Шувуудын үр зулзагаа гэх хайр (1), инкубатор

4551Үзэлт

Нэрт зохион бүтээгч Эдисон багадаа их сониуч хүүхэд байжээ. Нэгэн өдөр Эдисон алга болж, гэрийнхнээ сандаргав гэнэ. Удаан хайсны эцэст эцэг эх нь түүнийг саравчинд овоолсон сүрлэн дээрээс олжээ. Тэрээр галууны өндөг дарж байгаад суугаагаараа унтсан байв. Гэвч түүний найдлага талаар болж, ганц ч дэгдээхий гараагүй аж. Яагаад тэр юм бол оо?

Дэгдээхэйнүүд өсөх үүр

Шувууны нөхөн үржихүйн хамгийн чухал үйл явц нь өндгөө хагалж ангаахай өсгөвөрлөх явдал юм. Өндөг дарах эхний алхам бол үүр барих. Хүнд бороо, салхинаас хамгаалах орон байр хэрэгтэй байдаг шиг шувуунд ч мөн байгалийн дайснуудаас өндгөө хамгаалж, шинээр төрөх нялх үр зулзагаа тэжээн өсгөх үүр хэрэгтэй байдаг аж. Энэхүү шалтгааны учир шувууд үүрээ засахын тулд маш их хичээл зүтгэл гаргадаг. Эрэгчин эмэгчин шувууд үүр барих газраа нарийн шалгуураар сонгож, хамгийн сайн материал, тэр байтугай өөрсдийн өд сөдийг зулгаан үүр барихдаа ашигладаг байна.

Үүрний байршил, хэлбэр асар олон янз. “Үүрээ хадгалдаг” төрлийн шувууд өндөгнөөсөө гарангуутаа эхийгээ таниад, дагаж явдаг. Тэд өндөгнөөс гарсан даруйд үүрээ орхих чадвартай тул голын эргийн элс, хайрга, хадны ан цаванд үүр хийдэг. Харин махчин шувууд зулзаган үеэсээ нүцгэн, сохор байдаг. Тэд аав ээжийн хамгаалалтгүйгээр амьд үлдэх аргагүй. Тиймээс тэд үүрэндээ нэлээн удаж, аав ээжээсээ хамгаалалт авдаг. Тагтаа, шар шувуу, хараацай гэх мэт шувууд бусад шувуунаас ялгаатай нь аюулгүй газар бат бөх үүр засдаг байна.

Тоншуулууд өндөр модонд үүр засдаг. Тэд үүр засахдаа модны төрөл зүйл, чиг, өндөр, зузаан гээд бүхий л талыг нь харгалзан үзнэ. Тоншуулууд махчин шувуу гэх мэт байгалийн дайсны дайралтаас сэргийлж, салхи шуурганаас хоргодохын тулд таван давхар байшингаас ч дээш өндөрт үүр засан, үүдийг нь мөчрөөр өнгөлөн далдалдаг аж. Тэд үүрээ барьж дуусгатлаа асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг байна.

Заримдаа тоншуулын барьсан үүрийг мод цоолж үүр засах чадваргүй бусад шувуу ч ашигладаг ажээ. Жишээлбэл болжмор шиг жижиг биетэй тоншголжин шувуу тоншуулын үүрийг сэргээн засаж ордог байна. Сул дорой тоншголжин шувууд өвлийн сүүлчээр, бусад шувууны үржлийн улирал ирэхээс өмнө тоншуулын хаягдсан үүр хайж гарна. Тэгээд нэг үүр олбол дотор нь үүрлэж, бусад шувууг нэвтрүүлэхгүйн тулд үүдийг нь нарийсгадаг байна.

