Илчлэл 19-р бүлэг болон 22-р бүлэгт гардаг “Хурганы Эхнэр” нь тэнгэр Эхийг хэлж байна. Зарим хүн Библиэс сүмийг Христийн эхнэртэй зүйрлэсэн ишлэлүүдийг л олж гаргаад, Илчлэл номон дахь Хурганы эхнэр нь сүмийг хэлж байгаа гэж ямар ч үндэслэлгүйгээр зүтгэдэг.
“Эхнэрүүд ээ, Эзэнд адил нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. … Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла.” Ефе 5:22
“Бурханы хардалтаар би та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг Христийн өмнө ариун онгон охин мэт аваачих гэж ганц нөхөртэй сүй тавиулсан.” 2Кор 11:2
Дээрх ишлэлд Христийн эхнэрээр сүмийг зүйрлэсэн нь гарцаагүй. Тийм байлаа гээд Илчлэл 19-р бүлэг болон 22-р бүлэгт гарч байгаа Хурганы эхнэрийг сүм (итгэгч) гэж хэлж болохгүй. Библид “Хурганы эхнэр” гэсэн нэр томьёо нь хоёр утгатай тул яг утгыг нь мэдэхийн тулд тухайн өгүүлбэрийнхээ дагуу харах хэрэгтэй.
Хоёр өөр утга агуулсан “Хурга”
Библид нэг үгийг хоёроос дээш утгаар тайлбарлах тохиолдол ч их гардаг. Үүний төлөөлөл бүхий жишээ нь “Хурга” юм.
“Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс, Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хургануудыг минь тэжээ гэлээ.” Иох 21:15
Энд “Хурга” гэж итгэгчдийг зааж байна. Харин доорх ишлэлд гарч байгаа “Хурга” нь итгэгчдийг заагаагүй.
“Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга.” Иох 1:29
Энд “Хурга” гэж Есүсийг зааж байна. Харин бусад ишлэлд хурга гэж итгэгчийг заасан гээд энэ ишлэлд гарч байгаа Хургыг ч бас Христ биш итгэгч гэж болох уу? Ингэж тайлбарлаж болохгүй. Хэдийгээр Библийн өөр бусад ишлэл дэх хурга нь итгэгчдийг заадаг ч гэлээ Иохан 1:29-д гарч байгаа “Хурга” нь Христийг бэлгэддэг. Нэг үгээр хэлбэл “хурга” гэсэн үг Библийн олон ишлэлд гардаг ч тухай тухайн өгүүлбэрийнхээ дагуу утга нь өөрчлөгддөг.
Хоёр утга агуулсан “Хурганы эхнэр”
“Хурганы эхнэр” гэсэн үг ч мөн ялгаагүй. Библийн ишлэлүүдэд яг адилхнаар “Хурганы эхнэр” гэж илэрхийлсэн боловч ямар өгүүлбэр гэдгээсээ шалтгаалаад утга нь мэдээж өөрчлөгддөг. Ефес 5-р бүлэг ба 2Коринт 11-р бүлэгт Христийн эхнэр нь сүмийг (итгэгчдийг) хэлдэг. Гэвч дараах ишлэлд Хурганы (Христийн) эхнэр нь сүмийг (итгэгчдийг) хэлээгүй.
“Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. … Тэр надад —Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ! …” Илч 19:7-9
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17
Илчлэл 19-р бүлэг болон 22-р бүлгийн үгийг нэгтгэн дүгнэвэл Хурга болон Түүний Сүйт бүсгүй (Эхнэр) хуримын найр хийж, уригдсан хүмүүст амийн усны ерөөл өгнө гэсэн үг юм. Энд уригдагсад нь хуримын найрын зочдын хувиар амийн усыг авах итгэгчдийг хэлж байна. Хурганы Эхнэр нь амийн усыг өгөх Аврагчийг хэлдэг. Өөрөөр хэлбэл Хурганы Эхнэр бол итгэгч байх боломжгүй. Библид Хурганы Эхнэр бол гагцхүү Аврагч болох тэнгэр Эх гэж зааж байна. (Илч 21:9, Гал 4:26)
Библийн үгийг зөвхөн нэг утгаар л тайлбарладаг бус, нэг үгийг хоёроос дээш утгаар тайлбарлах тохиолдол ч их гардаг. Гэвч өгүүлбэрийн утгыг бүхэлд нь бодож цэгнэлгүйгээр нэг үг зөвхөн нэг л утгатай гэж зүтгэх нь Библийн үгийг мушгин гуйвуулахад, эцэст нь Бурханы хүслийг гажуудуулахад хүргэдэг.