүүдээ биедээ наана.

Тахиа ч мөн үүнтэй төстэй үйлдэл харуулдаг. Танихгүй газар, байгалийн дайсан гарч ирэх гэх мэт эгзэгтэй нөхцөлд орох үед эх тахиа дэгдээхийнүүдээ дуудахын тулд түгшүүрийн дохио өгч, далавчаа дэлгэн дэгдээхийнүүдээ цээжин дороо нуудаг. Энэхүү үйлдэл нь үр зулзагаа хамгаалах гэсэн зөн совин юм.

Үүрээ хадгалах2 төрлийн шувууд үүрээ орхих төрлийн шувуудаас ялгаатай нь тэдгээрийн үр төл төрөхдөө л нүцгэн, сохор байдаг байна. Иймээс эрэгчин эмэгчин шувуу үүрэндээ удаан хугацаагаар байж, зулзагаа өсгөдөг. Аав ээж шувуу үүрэндээ байх хугацаанд үр зулзагаа тэжээх гээд тун завгүй байна. Сүүлт хөх бух 3-5 минут тутамд идэш тэжээл зөөж, зулзагануудынхаа ялгадсыг хошуугаараа зайлуулна. Эрэгчин эмэгчний аль аль нь өдөрт нийт 250 орчим удаа явж идэш тэжээл авчирдаг бөгөөд тэр болгондоо хоёроос гурван авгалдай зуучихсан ирнэ. Үр зулзагаа тэжээн өсгөхийн төлөө эрэгчин эмэгчин сүүлт хөх бух өдөрт 500 гаруй авгалдай агнадаг байна.

2. Үүрээ хадгалах: Дэгдээхийнүүд удаан өсөлттэй тул үүрэндээ удаан хугацаагаар байж, эцэг эх шувуунаасаа тусламж авахыг хэлнэ.

Ердийн шувууны үүр дээвэргүй байдаг тул бороо орох үед эрэгчин эмэгчин шувууд зулзагануудаа бүх биеэрээ хааж хамгаалдаг аж. Түүгээр ч зогсохгүй махчин төрлийн шувуу, могой мэтийн байгалийн дайснуудаас амь насаараа дэнчин тавин байж зулзагаа хамгаална. Тэд зулзагануудаа өндөр үүрнээс унагачихгүйн тулд үргэлж хараа хяналттай байлгана. Тэд үр зулзагаа асарч тойлох хугацаанд өдөө ч сэгсрэх тэнхэлгүй, өөрсдөдөө ч идэш тэжээл олж ирэх завдалгүй байдаг аж. Улмаар турж эцэн, өнгө зүс алддаг байна.

Тэгтлээ нандигнан өсгөсөн зулзага нь өсөж том болоод, үүрээ орхих цаг нь ирнэ. Тэгэхэд аав ээж шувуу нь далавчаа дэлгэн үзүүлж, хэрхэн нисэхэд сургана. Мөн зулзагануудаа үүрнээс нь гарган нисгэж сургахын тулд өгөөш ашиглан урхидаж ч үзнэ. Цэнхэр тэнгэрээр эрх дураараа нисэж сурахын төлөө зулзаганууд энэ үйл явцыг зайлшгүй даван туулах учиртай. Зулзаганууд нь үүрээ орхин одсоны дараа аав ээж шувуу ямар нэг зүйл мэдээд байгаа мэт хоосон үүрээ удаан хугацаанд эргэж тойрох нь бий гэнэ.

Нялх шувууд өндөгнөөс гарсан мөчөөсөө эхлээд тэнгэрээр дүүлэн нисэх хүртлээ аав ээжийнхээ онцгой хайр халамжийн ачаар тоо томшгүй аюул эрсдэлийг даван туулдаг. Яг л эх тахианыхаа нөмөр нөөлөг далавчин дор бяцхан дэгдээхийнүүд ажрахгүй амьд үлдэж чаддаг шиг. Өнөө ч мөн ой мод, гол мөрөн, бидний эргэн тойронд шинэ амь төрж, өсөн төлжиж буй. Хүйтэн бороонд цохиулахдаа ч үр зулзагаа асарч, далавчаа дэвэн нисэхийг оролдож буй бяцхан үрдээ урам өгөх гэсэн шувуудын жиргээн чихэнд сонстоно.

“… Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. …” Мат 23:37

Эх сурвалж
Olin Sewall Pettingill Jr., Ornithology in Laboratory and Field, Academic Press, 1985
Vitus B. Dröscher, Tierisch erfolgreich: Überlebensstrategien im Tierreich (in German), Goldmann, 1996