Дуртай үүрээ олж авсан тоншголжин хосууд нэн түрүүнд үүрээ цэвэрлэнэ. Учир нь тоншуул үүрнийхээ ёроолоор модны үртэс тараачихсан байдаг аж. Тэгээд бяцхан тоншголжингууд шавраар вандуйн чинээ бөмбөлөг хийн, түүнийгээ хэд дахин үүрэндээ зөөж оруулна. Тэд өдөрт дунджаар 80 шавар бөмбөлөг хийж, 1-2 минут тутамд дотогш зөөж оруулдаг байна. Тэгж байтал уугуул эзэн нь болох тоншуул ч юм уу эсвэл үүр хайж буй өөр шувууд ирж, үүрийг нь сүйтгэчихнэ. Гэсэн ч тэд бууж өгөхгүй, харин шинээр мэндлэх нялх зулзагынхаа төлөө шавар бөмбөлөг хийж зөөсөөр байна.

Тоншголжин шувууны хувьд эр нь манаанд гарч, эм нь үүрээ төвхнүүлнэ. Эмэгчин тоншголжин үүрээ бүрэн засаж, өндгөө дарах гэсээр байгаад хошуу нь мохож, томорсон хэвлийд нь шавар шороо наалдчихсан байна. Учир нь нэг шавар бөмбөлөг хийж, ханаа жигд өрөхийн тулд шаврыг 200 гаруй удаа дагтаршуулах шаардлагатай байдаг аж.

Урт, гоёмсог сүүлт “Japanese paradise flycatcher” шувуу маш сайхан үүр засдаг.Тэд модны иш сүлжиж, өндгөө дарахад тохиромжтой хашаа хийн, үүрнийхээ гадна талыг хөвдөөр бүрж, хүрээлэн буй орчинтойгоо төстэй болгож харагдуулна. Тэдний үүрэнд маш онцгой материал ордог нь аалзны тор юм. Аалзны торны тэсвэртэй чанар үүрийг нь бат бөх болгож, мөчирний ишинд хөвд наалдахад тус нэмэр болдог аж. Уг шувуу ихэвчлэн өтгөн ойн гэрэлгүй, чийглэг орчинд үүр засдаг. Гэвч модны иш сүлжиж үүрээ хийсэн тул энэ нь ус зайлуулахад тустайгаас гадна гадаргуу дээрх хөвд үлдсэн ус чийгийг нь шингээж авдаг тул хурдан хатдаг байна. Бороо ороход эрэгчин эмэгчин шувууд үүрэн дээрээ сууж, дээврийн үүрэг гүйцэтгэх нь ч бий гэнэ.

Инкубатор: Аав ээжийн дулаан энгэр

Эмэгчин шувуу үүр нь бэлэн болмогц өндөглөж эхэлдэг. Өндөглөсний дараа аав ээж, үр зулзагын хоорондох анхны холбоо бол инкубатор юм. Инкубатор гэдэг нь эрэгчин эмэгчин шувууд өндгөө дулаахан байлгах явц бөгөөд дэгдээхий өсгөвөрлөтөл дунджаар хоёроос гурван долоо хоног шаарддаг. Зарим төрөл зүйлийн эрэгчин эмэгчин шувууд дэгдээхийгээ ээлжлэн өсгөвөрлөдөг бол зарим төрөл зүйлийн шувуу уг ажлыг аль нэгэндээ даатгадаг. Гэхдээ нэг зүйл тодорхой нь тэд үүрээ хэзээ ч хараа хяналтгүй орхиж явдаггүй байна.

Өндөг дарж эхлэхээс өмнө эрэгчин эмэгчин шувууны цээжин хэсгийн өд дугуйран унаж, “brood patch” бий болдог. Энэ нь өднүүд нь зулгарч унан, судсаар баялаг зузаан арьс ил гарахыг хэлж байна. Үүний ачаар эрэгчин эмэгчин шувууд биеийн тэрхүү нүцгэн хэсгээрээ өндгөө дарж, үр зулгазаа илүү дулаахан өсгөвөрлөдөг аж. Тоншуулууд цээжиндээ “brood patch” гаргахын тулд цээжин хэсгээсээ бөөн бөөн үс зулгааж авдаг. Мөн л өдөө зулгаан, биеийнхээ нүцгэн хэсгээр ангайхайгаа илүү дулаан орчинд өсгөвөрлөхийн тулд юм. Өвөл гуужих цаг нь болоход л тэрхүү зулгарсан газар нь шинэ үс ургадаг байна. Өсгөвөрлөх үедээ хамгийн мэдрэмтгий болдог шувууд шинэ гарах үр зулзаганыхаа төлөө өндөг дарахад хамаг цагаа зориулж, тэр ч байтугай идэш тэжээл хайхаа ч багасгадаг ажээ.

