Бурханы үг мөнхөд байна

1011Үзэлт
Жагсаалт

“Юу болохыг таашгүй” гэлцдэг. Гайгүй байж байтал бэрхшээл тулгарч, овоо баяртай байж байтал гуниглах юм гарч ирээд л, тэгж өгсөж уруудсаар дуусдаг нь энэ дэлхийн амьдрал юм даа. Хүн бүр л өндөр байр суурь, элбэг хангалуун байхыг хүсдэг. Гэвч хичнээн зүтгэж оргилд нь хүрлээ ч эрх мэдэл, нэр хүнд цөм л навч шиг унана.

Энэ газрын алдар нь хэсэгхэн үзэгдээд арилах өглөөний манан мэт, хөөс мэт (Иак 4:14). Олсон юм бүхэн маань үүрд мөнхөд өөрийнх болдог газар тэнгэрийн орноос өөр байхгүй. Бурхан “Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг эрмэлз”, “Хүнд ачаа үүрсэн хүмүүс ээ, Над уруу ирж Надаас суралц. Тэгвэл амралтыг олох болно” хэмээсэн (Кол 3:2, Мат 11:28-29). Бурханы соёрхох бүх юм мөнхийнх. Бидний хүлээн авсан амь ч мөнхийнх, тэнгэрийн оронд бидэнд хаан тахилчийн ерөөл өгнө гэсэн амлалт ч мөнхийнх шүү дээ. Зовлон байхгүй үүрд мөнхөд яруу алдар эдлэх тэнгэрийн орон биднийг хүлээж байгаа. Бид үнэхээр жаргалтай газар байна. Ертөнцийн юутай ч харьцуулшгүй яруу алдрын байр сууринд бид ирсэн тул азтай хүн гэдгээ ухаарч, бие биедээ “Тэнгэрийн орон явах юм чинь хүчтэй байя” гэж хэлцгээе.

Бүх махан бие нь өвс бөгөөд түүний бүх сүр жавхлан нь талын цэцэг мэт гэсэнчлэн түрхэн зуур сайхан дэлгэрч байснаа төд удалгүй хараад байх юмгүй болж хатдаг нь хүмүүний амьдрал. Өвс хатаж, цэцэг гандана. Харин Бурханы үг мөнхөд оршиж хэзээ ч гандахгүй (Иса 40:6-9, 1Пет 1:23-25). Тэнгэрийн оронд хөгшрөлт гэж юм байхгүй. Залуу нас ч мөнх, аз жаргал ч мөнх, сүр жавхлан ч мөнх. Тиймээс л тэнгэрийн орон явах гэж эш үзүүлэгчид тэгтлээ зүтгэсэн хэрэг. Бид Бурханд итгэж, огт гундахгүй мөнх амь, мөнхийн үзэсгэлэн байдаг тэнгэрийн орон заавал явцгаая.

Соломон Бурханд мянган шатаалт тахилаар залбирал өргөж, ард түмнээ зөв захирах мэргэн ухаан гуйхад нь Бурханы сэтгэл уярч эд баялаг хүртэл нэмж өгчээ. Энэ дэлхийд Соломон шиг сүр жавхлан эдэлсэн хүн байхгүй. Нүд хүсэмжилсэн бүхнийг хийж, авахыг хүссэн бүхнээ тэр авсан (Ном.Үгс 2:9-10). Тэгж л амьдарсан Соломон “Бүгд хоосон ажээ” гэж хэлсэн байдаг (Ном.Үгс 1:2-6, 14-17). Мөн тэрээр “Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун” (Ном.Үгс 12:12-13) гэсэн байдаг. Мэргэн ухаан их бөгөөс зовлон ихсэж, эд баялаг арвижих аваас шаналал нэмэгдэнэ. Гэсэн ч Бурханы үгийг сахивал ертөнцийн шунал төрөхгүй, тэнгэрт аз жаргалтай амьдрахаа бодохоор бид баяр хөөртэй байдаг. Тэнгэрийн оронд зовлон байхгүй, баяр хөөр л бялхдаг. Хагацал байхгүй, мөнхөд хамт амьдарна. Бид тийм л тэнгэрийн орон заавал явцгаая.

Итгэлийн өвөг дээдсүүд зовлон их амссан ч сургаалынхаа төлөө амиа золиослон байж итгэлээ сахисан нь тэнгэр дэх мөнхийн хотын төлөө байсан юм (Евр 11:8-16). Бид Бурханы үгийг дуулгавартай дагавал тэнгэрт хот авна. Бурхан алдагдсаныг хайхаар ирсэн тул бид ч бас алдагдсаныг хайх ажилд Бурхантай хамт алхвал их ерөөл хүртэнэ (Лук 19:10, Иох 13:15). Бурханы үгийг сахиж үйлдвэл тэнгэрт асар их шагнал биднийг хүлээж байгаа (Лук 19:15-17, Илч 22:11-12). Тэр ерөөлийг чинь хэн ч булаахгүй.

Та бүхэн авсан энэ үнэнээ үл тоож болохгүй. “Миний тушаалыг сахигч нь Намайг хайрлагч мөн” гэсэн (Иох 14:21). “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор Бурхан хайртай хүмүүстээ тэнгэрт хот бэлдсэн (1Кор 2:9). Хүмүүс үнэт чулуунд дуртай болохоор л Библид “Тэнгэрт бидний амьдрах газрыг үнэт чулуугаар чимэглэсэн” гэж бий. Үнэндээ үнэт чулуутай харьцуулшгүй гоёор одоо чимэглэж байгаа (Илч 21:19-21, 3:10-12). Бурханыг хайрладаг, тушаал сахидаг, бас үр жимс гаргадаг та нарын төлөө, Бурхан одоо хот бэлдэж байгаа.

Бид түгшүүртэй ертөнцөд айдаст автсан хүмүүсийг Сионд ирж тайвшрал ав гэж чиглүүлбэл хичнээн их ерөөл авах бол. Мөнхийн ерөөл өгөх Бурхандаа талархаж, олныг Бурхан руу хөтлөөд тэнгэрт нэрээ од мэт мөнхөд гэрэлтүүлэхийг та бүхнээс хүсье.