Эх Бурхан бол Эцэг Бурхантай хамт тэнгэр газар түг түмнийг бүтээсэн Бүтээгч Бурхан юм. Тэнгэр Эх мөн сүнсний Эх ч гэдэг. Библид Бурханы оршихуйг “Эцэг” ба “Эх” гэж тайлбарладаг. Эцэг Бурханыг хүн төрөлхтөн эрт дээр үеэс мэднэ. Харин Эх Бурхан зөгнөл дагуу сүүлчийн үед л илчлэгдсэн юм. Олон хүн энэ шалтгааны улмаас зөвхөн Эцэг Бурхан л оршдог гэсэн өрөөсгөл үзэлтэй байдаг. Аврагчийг гэрчлэх цорын ганц ном бол Библи. Библийн Эхлэл номноос Илчлэл ном хүртэл Эх Бурханыг гэрчилдэг.
Елохим ба Эх Бурхан
Хуучин гэрээний Библи еврей хэлээр бичигджээ. Еврей хэлэнд “Бурхан”-ыг “Ел(אֵל)”, “Елоах(אֱלוֹהַּ)”, “Елохим(אֱלֹהִים)” гэх мэт үгээр илэрхийлдэг. Эдгээрээс хамгийн их хэрэглэгддэг нэр томьёо нь Елохим юм. “Елохим” нь олон тооны нэр үг бөгөөд “Бурхад” гэсэн утгатай. Энэ нь Бурхан ганц биш гэсэн үг юм. Елохим гэдэг үг Библийн эхний өгүүлбэр болох “Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ” гэсэн үгнээс авхуулаад хуучин гэрээнд ойролцоогоор 2500 удаа гардаг. Энэ нь маш түгээмэл хэрэглэгддэгийг илэрхийлж байна. Бүтээгч Бурхан олон тооны нэр үгээр тэмдэглэгдсэн шалтгааныг Эхлэл 1-р бүлгийн 26-27-р ишлэлээс мэдэж болно.
“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. … Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:26-27
Бурхан хүн бүтээхдээ “Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё” гэж айлдсан. Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүн бүтээгджээ. Энэ нь Бурхан эрэгтэй дүр төрхөөр, мөн эмэгтэй дүр төрхөөр оршдог гэдгийг харуулж байна. Хэрэв Эцэг Бурхан л байдаг бол Бурхан Өөрийгөө “Бид” гэсэн олон тооны нэр үгээр хэлэхгүй “Би” гэсэн нэгдүгээр биеийн төлөөний үгийн ганц тоо ашиглах ёстой. Гэтэл Бурхан “Бид” гэж удаа дараа онцолсны шалтгаан нь Эцэг Бурхан, Эх Бурхан гэж хоёр Бурхан байдаг учраас тэр юм. Шинэ гэрээний Библид Эцэг Бурханы тухай тэмдэглэл байдагчлан (Мат 6:9), Эх Бурханы талаар ч мөн тодорхой бичигдсэн байдаг.
“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26
Дээр оршигч Иерусалим өөрөөр хэлбэл тэнгэрийн ариун газар нь Эх Бурханыг бэлгэддэг. “Бидний” гэсэн нь аврал авах итгэгчдийг хэлж байна. Сүүлчийн үед Елохим буюу Эцэг Бурхан, Эх Бурханд итгээд, Тэднийг хүлээн авсан хүмүүс нь авралын ерөөлд хүрэх итгэгчид юм. Эцэг, эх, үр хүүхэд гэхээр гэр бүлд хэрэглэгддэг нэр томьёо. Тэнгэрийн орны гэр бүл ч мөн эцэг, эх, үр хүүхдээс бүрддэг. Эх байхгүйгээр хүүхэд төрөх боломжгүй, хүүхэдгүй бол эцэг болох боломжгүй. Бурханыг Эцэг гэж дууддаг шалтгаан ч мөн Эх Бурхан оршин байдагтай холбоотой.
Тэнгэрийн орны хуримын найрын Сүйт бүсгүй
2000 жилийн өмнө Есүс Христ Эх Бурханы оршихуйг хурим найрын сургаалт зүйрлэлээр илчилсэн байдаг. Тэнгэрийн хаанчлал нь хуримын найранд орохтой адил бөгөөд хуримын найр хийсэн Хаан нь Бурхан, Хүргэн нь Есүс, уригдсан зочид нь итгэгчдийг илэрхийлдэг юм (Мат 22:1-14). Сүйт бүсгүйг дурдаагүй шалтгаан нь Сүйт бүсгүй байхгүйдээ биш харин гарч ирэх цаг нь болоогүй байсантай холбоотой юм. Анхнаасаа Сүйт бүсгүй байгаагүй бол хуримын найрыг тэнгэрийн хаанчлалтай зүйрлэх үндэсгүй юм. Учир нь хуримын найрын гол дүр нь сүйт бүсгүй шүү дээ. Илчлэл номд зөгнөлийн цаг нь болж, Сүйт бүсгүй гарч ирж байгаа тухай бичигдсэн байдаг.
“Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. … —Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!” Илч 19:7-9
Хурганы эхнэр болох Сүйт бүсгүй гарч ирснээр сая нэг хуримын найр болох юм. Хурга гэж Есүс Христийг илэрхийлдэг төдийгүй (Иох 1:29) Ариун Гуравын сэнтий нэгийн Эцэг Бурханыг илтгэдэг. Сүйт бүсгүй нь “тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалим” бөгөөд (Илч 21:9-10) Иерусалимыг “бидний Эх” (Гал 4:26) гэж Библид ижил үгээр нь тайлбарласан байдаг. Иймээс цаг нь болоход гарч ирэх хуримын Сүйт бүсгүй бол Эх Бурхан юм. Энэхүү зүйрлэлийг ойлгоод Эцэг Бурхан, Эх Бурхан руу ирсэн хүмүүс нь хуримын найранд уригдсан, ерөөлтэй хүмүүс юм. Ерөөгдсөн шалтгаан нь тэд тэнгэрийн хаанчлалд орох эрх олж авахын зэрэгцээ мөнх амьтай болох юм.
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17
Библийн төгсгөлд Сүйт бүсгүй болох Эх Бурханыг амийн ус өгөх Нэгэн гэж илэрхийлдэг. Амийн ус гэж мөнх аминд хүргэх Бурханы үгийг зааж байна.
Бүтээлийн зүй тогтол ба Эх Бурхан
Хүн бүр аав, ээжээрээ дамжин хорвоод мэндэлдэг. Энэ нь зөвхөн хүнд төдийгүй үй олон төрөл зүйлд хамаарна. Тэнгэрт нисэх шувууд, усан доторх загас ч хүртэл аав, ээжээсээ амь авдаг. Тал хээрээр давхилдах араатан амьтад ч мөн ялгаагүй. Түүнчлэн амь бүрэлдэн бий болж төрөхөд эх гол үүрэг гүйцэтгэдэг. Бүтээлийн энэхүү зүй тогтлыг бий болгосон Нэгэн нь бүх юмсыг бүтээсэн Бурхан.
“—Бидний Эзэн бөгөөд Бурхан минь, алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.” Илч 4:11
Газар дэлхийн зүй тогтол бол тэнгэрийн зүй тогтлыг ухааруулах хуулбар, сүүдэр юм (Евр 8:5). Библид мөн Бурханы бурханлаг чанар бүтээлд нь туссан хэмээн гэрчилдэг.
“Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй.” Ром 1:19-20
Бурхан дэлхий дээрх үй олон амьд биетийг эцэг, эхээсээ төрдөг байхаар бүтээсэн хүсэл нь юу юм бол? Энэ нь мөнх амийг ч мөн Эцэг Бурхан, Эх Бурхан өгдгийг бидэнд ойлгуулахын тулд юм. Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн анхны хүн болох Адам, Ева хоёроор дамжуулан энэхүү хүслийг ойлгох боломжтой.
“Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон аж.” Эхл 3:20
“Ева” гэдэг нэр нь амь гэсэн утгатай тул амь тээж төрүүлэх үүргийг зөвхөн эмэгтэй хүн л гүйцэтгэж чадна. Адам нь хүн төрөлхтний авралын төлөө хожим ирэх Эцэг Бурханыг бэлгэддэг (Ром 5:14), харин түүний эхнэр Ева нь Эх Бурханыг бэлгэддэг. Ева “амь” гэсэн утгатай нэр авч, амьд бүхний эх болсон нь амийг Евагийн бодит болох Эх Бурхан өгнө гэсэн санааг битүү утгаар хэлж байна. Мөн тээж төрүүлсэн үр хүүхдээ өөрийн амь шиг хайрладаг энэ хорвоогийн бүх ээжүүдийн хайр тэнгэр Эхийн хайрын тусгал юм.
Амь хайргүй золиос, зовлон агуулсан эх хүний хайр. Үеэс үед уламжлагдан ирсэн эхийн хайрыг уг үндсээр нь хөөгөөд судлаад үзвэл тэнгэр Эхээс улбаатай нь илт. Хүн төрөлхтөн Библиэр дамжуулан Эцэг Бурханыг эрж хайн, аврал хүсдэг шиг эдүгээ зөгнөлийн цаг нь болж илчлэгдсэн Эх Бурханыг ч хайж олох учиртай билээ.