Хар толгойт цахлайн “brood patch”

Эрэгчин эмэгчин шувууны аль аль нь үр зулзагаа асарч тойлдог л доо. Гэвч хаан оцон шувууны тухайд үр зулзагаа гэх эцгийн хайр туйлын онцгой байдаг гэнэ. Хаан оцон шувууны эрэгчин нь -60℃ хэмийн хүйтэнд дэгдээхийгээ өсгөвөрлөдөг. Эмэгчин нь өндөглөж, өндгөө зөөлхөн тавимагц эрэгчин нь авч хөл дээрээ тавьж байгаад хэвлийнхээ доод хэсгийн арьсыг ашиглан өндгөө дарна. Улмаар хөлийнхөө өсгийд биеийнхээ хамаг жинг өгч, өндгөө хүйтэн мөсөнд хүргэчихвий гэсэндээ бүх байдлыг нэг бүрчлэн нягтлан үздэг байна. Эмэгчин нь бараг сар хагасын хугацаанд хоолоо сойн өндөглөсний эцэст идэш тэжээл олохоор далайд гарна. Тэгэхэд эрэгчин нь өндгөө дарж дэгдээхэй болтол нь өсгөвөрлөнө. Эрэгчин оцон шувуу өндөг дарахад хоёр сар орчим зарцуулдаг тул бараг хөдөлгөөнгүй, чимээгүй байдалд байна. Тэд өндгөө хадан цохионоос унасан ч, цастай уулын уруу өнхөрсөн ч алдахгүйгээр хамгаалж чаддаг гэнэ шүү.

Ангаахай нь гарах үед эрэгчин оцон шувуу өлсөж үхэхийн даваан дээр тулж ирсэн байдаг аж. Гэсэн ч үр зулзагаа тэжээхийн тулд “оцон шувууны сүү” хэмээх сүүтэй төстэй бодис бөөлжиж гаргаад түүгээрээ үр төлөө хооллодог байна. Эрэгчин оцон шувуу хосоо олж, үр төлөө өсгөвөрлөтөл бараг дөрвөн сарын турш юу ч иддэггүй тул биеийнх нь тал жин хасагдаж, үс нь өрвийж сөрвийн өнгө зүс алддаг байна. Тэр үед эмэгчин нь эргэж ирээд ээлжээ хүлээж авна. Хаан оцон шувууны ангаахай өсгөвөрлөснөөс хойш 45 хоногийн турш аав ээжийнхээ хөл дээр амьдардаг аж.

Нугас, зэрлэг галуу гэх мэт шувуу өндөг дарах явцдаа дэгдээхийнүүдтэйгээ харьцдаг байна. Дэгдээхийнүүд өндгөн дотроо доош харсан байрлалтай байвал өндөгнөөсөө гарах хэцүү байдаг аж. Улмаар өндөгний хальсанд наалдчихаад, гарч чадалгүй үхэх тохиолдол ч байдаг юм байна. Ийм зүйл болохоос өмнө нялх дэгдээхийнүүд өндгөн дотроос дуу авиа гаргаж ээж шувуунаасаа тусламж хүснэ. Тэгэхээр нь ээж шувуу өндөгнүүдээ хошуугаараа өнхрүүлж, өндгөн доторх дэгдээхийнүүдээ “Одоо болсон” гэж дохио өгөхөд нь өнхрүүлэхээ зогсоно. Яг л дөнгөж төрсөн нярай уйлагнан, ээжээсээ тусламж гуйж байгаа мэт.

Эмэгчин шувуу ч мөн уйлж буй дэгдээхийнүүдээ тайвшруулахын тулд дуу авиа гаргана. Энэ нь “Санаа зоволтгүй. Ээж нь үргэлж та нартай хамт” гэсэн утгатай аж. “Үүрээ хадгалдаг” төрлийн шувууд өндгөн дотор байхдаа сонссон эхийнхээ дуу авиаг санаж байдаг. Тэд үүрээ орхин гарахдаа эх шувууныхаа дууг сонсон дагадаг байна.

Өндгөн доторх дэгдээхийнүүд бие биетэйгээ ярилцах нь ч мөн нууцлаг. Энэ төрлийн шувууд ангаахай болсон даруйдаа үүрээ орхидог тул бяцхан шувууд өндөгнөөсөө зэрэг гарах шаардлагатай байдаг аж. Дэгдээхийнүүд өндөгнөөс гарахад бэлэн болбол бөмбөр цохих мэт маш чанга дуу чимээ гаргадаг байна. Энэ нь “Чи бэлэн үү? Би бэлэн!” гэж байгаатай адил. Энэ дууг сонссон бэлэн болоогүй бусад дэгдээхийнүүдийн зүрхний цохилт, амьсгал, бодисын солилцоо идэвхжиж, өсөлтийн хурд нэмэгддэг гэнэ. Ингэснээр нэг үүрний дэгдээхийнүүд өндөгнөөсөө зэрэг гарч ирдэг аж.

Дэгдээхий өндгөө хагалан гарч ирэх нь

Аав ээжийнхээ асар их хайр халамжинд өссөн дэгдээхийнүүд хорвоод гарч ирэхэд бэлэн болсон ч эхнээсээ л бэрхшээлтэй тулгарна. Дэгдээхий өсгөвөрлөх үйл явц ганц удаагаар дуусгавар болчихгүй. Дэгдээхийнүүд өндгөн дотроо эргэлдэж, хошуун дээрх хатуу эд1 ээрээ өндөгний их бие хэсгийг тоншиж эхэлнэ. Тиймээс өндөгний хальсанд од хэлбэртэй ан цав үүсэхэд сая нэг өсгөвөрлөх явц эхэлдэг байна. Өндөг нэлээд удаан хугацаанд хагарсаар л байна. Өндөгний хальсан дээр нүх үүсэхэд нэлээн хугацаа зарцуулна. Дэгдээхийнүүдийн хөл, хүзүүний хөдөлгөөний улмаас өндөг том хагарч, дэгдээхий гарч ирнэ. Тэд өндөгнөөс гарах гэж 48-аас дээш цаг амь өрсөн тэмцдэг тул бяцхан дэгдээхийний хувьд энэ нь туйлын хүнд мөч юм.

1. Хошууны хатуу эд: Хушуун дээр үүссэн хатуу хэсэг бөгөөд хальс эсвэл өндөгний шарыг хагалах үүрэгтэй байдаг. Дэгдээхий өсгөвөрлөж дуусвал энэ нь аажмаар унана.

Өндөгнөөс дэгдээхий өөрийн хүчээр гарахгүй. Аав ээж нь нялх зулзагандаа зориулж үүрийг нь сайтар бэлдэнэ. Тэд үүрэндээ хамаг анхаарлаа хандуулж, дэгдээхийгээ гаран гартал нь хоолоо сойн байж хамгаална. Тэд өндгөө дулаацуулахын тулд гоёмсог өд сөдөө юу ч үгүй зулгаахаас ч буцахгүй. Аав ээжийнхээ асар их хайр халамжийн ачаар нялх үр зулзага нь хорвоотой золгоно.

Эрдэмтэд шувуудын энэ мэт үйлдлийг төрөлхийн зөн совин гэж үздэг. Хэн нэгэн зааж сургах шаардлагагүйгээр анхнаасаа л тэдэнд бий болсон зуршил мэт. Ийм өчүүхнээс өчүүхэн амьтад хэр нь бяцхан үр зулзагаа хайрлах тэдний хайр яаж ийм агуу, сэтгэл уяраам байдаг юм бол оо!

Эх сурвалж
Olin Sewall Pettingill Jr., Ornithology in Laboratory and Field, Academic Press, 1985
Vitus B. Dröscher, Tierisch erfolgreich: Überlebensstrategien im Tierreich (in German), Goldmann, 1996